

Нэг зуунаас ч удаан хугацаанд дэлхий даяар 03-р сарын 08-ны өдрийг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэж байна. Гэхдээ яг яагаад заавал 03-р сарын 08 гэж?
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хэрхэн эхэлсэн бэ?
Бидний өргөнөөр тэмдэглэдэг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр нь хөдөлмөрийн хөдөлгөөнөөс үүдэлтэй. Тэртээх 1908 онд Нью Йорк хотын гудамжаар нийт 15,000 гаруй эмэгтэйчүүд ажлын урт цагийг багасгах, цалингийн хэмжээг нэмэгдүүлэх болон сонгуульд санал өгөх эрхийн төлөө тэмцэж байжээ.
Уг үйл явдлаас жилийн дараа Америкийн социалист нам анх удаа Үндэсний эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх болсныг мэдэгдэв.
Харин энэ өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэх санааг коммунист идэвхтэн бөгөөд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Клара Цеткин гаргасан юм. Тэрбээр өөрийн санааг 1910 онд Копенхагенд болсон олон улсын ажил эрхэлж буй эмэгтэйчүүдийн талаарх хурал дээр танилцуулжээ.

Түүний дэвшүүлсэн саналыг хуралд оролцсон 17 улсын 100 эмэгтэй дэмжсэн байдаг.
Ингээд анхны олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 1911 оноос Австри, Дани, Герман болон Швейцар зэрэг улсуудад тэмдэглэгдсэн байна.
Яагаад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 03-р сарын 08-нд болдог вэ?

Хатагтай Цеткин олон улсад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалан тэмдэглэх тухай ярьж байхдаа онцгой заавал тэмдэглэх өдрийн тухай дурдаагүй. Харин 1917 онд нэгэн Орос эмэгтэй 03-р сарын 08-ны өдөр дайны эрчид өлсгөлөнд автаж аргагүйн эрхэнд “талх ба энх тайван” хэмээх лоозон дор ажил хаялт зарласны дараа уг өдрийг сонгох болсон гэдэг.
Дөрвөн өдөр ажил хаясны дараах яг л тэр цаг үед Цар хаан ширээнээсээ бууж шинэ засгийн газар байгуулагдсанаар эмэгтэйчүүдэд сонгууль өгөх эрхийг олгосон байна. Гэхдээ Юлийн календариар бодож үзвэл тухайн эмэгтэйн ажил хаяж эхэлсэн өдөр нь 02-р сарын 23 байсан ч энэ нь дэлхийн бараг бүхий л улсын хэрэглэдэг Грегорийн календарийн өдрөөр бодогддог.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр нь дэлхий даяар хэрхэн тэмдэглэгддэг вэ?

Ихэнх орнуудад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр амардаг. Хятадад гэхэд тус өдөр эмэгтэйчүүд бүтэн биш ч хагас амардаг байна.
Мөн мянга мянган жагсаал, цуглаан, яриа, концерт, үзэсгэлэн болон мэтгэлцээн зэргүүд дэлхий даяар өрнөдөг.
Италид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг Festa della Donna гэх ба mimosa blossoms гэх жижиг шар цэцгийг бэлэглэх нь бараг л уламжлал болжээ. Энэ өдрөөр Орост цэцгийн баглааны борлуулалт хоёр дахин нэмэгддэг байна.
АНУ-д гурван сар тэр чигтээ эмэгтэйчүүдийн түүхийн сар байдаг. Жил бүр гаргадаг ерөнхийлөгчийн тунхаглал нь Америк эмэгтэйчүүдийн амжилтыг алдаршуулах зорилготой билээ.
Яагаад хүмүүс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр үзмэн ягаан өнгийн хувцас өмсдөг вэ?

Эмэгтэйчүүдийн баярын өдрөөр маш олон хүн ногоон, цагаан, ялангуяа үзмэн ягаан өнгөөр хувцасласан байх нь их. Тэгвэл эдгээр гурван өнгө нь 1903 онд эмэгтэйчүүдийн сонгох эрхийн төлөө байгуулагдсан “Эмэгтэйчүүдийн Нийгэм болон Улс Төрийн Нэгдэл” хэмээх Их Британий бүлгийн бэлгэдэл байжээ.

Тухайн үед өөрийн нөхөр Фредтэй хамт “Votes for Women” сэтгүүлийг эрхэлж байсан Эммелин Петик-Лоренс уг өнгөний схемийг гаргасан ба үүнийгээ тайлбарлахдаа
“Бид бүгдийн мэддэгээр үзмэн ягаан нь язгууртны өнгө бөгөөд энэ нь эмэгтэйчүүдийн сонгох эрхийн төлөө тэмцэгчдийн судсанд урсах сурвалжит цус, эрх чөлөө, нэр төрийг илэрхийлдэг... Цагаан нь хувийн болон нийгмийн амьдралын ариун байдлыг бэлгэддэг... Ногоон өнгө нь итгэл найдвар болон хаврыг илэрхийлнэ” гэжээ.
Яагаад олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэж байх хэрэгтэй вэ?
Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийн хэлж буйгаар ийм өдөр байх нь бид хэрхэн эмэгтэйчүүдийн эрхтэй холбоотой асуудлуудын талаар урьд өмнөхөөсөө илүү сайжирсан хийгээд одоо эмэгтэйчүүдэд ямар саад бэрхшээлүүд тулгарч байгааг мэдэх боломжтой болдог байна.
Эх сурвалж: BBC
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!