

Шинэ үеийнхэн ажлын талбарт гарч ирснээр дэлхий ертөнц тэднийг Миллениалуудаас өөрөөр харж, өөрчлөлтийг хүлээж эхэллээ. Тэгвэл тэдний амьдралыг үзэх үзэл, дадал зуршил яг юугаараа өөр вэ? Gen Z-ийг тодорхойлох гол онцлогууд юу вэ?
Pew Research Center-ийн тодорхойлсноор 1997 оноос хойш төрөгсдийг Gen Z, харин 1981-1996 оны хооронд төрөгсдийг Миллениал гэж үздэг. Наснаас гадна эдгээр хоёр үеийнхнийг ялгах гол шинжүүдийг сонирхоцгооё.
1. Тэд интернэтгүй ертөнцийг мэдэхгүй
Миллениалууд технологи хөгжөөгүй үед хүүхэд насаа өнгөрүүлсэн бол Gen Z-ийнхэн ухаалаг утастайгаа хамт өссөн. National Retail Federation болон IBM-ийн судалгаагаар Gen Z-ийнхэн цагийнхаа 70 гаруй хувийг онлайн орчинд өнгөрүүлдэг гэжээ.
2. Төрөлхийн энтрепренерүүд
Технологийн өндөр мэдлэгтэй байх нь тэдэнд маш том давуу тал болдог. Өсвөр насны уламжлалт ажлуудыг хийхээс илүүтэйгээр YouTube-ээр дамжуулж мөнгө олох эсвэл өөрийн бүтээгдэхүүнээ онлайнаар борлуулах зэрэг шинэлэг аргаар санхүүгээ бүрдүүлж байна. Судалгаанд оролцогчдын 22 хувь нь онлайнаар орлого олдог гэж хариулжээ.
3. Нийгмийн хариуцлага ба "Ногоон үе"

Nielsen-ийн зүгээс тэднийг "Ногоон үе" (Green Generation) хэмээн нэрлэжээ. Gen Z-ийнхэн тогтвортой хөгжлийг дэмждэг компаниудыг илүүд үздэг. Миллениалууд Hollister зэрэг том логотой брэнд хөөдөг байсан бол Gen Z брэндээс илүү өвөрмөц байдлыг чухалчилдаг. 15-20 насны залуусын 70 гаруй хувь нь нийгэм болон байгаль орчинд эерэг нөлөө үзүүлдэг компаниудын бүтээгдэхүүнд илүү их мөнгө төлөхөд бэлэн байдаг байна.
4. Тэд илүү их стресстдэг
2018 оны судалгаагаар Gen Z-ийнхний 90 гаруй хувь нь сүүлийн нэг сард стрессээс үүдэлтэй бие махбодь болон сэтгэл зүйн ямар нэг шинж тэмдэг мэдэрсэн гэжээ. Улс төрийн тогтворгүй байдал, цаг уурын өөрчлөлт, нийгмийн аюулгүй байдал зэрэг нь тэдний сэтгэл зүйд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйлс болж байна.
5. Мөнгөнд хандах хандлага нь илүү практик
Миллениалуудаас илүү их зарцуулах чадвартай хэдий ч тэд санхүүдээ маш хянуур ханддаг. Чанартай бүтээгдэхүүн, хамгийн ашигтай хямдралыг хайж, шийдвэр гаргахаасаа өмнө олон талаас нь судалдаг. Тэд эцэг эхийнхээ эдийн засгийн хямралд өртөж байхыг харж өссөн тул маш эртнээс мөнгө хадгалж эхэлдэг байна.
6. Тэд "хуурамч" зүйлийг шууд л мэдэрдэг
Gen Z-ийнхэн ил тод байдлыг хамгийн их чухалчилдаг. Тэд сурталчилгааны пост болон уламжлалт зар сурталчилгааг төвөггүй ялгаж чаддаг. Тэдэнд бүх зүйл бодитой, үнэн (authentic) байх нь хамгийн чухал. Багаасаа асар их мэдээлэл дунд өссөн учраас брэндүүдийн цаад зорилгыг тайлж уншихдаа гаргууд.
7. Хамгийн олон талт бөгөөд нээлттэй үе
Тэд бол түүхэн дэх хамгийн олон үндэстэн, угсаатнаас бүрдсэн үе юм. Зөвхөн гарал үүсэл төдийгүй жендэр, бэлгийн чиг баримжааны хувьд ч маш нээлттэй ханддаг. Судалгаанд оролцогчдын 38 хувь нь "жендэр хүнийг тодорхойлдог гол хүчин зүйл байхаа больсон" гэдэгтэй санал нэгджээ.

Эх сурвалж: seventeen.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!