

Монголын уншигчдын хамгийн дуртай түүхэн романуудын нэг болох зохиолч Ц.Оюунгэрэлийн "Ногоон нүдэн лам", "Жаран цагаан хонь" цувралын гуравдугаар дэвтэр "Үүрийн голын чулуу" роман 2026 оны 03 сарын 05-ний өдөр Интерномын төв салбарт албан ёсоор нээлтээ хийж, борлуулагдаж эхэллээ.
Зохиолын гол зангилаа: 1959 оны сорилт
Үүрийн голын чулуу роман нь Ногоон нүдэн лам, жаран цагаан хонь романуудын үргэлжлэл бөгөөд зохиолын гол баатар Баасан лам, Сэндмаа нарын хайр дурлал, 1959 онд тэдэнд тохиолдсон сорилтын тухай өгүүлнэ. Төрөөс явуулж буй социализмыг ялуулах бодлого Баасан Сэндмаа нарын амьдралыг дахин бусниулах үед тэд өөрсдийнхөөрөө үлдэхийн төлөө тэмцэнэ.

“Ногоон нүдэн лам” романы тухай:
Уг номыг Монголд улс төрийн хилс хэргээр хэлмэгдэж байсан хохирогчид, тэдгээрийн ар гэр, үр хүүхдэд зориулан бичжээ. Зохиолд хөдөөгийн залуу сайхан бүсгүй Сэндмаа, хийдийн идэр лам Баасан нарын ээдрээтэй хайр дурлалын түүхээр ороо бусгаа нийгэм, аймшигт аллага, яргалал, гэмгүй олон мянган лам, хар хүмүүсийг хэрхэн хоморголон хороосон, тэр цаг үед яг юу болсон, үйл явдлын золиос нь хэн байсан, тэр бүгдээс хэн хожиж, хэн хохирсон талаар өгүүлнэ.
“Жаран цагаан хонь” романы тухай:
“Жаран цагаан хонь” роман нь 1947–1951 оны Монгол орны түүхэн дүр зургийг “Анхдугаар таван жилийн төлөвлөгөө”-ний хүнд хэцүү сорилт дунд өгүүлдэг. Дайны дараах энх цагт хэлмэгдсэн лам хуврагууд эргэн ирж, амьдрал сэргэх найдвар төрөх боловч улс орноо хөгжүүлэх их бүтээн байгуулалтын ачаа малчин ардын нуруун дээр хүндээр бууна. Тусгаар тогтнолынхоо төлөө хамаг байдгаа улсдаа тушааж, биелүүлэх боломжгүй төлөвлөгөөнд дарлагдсан ард түмэн идэх хоолгүй, амрах завгүй туйлдан сөхөрч буйг энэхүү зохиолоор зүрх зүсэм дүрсэлжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!