Судалгаа: 15 настай үеийн шалгалтын стресс насанд хүрсэн хойно ч сэтгэл гутралд хүргэдэг


Э.Баярцэцэг | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Сурагч байхдаа шалгалтандаа хэт их санаа зовох, гэр бүлийнхний зүгээс ирэх сурлагын дарамт нь ирээдүйд сэтгэл зүйн ноцтой асуудал үүсгэдэг болохыг шинэ судалгаагаар тогтоожээ.

University College London-ийн судлаачид 1990-ээд оны эхээр төрсөн 5,000 орчим залуусын өгөгдөл дээр үндэслэн нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Тэд хүүхдүүдийг 15 настай байхаас нь эхлэн 24 нас хүртэл нь ажигласан байна.

ҮР ДҮН НЬ НЭЛЭЭД ТҮГШҮҮРТЭЙ:

  • 15 настайдаа хичээлдээ хэт их санаа зовж, ар гэрийн зүгээс "онц сур" гэсэн шахалтад байсан хүүхдүүд насанд хүрсэн хойноо сэтгэл гутралд өртөх, өөрийгөө гэмтээх (self-harm) магадлал хамаагүй өндөр байна.
  • Сурлагын дарамтын оноо 1-ээр нэмэгдэх тутамд 16 насандаа сэтгэл гутралд орох эрсдэл 25%, өөрийгөө гэмтээх эрсдэл 8%-иар өсдөг аж.
  • Бүр ноцтой нь, 15 настайдаа сургуулийн стресст их өртсөн залуус 24 нас хүрэхдээ амиа хорлох оролдлого хийх магадлал бусдаас 16%-иар илүү байжээ.

МЭРГЭЖИЛТНҮҮД ЮУ ХЭЛЭВ?

Профессор Жемма Льюис: "Залуусын хувьд сурлагын амжилт бол стрессийн хамгийн том эх үүсвэр. Мэдээж тодорхой хэмжээний шахалт нь хүүхдийг идэвхжүүлж болох ч, хэтэрвэл сэтгэцийн эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хохирол учруулдаг."

Young Minds байгууллагын төлөөлөгч Пол Ноблет: "Шалгалтын онооноос илүү хүүхдийн сэтгэл зүй чухал. Бид зөвхөн эцсийн шалгалтаар хүүхдийг үнэлдэг тогтолцоогоо өөрчилж, үнэлгээний олон төрөлт аргыг ашиглах хэрэгтэй."

ШИЙДЭЛ НЬ ЮУ ВЭ?

Судлаачид сургуулиуд болон эцэг эхчүүдэд дараах зөвлөгөөг өгч байна:

  • Сургуулиуд: Зөвхөн "өндөр босготой" шалгалтуудад анхаарах биш, сурагчдын сэтгэл хөдлөлөө удирдах чадвар болон амралт, бясалгалын арга техникт сургах хэрэгтэй.
  • Гэр бүл: Хүүхдэдээ сурлагын дарамт шахалт үзүүлэхийн оронд хангалттай унтаж амрах, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх болон идэвхтэй хөдөлгөөн хийхийг нь дэмжих хэрэгтэй.

Сонирхолтой баримт: Өнгөрсөн жилийн судалгаагаар 15-18 насны залуусын гуравны хоёр нь шалгалтын үеэр сэтгэл зүйн асар их дарамтад ордог гэдгээ хэлсэн бөгөөд дөрвөн хүүхэд тутмын нэг нь сандрах дайралтод (panic attack) өртөж байжээ.

Хичээл чухал ч, чиний сэтгэл зүйн эрүүл мэнд юунаас ч илүү үнэтэй гэдгийг битгий мартаарай! 

Эх сурвалж: theguardian.com

#шалгалт #сэтгэлзүй