Маргааш эмэгтэйчүүдийн бэлгийн эрх, эрх чөлөөний төлөөх алхалт болно


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Эмэгтэйчүүдийн бэлгийн эрх, эрх чөлөөний төлөөх алхалт маргааш буюу гуравдугаар сарын 8-ны өдөр 13:30 цагт Сүхбаатарын талбайд болно.

“ONE BILLION RISING” буюу “НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ” нь V-day хэмээх бүх эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор нэгдсэн олон улсын активистүүдийн хөдөлгөөн үүссэний 15 жилийн ойг тохиолдуулан 2012 оноос эхлэн жил бүр дэлхийн өнцөг хэмжээний хөдөлгөөн юм. 

Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан НЭГ ТЭРБУМ охид, эмэгтэйчүүд болон тэднийг хайрладаг, дэмждэг хүмүүс хүчирхийллийг таслан зогсоохын төлөө ЭСЭРГҮҮЦЛЭЭ УРЛАГААР ДАМЖУУЛАН ТЭМЦЭХ, ШААРДАХЫГ уриалдгаараа онцлогтой.

Одоогоор дэлхийн өнцөг булан бүрд сая сая охид, эмэгтэйчүүд, сайн дурын идэвхтнүүд, нийгмийн зүтгэлтнүүд, төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд охид, эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө эсэргүүцлээ илэрхийлээд байна.

Монгол улсад “Хөөрхөн Зүрх” ТББ нь 2013 оноос эхлэн охид, эмэгтэйчүүдийн эсрэг жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоохын төлөө жил бүр тодорхой асуудлыг хөндөн “Нэг Тэрбумаараа Тэмцье Монгол” аяныг 14 жил тасралтгүй зохион байгуулжээ.

Монгол улсад хүчиндэх гэмт хэрэг нь нийгэм, соёлын хэвшмэл ойлголт, эрх мэдлийн тэгш бус харилцаа, бэлгийн боловсролын чанар, хүртээмж хангалтгүй зэрэг олон хүчин зүйлсийн нөлөөгөөр даамжирсаар буй нийгмийн ноцтой асуудал хэвээр байна.

Хүчингийн хэргийн улмаас хохирсон хүний тоо

  • 2022 онд 552, үүнээс 534 эмэгтэй,
  • 2023 онд 565 үүнээс 552 эмэгтэй,
  • 2024 онд 675 байсан ба үүнээс 643 эмэгтэй бүртгэгджээ.

Эдгээр бүртгэгдсэн хүчиндэх гэмт хэргүүдэд холбон шалгасан нийт хүмүүсийн 98-100 хувь нь эрэгтэйчүүд байна. 2024 онд 400 эрэгтэйчүүд хамруулсан судалгаагаар эрэгтэйчүүдийн 13% нь хамтрагч бус эмэгтэйг хүчиндэж байсан, үүнээс 7% нь бүлэглэж үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь бусад орны үзүүлэлтээс илүү байна.

Эрэгтэйчүүд өсвөр үе, залуу наснаасаа эхлэн хүчиндэх гэмт хэрэг үйлдэж байгаа нь эрэгтэй хүн бэлгийн харилцаанд давуу эрхтэй гэсэн нийгмийн хэвшмэл ойлголт болон эрх мэдлийн тэгш бус харилцаа, боловсролын тогтолцоон дахь бэлгийн боловсролын цогц агуулга дутмаг, олон нийтийн мэдээллийн сувгуудаар хүчирхийллийг өөхшүүлсэн мэдээлэл, контент түгээмэл цацагддагаас үүдэлтэй хандлага байгааг харуулж байна.

#Эмэгтэйчүүдийн бэлгийн эрх, эрх чөлөөний төлөөх алхалт