Хаврын улирлыг эрч хүчээр угтах нь: Эрүүл амьдралын 9 дадал


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Хавар цаг хаяанд иржээ. Улирал солигдох үед хүний биеийн дархлаа суларч, амархан ядрах хандлага ажиглагддаг. Тиймээс  энэ үед эрүүл мэнддээ илүү анхаарах нь чухал юм.

Эрүүл амьдралын хэв маяг гэдэг заавал фитнесст явж, их цаг хугацаа зарцуулахыг хэлдэггүй. Харин өдөр тутмын жижиг боловч тогтмол дадлуудаас эхэлж, аажмаар өөртөө хэвшүүлэхийг хэлнэ. Тиймээс өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхэд хэрэгтэй эрүүл амьдралын чухал дадлуудыг танд санал болгож байна.

Хангалттай хэмжээнд ус уух

Ус уухдаа зөвхөн их хэмжээгээр биш, өөрийн биеийн жинд тохируулж хэрэглэх нь чухал. Ерөнхийдөө насанд хүрсэн хүн биеийн жингийн 1 кг тутамд 30-40 мл ус уух нь зохистой гэж үздэг. Үүнийг жин*0.03= Өдөрт уух усны хэмжээ гэж тооцож болно. Мөн өглөө сэрсний дараа нэг аяга бүлээн ус уух нь бодисын солилцоог идэвхжүүлж, биеийг сэргээж эрч хүч өгдөг.

Өдөр бүр 20-30 минутын дасгал хийх

Тогтмол дасгал хийх нь булчин, эд эсийн үйл ажиллагааг дэмжин биеийг сэргээж өгдөг. Хэрэв та өдрийн аль үед дасгал хийх нь тохиромжтой талаар эргэлзэж байвал өглөө хийхийг зөвлөе. Өглөөний дасгал нь цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлэн тухайн өдрийн эрч хүчийг сэлбэж өгөх давуу талтай юм шүү.

Өглөө сэрээд утсаа харахгүй байх

Өглөө сэрээд утсаа оролдох, ирсэн мэдэгдлүүдээ шалгах зуршил залуу үеийнхэнд их ажиглаггдаг. Сэрснийхээ дараа шууд утсаа шалгах нь тархин дахь мэдээллийг хэт ачаалалд оруулж, анхаарал төвлөрлийг бууруулдаг.  Цаашлаад энэ дадал нь тархийг ядраах, эрүүлээр ажиллах үйл явцад сөргөөр нөлөөлөх муу нөлөөтэй. Тиймээс өглөө сэрсний дараах дор хаяж 30 минутыг утаснаас хол өнгөрүүлэхийг хичээгээрэй.

Хооллолтын цагаа тогтмол болгох

Хоол боловсруулах системийг дэмжихийн тулд тогтмол цагт хооллох нь их чухал. Өглөө, өдөр, оройн хоолоо цагийн хуваарьтай идэж хэвших нь биеийн хэмнэлийг тогтворжуулдаг. Мөн оройн хоолыг 18:00 цагаас хойш хэт орой идэхгүй байх нь жингээ барихад төдийгүй стресс багатай, тайван амьдралын хэв маягт эерэг нөлөөтэй.

Хоолныхоо илчлэгийг хянахын тулд MyFitnessPal эсвэл YAZIO зэрэг аппликэйшнийг ашиглан уураг, өөх тос, нүүрс усны хэмжээг тооцоолох боломжтой.

Гүйх дадлыг хэвшүүлэх

Гүйх нь зөвхөн тамирчид, спортоор хичээллэгчдэд зориулсан дадал биш. Гүйх гэдэг сэтгэл санааг тогтвортой байлгах, хоол боловсруулах системийг дэмжих, жинг бууруулах, булчинг хөгжүүлэх зэрэг олон эерэг нөлөөтэй. Ойрын үед хамтдаа гүйх нэгдэл, группууд их болсон нь ажиглагдаж байна. Тийм болохоор та ч гэсэн тэдний нэг болоорой. Жишээ нь Facebook дээрх “Active Running Community” группт нэгдэж туршлага солилцох, хамт гүйх хүмүүстэй танилцаж болно.

Хэрэв та анхлан гүйгч бол эхлээд богино хугацаагаар, зөөлөн шогшиж гүйхээс эхлэхийг зөвлөж байна. Мөн ганцаараа гүйх сонирхолгүй байвал бусадтай хамт гүйвэл үр дүнтэй.

Сахарын хэмжээгээ багасгах

Монгол Улсад чихрийн шижингийн өвчлөл нэмэгдэхэд нөлөөлж буй нэг шалтгаан нь бидний анзааралгүй хэрэглэдэг хэт их сахар юм. 2024 оны байдлаар Монгол Улсад 208,500 орчим хүн чихрийн шижинтэй гэсэн судалгаа бий. Дунджаар эмэгтэй хүн өдөрт 25-30 г, эрэгтэй хүн 30-35 г сахар хэрэглэх нь тохиромжтой. Гэвч зөвхөн нэг ширхэг 500 мл Coca-Cola ундаа уухад 100 мл тутамд 11 г сахар агуулагддаг тул нийтдээ 55 г сахар зөвхөн нэг ундаанаас авч байгаа гэдэг нь ихэдсэн хэрэглээ юм.

Шинэ хоббитой болох

Шинэ хобби сонирхох нь хүний эрч хүчийг нэмэгдүүлж, стрессийг бууруулах ашиг тустай. Таны өмнө нь сонирхолтой байсан ямар нэг зүйл, жишээ нь сагсанбөмбөг, шатар, зурах зэрэг - одоо бага цаг зарцуулагдах болсон хоббигоо өдрийн төлөвлөгөөндөө оруулан бага ч гэсэн цагийг зарцуулахыг хичээгээрэй.  Хоббидоо цаг гаргах нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, амьдралыг илүү сонирхолтой болгодог юм шүү.

Эрдэсийн хэмжээгээ шалгуулах

Хүний биед олон төрлийн амин дэм, эрдэс бодис шаардлагатай байдаг. Ямар бодис дутагдаж байгааг мэдэхгүйгээр дур мэдэн витамин хэрэглэх нь сөрөг нөлөө үзүүлж болно. Хэрэв та хангалттай унтаж байгаа ч байнга ядарч, сульдсан мэдрэмж төрж байвал D витамин, B12, төмөр, магни зэрэг бодис дутагдсан байж болзошгүй. Тиймээс эрдэс бодисын шинжилгээ өгч, эмчийн зөвлөсөн тунгаар витаминаа нөхөх нь зүйтэй.

Унших, бичих дадлыг хэвшүүлэх

Технологийн хурдацтай хөгжилтэй зэрэгцэн сошиал медиа хэрэглээ нэмэгдэж, богино хэмжээний контент үзэх нь түгээмэл болсон. Үүний улмаас залуучуудын дунд ном унших, бичих дадал багасах хандлага ажиглагддаг. Цахим бус цаасан ном унших нь анхаарал төвлөрөл, логик сэтгэлгээ, анализ хийх чадварыг хөгжүүлдэг. Мөн унших дадал сайжрах тусам бичих чадвар дагаад хөгжин аливаа асуудлыг олон өнцгөөс харах шүүмжлэлт сэтгэлгээ нэмэгддэг давуу талтай учраас энэ хоёр дадлыг заавал хэвшүүлээрэй.

#зөвлөгөө #эрүүл мэнд