

School police буюу “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-д өөрчлөлт оруулах санал, өөрчлөлтийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ажлын хэсгээс танилцууллаа.
Тухайлбал, журмын 1.3 дахь заалтад “Сургуулийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа иргэнд ажил олгогч байгууллага хагас өдрийн цалинтай чөлөө олгоно” гэж заасныг “бүтэн өдрийн цалинтай чөлөө олгоно” болгон өөрчлөх санал дэвшүүлжээ.
Мөн журмын 2.2 дахь заалтад Ерөнхий боловсролын сургуулийн захирал тухайн хичээлийн жилд сургуулийн орчинд эргүүлийн үүрэг гүйцэтгэх сурагчдын эцэг эх /асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-ийн хуваарийг гарган баталж, эргүүлд ажиллах иргэдэд урьдчилан 7 хоногийн өмнө мэдэгдэнэ гэж заасан байдаг.

Эргүүлийг хичээлийн өглөөний ээлж /07:30–13:30/, өдрийн ээлж /13:30–19:30/ цагт тус бүр хоёр хүн гаргахаар зохион байгуулдаг байсныг сургуулийн орчинд эрсдэлийн үнэлгээ хийж, ээлж бүрд гурван хүн ажиллуулахаар өөрчлөх саналыг хэлэлцэв.
Түүнчлэн журмын 2.3 дахь заалтад “Сургуулийн эргүүл” нэг удаад дөрвөн эцэг эхийг эргүүлд гаргах бөгөөд хоёр эргүүл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хоёр эргүүл сургуулийн ойр орчимд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ гэж заасныг нэг удаад зургаан эцэг эх эргүүлд ажиллах, үүнээс гурван эргүүл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, гурван эргүүл сургуулийн орчимд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр өөрчлөх зэрэг утга найруулга, зохион байгуулалтын хэд хэдэн өөрчлөлтийг тусгажээ.
Дээрх журмын өөрчлөлтийг НИТХ-ын гуравдугаар сарын хуралдаанд хэлэлцүүлэхийг Ажлын хэсгийн гишүүд дэмжлээ.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!