Аз жаргалтай, тайван, стрессгүй амьдрахад туслах Японы 5 арга


С.Оюундарь | YOLO.MN
УРЖИГДАР

Япон улс нь зөвхөн соёл, технологиороо ч бус мөн амар амгалан, аз жаргал, тэнцвэртэй амьдралыг сургадаг философиороо алдартай билээ. Японы ихэнх сайн сайхан амьдралын хэвшил нь хүний оюун ухааны ухамсарт байдал дээр үндэслэгддэг бөгөөд тэдгээр нь биднийг хэрхэн аз жаргалтай, зорилго тэмүүлэлтэй, стресс багатайгаар амьдрахыг заадаг. Өнөөгийн стресс, ядаргаа нь илүүдсэн дэлхийд Японы эдгээр аргуудыг хэрэгжүүлснээр таны амьдрал бага ч гэсэн амар амгаланг олно гэдэгт итгэлтэй байна.

Икигай – Амьдралынхаа зорилгыг олох нь

Икигай хэмээх ойлголт нь “оршихуйн утга учир” гэсэн утгатай. Энэ нь хүний хүсэл тэмүүлэл, авьяас чадвар, амьдралын зорилго гурвын огтлолцлын цэгийг илэрхийлдэг бөгөөд уг огтлолцол нь хүнийг амьдралдаа хийж буй зүйлээсээ таашаал аван аз жаргалтай амьдрахад тусалдаг.

Икигайг хэрэгжүүлснээр хүмүүний амьдрал илүү утга учиртай, зорилго, чиглэлтэй болдог тул түгшүүр болон эргэлзээ зэрэг мэдрэмжүүдийг багасгадаг гэж үздэг байна. Ерөнхийдөө бол таны мэдэрч буй сөрөг мэдрэмжүүдийн оронд, цаашид юу хийх ёстойг тана тодорхой ойлгуулж, өдөр бүрийг эрч хүчтэйгээр даван туулах хүчийг олгодог гэж үздэг.

Шинрин – Ёоку – Ойд уусах нь

Японы уламжлалын дагуу эх дэлхийтэйгээ холбогдох нь стрессийг бууруулж, сэтгэл зүй болон бие махбодын эрүүл мэндийг нөхөн сэргээдэг гэж тайлбарладаг. Ойд уусах гэдгийг ууланд авирах эсвэл агаарт дасгал хийх мэтээр ойлгож байвал том эндүүрэл шүү. Та ямар ч биеийн хүчний үйлдэл хийх шаардлагагүй бөгөөд зүгээр л ой модон дунд зогсоод гүнзгий амьсгаа авч, эргэн тойрныхоо гоо үзэсгэлэнг анзааран, технологиос түр ч гэсэн хол байх нь шинрин-ёокуг хэрэгжүүлж байгаа гэсэн үг юм. Ердөө 20 минутын хугацаатай байсан ч энэ нь үр нөлөөгөө өгч, уур бухимдал болон оюуны ядаргааг бууруулахад хангалттай гэж үздэг.

Кайзен – Тасралтгүй хөгжих философи

Кайзен гэж илүү сайхан ирээдүйн төлөө өөрчлөгдөх гэсэн утгатай. Энэхүү философи нь хүн амьдралдаа гэнэтийн том өөрчлөлт хийх бус өдөр бүр бага багаар хөгжих ёстой гэж сургадаг. Анхандаа кайзеныг Япон улсын ажилчин ангиуд л хэрэглэдэг байсан боловч яваандаа дэлхий даяар хүмүүс хувийн өсөлт хөгжил болон стрессээ удирдах арга хэрэгсэл болгон өргөнөөр ашиглах болжээ. Өмнөө тавьсан зорилготоо хүрэхийн тулд өдөр бүр бага багаар алхам хийх нь таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх ач тустай юм.

Ваби – Саби – Төгс бусыг хүлээн зөвшөөрөх нь

Асар хурдацтай хөгжиж буй энэ ертөнцөд хүн болгон л нэгнийхээ дээр гарахыг хичээдэг болжээ. Бүх зүйл нь өрсөлдөөн болж хувирсан энэ дэлхийд амар тайван амьдарна гэдэг тун хэцүү. Үүний үр дүнд хүмүүс төгс зүйлийн ардаас ухаан жолоогүй улайрдаг. Харин ваби – саби нь хүнийг төгс бус зүйлийн гоо үзэсгэлэнг анзаарч юмсын үүрдийн бус шинжийг анзаарахыг заадаг. Ваби – сабигаас бид, юмс үнэ цэнтэй байхын тулд заавал төгс байх албагүй, амьдралыг байгаагаар нь хүлээж авах нь өөрөө төгс төгөлдөр юм гэдгийг ойлгож авах нь гол юм.

Кинцуги – Алтаар эмчлэх нь

Кинцуги нь аливаа эвдэрсэн зүйлийг алт, мөнгө, үнэт эдлэлээр нөхөхийг номлодог. Сул талаа давуу тал болгох гэсэн утгыг илэрхийлдэг гэсэн үг. Уг үзлээр хүнийг хойш нь татдаг тэдгээр бүх зан чанар биднийг илүү үзэсгэлэнтэй болгож байдаг буюу өөрийгөө байгаагаар нь хүлээж авах ёстой. Сэтгэлийн сорив, шархыг нуухын оронд тэднийг илүү тодотгон бахархалтайгаар амьдрах нь философийн нэгэн утга юм.

Эх сурвалж: Times Entertainment

#зөвлөгөө