Бодлын загварчлал: Хүн өдөрт хэдэн бодол боддог вэ?


YOLO.mn | YOLO.MN
ӨЧИГДӨР

Өөрийн гэсэн бодол, үзэл бодол, үнэт зүйлгүй хүмүүс үлгэр бүхэнд итгэж, үнэн худал бүхэн рүү “савлаж” амьдардаг.

Бодол гэдэг хүний оюун санааны дотоод системийн үйлдвэрлэл, тархины үйл ажиллагаанаас үүсдэг сэтгэх үйл явц. Бидний бүтээсэн нийгэм бидний бодлуудын загварчлалын дэлгэгдмэл дүр зураг. Бид бодлоо өөрчлөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй. Бодлоо өөрчлөхөд боловсрол хэрэгтэй.

Далай мэт танин мэдэхүйн орчлоос уншиж, судалж өөрсдийн бодлоо цэгцэлж байж өөрсдийн гэсэн үзэл бодол, ертөнцийг үзэх үзэл тогтоно. Бодлоо эмхэлж цэгцлэнэ гэдэг системчлэн загварчилж буй явц.

1. ХҮНИЙ ӨДӨРТ БОДОХ БОДЛЫН ТОО

Канадын Хатан Хааны Их Сургууль (Queen's University)-ийн судлаачид (Tseng, J., & Poppenk, J. (2020). Brain meta-state transitions demarcate thoughts across task contexts exposing the mental noise of trait neuroticism. Nature Communications, 11(1), 3480.) 2020 онд тархины дүрслэл ашиглан нэгэн судалгаа хийсэн байдаг.

Судалгаанд 184 хүн оролцсон ба тархины идэвхжил өөрчлөгдөх мөч буюу нэг бодлоос дараагийн бодолд шилжих давтамжийг тархины fMRI (Functional Magnetic Resonance Imaging) ашиглан хэмжиж үүнийгээ шинэ бодол эхэлж байна хэмээн тооцон бодлын шилжилт (thought transition) гэж нэрлэв. Ийн бодол шилжих үйл явцыг ажиглан хүний өдөрт бодох бодлын тоог гаргасан.

Шинэ бодлын шилжилт, өөрчлөлтийг тооцоолоход бодлын агуулга анзаарагдахгүй. Зөвхөн тархин дахь бодлын шилжилт хэрхэн өөрчлөгдөж байгааг тоолж тооцоолсон. Эл судалгаагаар хүн өдөрт дунджаар 16 цаг сэрүүн байна гэж үзвэл минутад 6.5 бодол буюу өдөрт 6240 бодол боддог болж таарсан. Монгол хүний дундаж наслалт 72 гэж үзвэл хүн амьдралдаа 172,074,240 бодол боддог байх нь.

Хүний өдөрт боддог бодлуудын тоог шинжлэх ухааны аргаар яг бодитоор хэмжих нь амар биш. Учир нь “бодол” гэж яг юуг хэлэх вэ гэдгийг тодорхой тодорхойлж, тогтоохоос эхэлнэ. Өдөрт боддог бодлуудын тоо зөрдөг гол шалтгаан нь бодол гэдэг ойлголт тодорхой биш, бодлын тодорхойлолтууд зөрдөг мөн хэмжих аргууд өөр учраас тэр. Зураг, дурсамж, мэдрэмж энэ бүгдийг бодол гэж тооцох уу, үгүй юү гэдгээс тооны зөрүү эхэлдэг.

Бодлын ихэнх нь буюу зарим судалгаагаар 90–95% нь давтагддаг байна. “Бодол” гэдэг нь тодорхой хэмжигдэх ойлголт биш бодлын чанар, хэлбэр, ухамсарт эсэх зэргээс шалтгаалан янз бүр байдаг.

Зарим тоонд зөвхөн ухамсарт бодлыг тооцдог, зарим нь санамсаргүй бодол, төсөөлөл зэргийг ч тооцдог. Бодлыг ухамсартай, ухамсаргүй, санаатай, санамсаргүй, төсөөлөл төдий, дотоод хүүрнэл, элдэв дүрс, санаа, давтагдсан бодлууд, богино хугацааны сэтгэл хөдлөл гэх мэт ерөнхийлөн ангилдаг. Сүүлийн үеийн судалгаа зөвхөн ухамсартай, анзаарагдсан бодлыг л бодол гэж үзэх болсон.

Мөн тархины цахилгаан долгионыг EEG (electroencephalogram)-ээр хэмжих болон өөрийн бодлыг өөрөө тэмдэглэн тоолох, бодол бодогдох бүрийд товч дарж тэмдэглэх хэрэглүүр зэрэг туршилтын олон арга бий.

Хуучин судалгаануудад өдөрт бодох бодлын тоог ихэвчлэн 12,000-60,000 мөн 50,000-70,000 эсвэл түүнээс дээш ч гарсан таамаглал тооцоолол бий. Гэхдээ эдгээр дүнг шинжлэх ухааны хатуу үндэслэлгүй гэж үздэг.

2. СУУРЬ БОДОЛ

Бид бага байхаасаа хүрээлэн буй орчны элдэв үзэгдлийн талаар бусдаас асууж, шалгааж эхэлдэг. Тийн асууж тодруулснаа бодож эхэлдэг. Нэг ёсондоо суурь, үндсэн бодлуудаа ингэж цуглуулдаг. Яг л энэ мөчөөс бид сайн муу, зөв буруу, эерэг сөрөг, саармаг бодлуудын тухай дэнсэлж эхэлдэг.

Ямар аав ээж, ямар эмээ өвөө, ямар найз нөхөд, ямар ном, ямар багштай байж, ямар бодол цуглуулна тийм л болно. Суурь бодлууд яасхийж цугларна суурь хүмүүжил тэгж л тогтдог. Боловсролын системийн нэг гол үүрэг бол иргэн хүнийг зөв бодолтой, зөв зорилготой болгох суурь дархлааг багаас нь бий болгох.

Суурь хүмүүжил гэдэг суурь бодлуудыг зөв, эерэгээр төлөвшүүлж бүрэлдүүлэх тухай ойлголт. Манай боловсролын систем энэ тал дээрээ хангалттай сайн ажилладаггүй. Сайн боловсруулаагүй хөтөлбөр тулгадаг, хөтөлбөр байлаа ч хэрэгжүүлдэггүй, хэрэгжих явцад хяналт тавьдаггүй. Мод тариад арчиж тордож зөв ургуулах нь чухал байдаг шиг хүүхдүүдийг мөн ялгаагүй төрүүлээд орхих биш хүмүүжүүлж, чиглүүлэх нь чухал. Энэ тал дээр анхаараагүйгээс болоод хангалттай боловсорч чаддаггүй.

Хангалттай боловсроогүй боловсрол нимгэн хүмүүс бусдын бодлуудаар өөрийн тархийг дүүргэж амьдардаг. Тэд энд тэнд бодлоо яриад явдаг ч яг үнэндээ бусдаас сонссон бусдын бодлыг л яриад явдаг. Иймээс суурь боловсролын зарим хөтөлбөрт хүүхдүүдийн бодлуудыг эмхэлж цэгцлэх хөдөлгөөнийг суурь судалгаануудад түшиглэн өрнүүлмээр санагддаг. Цэцэрлэг, бага, дунд сургуульд буруу, сөрөг бодлуудтай хүүхдүүдээс зөв, эерэг бодлуудтай хүмүүжиж буй хүүхдүүдэд харилцааны буруу хандлага халдварлах нь их байдаг.

Сайн бодож боловсруулсан боловсролын хөтөлбөр гэдэг суурь бодлуудын дархлааг суулгаж суурь “зөв” бодлуудыг загварчилж өгдөг. Гэтэл боловсролын систем сөрөг бодол бүрэлдэх орчин, нэвтрэх “хаалга”-нуудад хяналт тавьдаггүй. Үүнээс болж ихэнх хүүхдүүд бага наснаасаа сөрөг бодлуудаас мултарч гарч дийлэхээргүй торлогддог.

Сөрөг агуулга бүхий зүйлсээс яагаад зайлсхийх шаардлагатай вэ гэхээр хүний оюун санаанаас цэвэрлэгдэж устахдаа удаан, хор хөнөөл ихтэй байдаг учраас тэр. Зүй нь хүн буруу, муу, сөрөг бодлуудаа гээж сайн, зөв, эерэг бодлуудаа түүж амьдрах ёстой.

Бурхан багшийн сургаалд “Бид бол өөрсдийнхөө бодлын үр дүн, бидний бодол биднийг бий болгосон” хэмээн өгүүлдэг (Дхаммапада).

Харин Библид “... юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтайг мөн аливаа сайн үйл байвал, магтууштай ямар нэгэн юм байгаа бол тэдгээр юмсыг бодож санацгаа” буюу “Үнэн, зөв, эрхэм, хүндэтгэлт, цэвэр ариун, сайн сайхан, магтаж сайшаах зүйлсийг бодож бай” хэмээжээ (Филиппой 4:8).

Мөн “Хүн зүрхэндээ юу бодно, тэр тийм л хүн” (Сургаалт үгс 23:7). Эдгээр нь бодол хүнийг тодорхойлдог ба бодлоо хянаж, зөв чиглүүлэх хэрэгтэйг чухалчилдаг.

Куран сударт “Та нар доторхоо ил гаргасан ч, нуусан ч Аллах тооцно” (Аль-Бакара 2:284) гэж хэлдэг. Бодол, санаа нь Бурханд бүрэн ил тод бөгөөд хүний үйлдлийн үндэс болдог. Хүний үйлдлийг зөв чиглүүлэхийн тулд бодох бодолдоо хүртэл хянамгай хандахыг сануулдаг. Бодол нуугддаггүй, бодол бол хариуцлага, зүрх бол бодлын төв, ёс суртахууны үндэс ч гэдэг.

Ийн үлгэр, домог, шашин, философи, шинжлэх ухаан бүгд сайн муу бодлыг дэнслэн загварчлах үзэл санаагаар баялаг байдаг.

3. БОДЛЫН АНГИЛАЛ

Хөөсөрсөн олон бодлыг ангилж чадаад тус тусынх нь савд хуваарилж үүрэг зорилгоор нь бүртгэлжүүлвэл маш их ашиг тустай. Бодлын үйлдвэрлэл хэр сайн ажиллах тусам өгөөжтэй шинэ санаа төрж, шинэ санаа арвижих бүр

үзэл санаа болж тогтоно. Өөрсдийн гэсэн зөв үзэл бодолтой хүмүүс ус агаар шиг хэрэгтэй болсон цаг.

Бидний бодол сонгуулийн үр дүн, замын түгжрэл, архи тамхины хэрэглээ, гэр бүл, үр хүүхэд, ирээдүй, сургууль цэцэрлэг, ажил амьдрал, орлого зарлага, улс төр, эдийн засаг, эрүүл мэнд, байгаль, цаг агаар, эх орон, элгэн садан гэх мэт цөөн хэдэн сэдвийн хүрээнд ихэвчлэн ээрэгддэг.

Ертөнцийг үзэх үзэл, үзэл бодол тогтоогүй хүмүүс мэдээллийн савлагаа, туйлшрал, хийрхэлд өртөх нь амархан. Хүмүүсийн өдөрт бодох бодлын тоо хязгаартай. Тэрхүү хязгаарлагдмал тоонд өөрсдийн ашиг сонирхлоо шигтгэж нөлөөлөхийн тулд зар сурталчилгаанаас эхлээд олон хүчин зүйл нөлөөлөхийг оролддог.

Хүний бодолд хэвлэл мэдээлэл, сошиал медиа, реклам, зар сурталчилгаа, урлаг, гэр бүл, найз нөхөд, багш, хамт олон, сэтгэл зүйн хүчин зүйл буюу сэтгэл хөдлөлүүд хамгийн их нөлөөлдөг.

Сэтгүүл зүйд мэдээлэх, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх үүргээс гадна мөн зугаацуулах үүрэг (Entertainment) гэж бий. Гэтэл манайд танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх үүргээ чухалчилдаг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд цөөрч зугаацуулах үүргээр дагнагсад олширч буй нь харамсалтай.

Оюун санаандаа ямар өгөгдөл цуглуулж ямар өгөгдөл гээхээ хувь хүн өөрөө шийддэг ч суурь боловсролын хөтөлбөрүүд багаас нь мэдээллийг шүүн тунгаах чадвар олгож чадаагүйгээс болоод “агаарын бохирдол”, “дуу чимээний бохирдол” шиг “бодлын бохирдол”-д орчихсон хүмүүс ихэссэн.

Хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн, доктор профессор Чой. Лувсанжав нэгэнтээ “Дэмий юм бодон, дэмий юм санаж, дэмий юм ярих хэрэггүй, бодох л юмаа бодож хийх л юмаа хий” хэмээн ихэд чухал санааг хэлсэн байдаг. Энэ захиасаас “...бодох л юмаа бодож, хийх л юмаа хий” гэдэг санаа хамгийн чухал санаа санагддаг.

Бодох гэсэн чухал зүйлээ бодох тусам бодох шаардлагагүй зүйлс сарниж бодол ангилагдаад бодож буй чухал, зөв бодол хүч орно гэсэн үг. Бодлын хүч гэдэг энэ. Мөн элдэв зүйлд сатааралгүй өөрийнхөө “суурь бодол”-ыг гартаа авна. Үүнд зорилго маш чухал. Зорилгоо том, өргөн хараад зориход болсон болоогүй бодлуудын гээгдэж хийсэх нь хийсээд хэрэгтэй бодлууд нь хураагдаад зорилгын ай савд хуримтлагдаж бодлын хүчийн хүрээг өргөтгөж чанаржуулан бодол маш цэгцтэй ангилагдана.

4. БОДЛЫН ХУРД

Судалгаагаар хүний тархи секундэд ойролцоогоор 10 бит мэдээлэл боловсруулж чаддаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл бид маш их мэдээлэл хүлээж авдаг ч бага хэсгийг нь “бодол” болгон ашигладаг. Жишээ нь секундэд 10 бит гэдэг нь ойролцоогоор 1–2 үг унших, нэг жижиг шийдвэр гаргах эсвэл нэг энгийн бодол боловсруулахтай адил. Энэ нь бидний тархи секундэд бага хэмжээний мэдээллийг ухамсартайгаар бодож чадна гэсэн үг.

2024–2025 онд нейробиологич Жиею Жэн (Jieyu Zheng) болон Маркус Майстер (Markus Meister) нарын судалгаанд хүний “ухамсартай бодол” боловсруулах хурд 10 бит/секунд гэж тогтоосон. Яагаад энэ судалгаа чухал вэ гэхээр, тэдний судалгааны үндсэн санаа нь хүний тархи хязгаарлагдмал хурдтай гэдгийг сануулж, тархи маш их мэдээлэл хүлээн авдаг ч шийдвэр гаргах хурд хязгаарлагдмал гэдгийг нотолж оюун ухаанд хурдны хязгаар (speed limit) байдаг гэдгийг харуулсан.

Хүний мэдрэхүй (хараа, сонсгол, үнэр гэх мэт) секундэд ойролцоогоор 1 тэрбум бит мэдээлэл цуглуулдаг. Харин ухамсартай бодол секундэд 10 бит орчим л боловсруулдаг. Бидний мэдрэхүй хэт их мэдээлэл авдаг ч тархи зөвхөн хамгийн чухал 10 битийг сонгож ашигладаг гэсэн үг. Энэ нь анхаарал, ухамсар, шийдвэр гаргах зэрэгтэй шууд холбоотой.

Өөрөөр хэлбэл, тархи асар их мэдээллийг шүүж, зөвхөн чухал хэсгийг нь бодолд ашигладаг. Яагаад тархи секундэд 1 тэрбум бит мэдээлэл авдаг атлаа бид зөвхөн нэг зүйлд төвлөрдөг вэ гэхээр энэ нь тархины “мэдээллийн шүүлтүүрийн систем”-тэй холбоотой.

Хүний бодлын бас нэг онцлог нь нэг л бодлыг боловсруулж, нэг л бодлын шугамаар явдаг. Олон бодлыг зэрэг боловсруулах боломжгүй. Бодох процесс нэг урсгалаар явдаг учир бид нэг дор олон бодлыг бүрэн бодож боловсруулж чаддаггүй гэж судлаачид үздэг. Иймд бодох л зүйлээ бодож, хийх л зүйлээ эерэг, зөв, сайн хийж байваас хүний тархи бодлын бохирдлоосоо салж цэгцэрнэ гэсэн үг.

Бодлуудын “нүүдэл”, “суурьшил”, “шилжилт хөдөлгөөн”-ийг зохицуулж бодол санаагаа ангилж, сэтгэл санаагаа удирдаж сурснаар бодлын чанар нэмэгдэнэ.

Луваанжалбын Батнасан
БНЭнэтхэг улс. Дели хот.
2026 оны 03 са

 

#бодол