

Хүний папиллома вирус эрэгтэй, эмэгтэй хүмүүст зургаан төрлийн хорт хавдар үүсгэдэг. Ихэвчлэн бэлгийн замаар дамждаг энэ вирусийн улмаас жил бүр олон эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар өвдөж байна. Харин эрэгтэйчүүд ам залгиурын, бэлэг эрхтний хавдарт өртсөөр байгаа юм. Иймээс Хүний папиллома вирусээс хамгаалах вакциныг 11 настай хүүхдүүдэд товлолын дагуу хийж байна.
Энэ вакцины талаар ХСҮТ-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн их эмч Г.Ням-Одтой ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.
-Ер нь хүнд өвчин үүсгэгч, байгаль дээр байдаг бичил биетүүдийг дөрөв ангилдаг. Вирус, бактери, мөөгөнцөр, шимэгч. Хамгийн жижиг нь вирус юм. Эдгээр бичил биетнүүд хүний биед ороод өсөж үржих байгалийн зохилдлогоотой. Үржихдээ хүний биеийн эд эсүүдийг гэмтээдэг.
Үүнийг өвчин үүслээ гэж хэлдэг. Папиллома вирус ихэвчлэн эрэгтэй, эмэгтэй хүний бэлгийн замаар дамжиж, бэлгийн замын эд эсүүдэд халдварлаж, тэндээ өсөж үрждэг. Энэ явцдаа ялангуяа эмэгтэй хүний умайн хүзүүнд дийлэнх нь, зарим тохиолдолд эрэгтэй хүний шээс бэлгийн замын эсүүдийг олон жилийн турш хувирган өөрчилдөг.
Вакцины судалгааг өндөр хөгжсөн орнууд хийж, бүтээгдэхүүнээ гаргасан. Үйлдвэрийн хүчин чадалтай, өндөр хөгжилтэй орнууд гэсэн үг юм. Эдгээр орон вакцины найрлага, хэлбэр, ямар өртөгтэй байхыг тогтоосон. Ингэснээр зарим хөгжсөн орон өндөр үр дүнд хүрчихлээ.
Хөгжсөн орон бүрийн Дархлаажуулалтын хууль, эрх зүйн зохицуулалт бага зэрэг өөр. Жишээлбэл, сүүлийн үед их жишээ авч байгаа Австралид олон тооны охид, хөвгүүдээ папиллома вирусийн эсрэг вакцинд хамруулснаар ирээдүйн тооцооллоо хийчихсэн, тун удахгүй умайн хүзүүний хорт хавдар гэдэг өвчин манай улсад байхгүй болно гэж зарлав.
Хөгжсөн орнуудад янз бүр байгаа ч ерөнхийдөө дийлэнх орон өөрсдийн товлолт дархлаажуулалтад хүний папиллома вирусийн эсрэг вакциныг нэвтрүүлсэн. Өнөөдөр жаахан байгаа хүүхдүүдийн ирээдүйд магадгүй 5-10 хувь нь хорт хавдар өвчнөөр өвдөхөөс хамгаалах зорилготой.
-Умайн хүзүүний хавдар үүсгэгч папиллома вирусийн эсрэг вакцин үргүй болгодог гэх мэт ташаа мэдээлэл түгсэн. Манай улсад БНМАУ буюу социализмын үеэс дархлаажуулалтыг улс орны эрүүл мэндийн бодлогын нэг хэсэг болгоод ирсэн. Үүний үр дүнд юу болсон бэ?
-1920-иод оны сүүлээр 700 мянган орчим байсан хүн ам 1990-ээд онд 2 сая давсан, 2000-аад он гэхэд 3 сая давсан. Одоо энэ эрчээрээ үргэлжилбэл 2030- 2040 онд 4-5 сая хүрэх тооцоо бий.
Дундаж наслалтын хувьд хүн ам 40 орчим наслаад нас бардаг байсан бол одоо 70-80 рүү дөхөв. Хөгжсөн орны хэмжээнд очих гэж байна. Хэрэв вакцин муу байсан бол энэ бүх үзүүлэлт гарахгүй.

Шалтгаан, эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ гээд бүх юм нь бүрэн шийдэгдчихсэн өвчин бол умайн хүзүүний хорт хавдар. Энэ хавдар үүсэх олон эрсдэл бий. Үүний хамгийн чухал буюу үндсэн шалтгаан нь хүний папиллома вирус юм. Энэ вирус бэлгийн замаар, арьс салстаар дамжиж халддаг.
Халдварын бараг 90 гаруй хувь нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг. Эмэгтэй хүнд энэ вирусээс улбаатай умайн хүзүүний хавдар үүсэх эрсдэл нэмэгддэг. Мөн эмэгтэйчүүдийн үтрээ, гадна бэлэг эрхтэн буюу бэлгийн их, бага уруул, хэлүү болон эрэгтэй, эмэгтэй хүйсэд адилхан ам залгиурын (хэлний арын уг, тагнай, гүйлсэн булчирхай) эрэгтэй, эмэгтэй хүнд хоёуланд нь шулуун гэдэсний хавдар үүсгэх эрсдэлтэй.
ЭРЭГТЭЙ ХҮНД ШОДОЙН ХАВДАР ҮҮСГЭДЭГ
Хүний папиллома вирусээс хамгаалах вакциныг олон жилийн судалгааны үр дүнд гаргаж авсан, туршилт, судалгаанууд бүрэн хийгдсэн. Үүний үндсэн дээр хүнд хэрэглэхэд боломжтой юм байна гэж үнэлэн, вакциныг хэрэглэдэг. Вакциныг тухайн вирусийн капситын уургаас гаргаж авсан. Вирусийн геном агуулаагүй вакцин гэсэн үг юм. Вакцины найрлагад үндсэн болон нэмэлт бодисууд байдаг юм.
Эдгээр нь маш бага хэмжээтэй учраас энэ нь хоргүй. Тиймээс дэлхийн ихэнх оронд энэ вакциныг хэрэглэж байна. Гаж нөлөө байхгүй, эрсдэл хамгийн бага. Иймд манай улс ч энэхүү вакциныг 2024 оны 11 дүгээр сараас эхлэн 11-15 настай хүүхдүүдэд хийж байна. Мөн Ээж аавууд, эмээ өвөө нар, багш нар хүүхдүүдээ дархлаажуулалтад нь хамруулаарай гэж зөвлөе.
-Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!