
Нүүрээ угаах нь арьс арчилгааны хамгийн амархан алхам мэт юм шиг мөртөө жижигхэн алдаа арьсанд тань муугаар нөлөөлдөг.
1. Хэт олон удаа (эсвэл хангалтгүй) угаах

Нүүрээ цэвэрлэх нь чухал ч, олон угаах нь сайн гэсэн үг биш. Өдөрт хоёр удаа (өглөө, орой) угаахад л хангалттай. Хэт олон удаа угаавал арьсны байгалийн тосыг алдаж, хуурайшилт болон арьсны тосны хэт их ялгаралт (батга) үүсгэнэ.
Харин сайн угаахгүй байвал бохир, хөлс, тоосжилт арьсанд хуримтлагдаж арьсны нүх бөглөрөх ба өнгө нь бүдгэрнэ.
2. Хэт халуун эсвэл хэт хүйтэн усаар угаах

Усны хэт халуун эсвэл хүйтэн байдал нь арьсыг цочроодог. Халуун ус арьсны хамгаалах тослог давхаргыг арилгаж, хамгаалалтыг эвддэг бол мөстэй ус тос, бохирыг хангалттай уусгадаггүй. Хамгийн зөв нь бүлээн ус юм. Бүлээн ус нь арьсыг цочроохгүйгээр бохирыг цэвэрлэж чаддаг.
3. Буруу арчих

Нүүрээ угаасны дараа хүчтэй үрж арчих нь арьсны жижиг гэмтэл, улайлт цочрол үүсгэдэг. Зөөлөн дарж арчих ба нэг алчуураа олон дахин хэрэглэхгүй байх ёстой. Алчууранд нян бактери амархан үрждэг.
4. Цэвэрлэгчийг буруу хэрэглэх

Цэвэрлэгчийг түрхээд шууд угаах нь буруу. Олон хүн цэвэрлэгчийг хэт хурдан түрхээд, арьсанд шингээж амжаагүй байхад угаачихдаг. 20–30 секундийн турш дугуй хөдөлгөөнөөр зөөлөн иллэг хийж тос, бохир, будгийг уусгаарай. Мөн гараа угааж байж цэвэрлэгч түрхэх хэрэгтэй.
5. Хэт их гуужуулах

Гуужуулалт нь үхэжсэн арьсыг цэвэрлэж шинэ арьсыг гаргадаг ч хэтрүүлбэл арьсны хамгаалалт суларч, улайх, хуурайших, эмзэгших аюултай. Арьсны төрөлдөө тохируулан долоо хоногт 1–3 удаа л гуужуул. Хатуу скраб биш, зөөлөн гуужуулагч сонго.
6. Арьсны төрөлдөө тохирохгүй бүтээгдэхүүн хэрэглэх

Хэт хүчтэй цэвэрлэгч арьсыг хуурайшуулах, хэт өтгөн найрлагатай нь нүх бөглөрөх эрсдэлтэй.
7. Цэвэрлэсний дараа чийгшүүлэгч түрхэхгүй байх

Нүүр угаасны дараа арьс чийгээ алддаг. Хэрвээ шууд чийгшүүлэгч түрхэхгүй бол арьс усгүйжиж, хамгаалах давхарга нь сулардаг. Угааснаас хойш 60 секундийн дотор чийгшүүлэгч түрхэж чийгийг “түгжих” хэрэгтэй.
8. Нүүрээ угаасныхаа дараа шүдээ угаах

Шүд угаасны дараа нүүрээ угаах нь зөв. Хэрвээ тэгэхгүй бол шүдний оо (ялангуяа цайруулагч найрлагатай) арьсанд хүрч цочроох, хуурайшуулах нөлөө үзүүлж болзошгүй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!