Дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг эмэгтэйчүүд


С.Оюундарь | YOLO.MN
ӨЧИГДӨР

Бид бүгд л дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан агуу хаад, баатруудын тухай сайн мэдэх ч өнгөрсөн түүхийг бүтээлцэхэд чухал нөлөө үзүүлсэн хатад болон эмэгтэйчүүдийн тухай тийм ч сайн мэдээд байдаггүй. Жанна д’Арк-аас эхлээд хатан хаан нэгдүгээр Элизабет хатан хүртэл эдгээр эмэгтэйчүүд улс орныхоо бэлэг тэмдэг болсон. Тэдний заримынх нь түүх ээдрээтэй байдаг бол зарим нь баатар хэмээн түүхэнд бичигдэж үлдсэн байдаг. Ингээд уншигч та бүхэндээ түүхэн дэх хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийг танилцуулж байна.

1. Их Екатерина

Их Екатерина нь 18-р зууны үед Оросын хатан хаан байв. Тэрээр эзэн хаан гуравдугаар Петртэй гэрлэснийхээ дараа тийм ч удалгүй нөхрийнхөө эсрэг төрийн эргэлт зохион байгуулж өөрөө хаан ширээнд заларсан. Хатан хаан Оросын нутаг дэвсгэрийг өргөтгөж, эмнэлгүүд байгуулан, урлаг уран сайхныг хөгжүүлэхийн төлөө нэлээдгүй зүйлийг хийжээ.

2. Клеопатра

Клеопатра нь эртний Египетийн сүүлчийн фараон байсан. Тэр маш олон хэл эзэмшсэн ухаалаг улс төрч байсан бөгөөд өөрийн авхаалж самбаа, мэдлэгээрээ Египетийн хүч нөлөө, нутаг дэвсгэрийг өргөтгөж чадсан ч эцэст нь ромчуудад ялагдал хүлээсэн байна.

3. Хатан хаан нэгдүгээр Элизабет

Хатан хаан нэгдүгээр Элизабет нь 16-р зуунд Англи болон Ирланд улсыг захирдаг байв. Тэр урлаг, соёлыг сайшаадаг өндөр боловсролтой хүн байсан бөгөөд Английг дэлхийн томоохон гүрнүүдийн нэг болоход чухал үүрэг гүйцэтгэсэн авьяаслаг дипломатч байлаа.

4. Хатан хаан Викториа

Хатан хаан Викториа нь 19-р зуунд Английг захирч байсан. Түүний засаглалын үед Британийн эзэнт гүрэн өмнө байгаагүйгээрээ тэлэн өргөжиж чадсан юм. Тэрбээр бусад улсын хаад, хатдад хүчтэй нөлөө үзүүлж чаддагаараа алдартай байв.

5. Хатан хаан хоёрдугаар Элизабет

70 жилийн турш хаанчилсан хатан хаан хоёрдугаар Элизабет нь Британий хамгийн удаан хугацаанд төр барьсан нэгэн билээ. Тэрээр ердөө 25-хан насандаа хаан ширээнд сууж, Британий олон колони орнууд тусгаар тогтнох үйл явцыг удирдан өнгөрөөсөн. Мөн тэр 600-аас дээш буяны байгууллагын ивээн тэтгэгч байжээ.

6. Хатшепсут

Хатшепсут нь МЭӨ 16-р зуунд Египетийн фараон байжээ. Тэрээр засаглалынхаа үеэр олон дурсгалт барилгуудыг сэргээн завсарлаж, Азийн орнуудтай дипломат харилцаагаа сэргээн худалдааг өргөжүүлсэн бөгөөд олон чухал барилгын төслүүдийг эхлүүлсэн байна.

7. Хатан хаан Ци Ши

Хатан хаан Ци Ши-г ихэвчлэн Хятад улсыг харанхуй үеэс нь гаргаж дэлхийн хүчирхэг орон болгоход томоохон хувь нэмэр оруулсан гэж үздэг. Тэрбээр охидын боловсролыг дэмжиж, эмэгтэйчүүдийн үйлддэг байсан хөл боох уламжлалыг хориглож, хууль эрх зүйн системийг шинэчлэн бусад улстай худалдаа наймааны харилцааг сэргээсэн юм.

8. Жанна д’Арк

Жанна д’Арк нь Францын үндэсний баатар эмэгтэй байсан юм. Тэрээр зуун жилийн дайны шийдвэрлэх тулалдаан болох Орлеаны тулаанд Францыг удирдаж ялалтад хүргэсэн гэдгээрээ алдартай.

9. Теодора

Теодора нь дорд гаралтай гэр бүлээс Византийн эзэнт гүрний хатан хаан болж чадсан. Тэрбээр өөртөө эзэн хаан Жустианы зээ дүүг дурлуулсан ба энэ нь түүнийг өндөрлөгт гарахад тусалжээ. Теодора эрх мэдэлд хүрээд охид бүсгүйчүүдийг хамгаалах бүхий л зүйлийг хийж байв. Жишээ нь, эмэгтэйчүүдийн эрхийг бэхжүүлж, бэлгийн хүчирхийлэл үйлдэгсдийг цаазаар авах ялтай болгож, насанд хүрээгүй охидыг хүний наймаанаас авран хамгаалсан юм.

10. Голда Меир

Голда Меир нь 1969 онд Израилын анхны эмэгтэй ерөнхий сайд болсон. Тэрбээр Израил улс Сир болон Египетийн довтолгоонд өртсөн эмзэг үед ерөнхий сайд байсан бөгөөд уг дайралт цаашлаад Йом Киппурын дайны эхлэл болжээ. Дайны үеүдэд түүний хатуу удирдлагын хэв маяг нь тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлсэн гэдэгтэй хэн ч маргадаггүй.

11. Маргарет Тетчэр

Маргарет Тетчэр нь 1979 онд Британий анхны эмэгтэй ерөнхий сайд болсон. “Төмөр хатагтай” хэмээх хочны эзэн тэрбээр өөрийн хүчирхэг удирдлагын хэв маягаараа алдаршсан бөгөөд Тетчэр улсын эзэмшлийн үйлдвэрүүдийг хувийн хэвшилд шилжүүлэх, эдийн засаг дахь төрийн оролцоог сулруулах, төр засгийн эрх мэдлийг төвлөрүүлэх зэрэг эдийн засгийн өөрчлөлтүүдийг хийжээ.

12. Зенобия

Зенобия бол Ромын эзэнт гүрнээс салан тусгаарласан Палмирийн эзэнт гүрний хатан хаан байсан. Тэрбээр маш боловсролтой, олон хэлийг эзэмшсэн хүн байсан ба хатан хаан байх хугацаандаа Ромын эзэнт гүрний эсрэг тэмцээд зогсохгүй нутаг дэвсгэрээ Египет хүртэл тэлсэн зоримог нэгэн байв.

13. Мария Тереза

Мария Тереза нь 18-р зуунд Хабсбургийн эзэнт гүрний хатан хаан байв. Тэрбээр шинжлэх ухааны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, феодалын системийг шинэчилж, чанд ёс зүйн хуулийг баталгаажуулжээ.

14. Ву Жетиан

Ву Жетиан нь 6-р зуунд Хятадын хатан хаан байсан. Тэрбээр тун хэрцгий нэгэн байсан гэдэг бөгөөд эрх мэдэлд гарахын тулд өөрийн төрсөн хүүгээ хаан ширээнээс татгалзуулж өөрийнх нь эсрэг боссон хэнийг ч ямар ч өршөөлгүй цаазалж байв. Хэдий тийм ч түүний засаглалын үед Хятад нутаг дэвсгэрээ тэлж, эдийн засаг нь хөгжин цэцэглэсэн байдаг.

15. Гүржийн Тамар

Гүрж улсын гуравдугаар хаан Георги өөрийн охин Тамарыг залгамжлагчаараа нэрлэсэн. Тэрээр хаан эцгээ нас барсны дараа зарлиг ёсоор хаан ширээнд сууж, Гүржийг 24 жилийн турш захирсан байдаг. Ард түмэн нь түүний засаглалын үеийг улсын алтан үе хэмээн нэрлэдэг байна.

16. Индира Ганди

Индира Ганди нь 1966 онд Энэтхэгийн анхны эмэгтэй ерөнхий сайдаар сонгогдсон. Түүнийг хүмүүс улсынхаа газар тариалангийн системийг шинэчилж, ядуурлыг бууруулснаар нь сайн мэддэг. Гэсэн ч тун удалгүй тэрбээр харгис дарангуйлагч хэмээх нэрийг зүүсэн юм.

17. Кастилийн Изабелла

Изабелла нь 15-р зуунд Кастилийн хатан хаан байв. Тэрбээр Арагоны хоёрдугаар Фердинанд хаантай гэрлэснээр Испани улсыг нэгтгэсэн юм. Изабелла өөрийн нөхөр Фердинандтай хамт Испанийн шүүлтийг эхлүүлж мянга мянган хүмүүсийг католик шашинд хүчээр оруулсан байдаг.

18. Залуу Агриппина

Залуу Агриппина нь 1-р зуунд Ромын хатан хаан байсан бөгөөд тухайн үеийнхээ хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг байв. Тэрээр өөрийн хүүг хаан ширээнд суулгахын тулд эзэн хаан Клавдийтэй гэрлэж, хааныг өөрийн хүслээр удирдан, гадны албан тушаалтнуудтай уулзах, бичиг баримт батлах зэрэг эрчүүдэд хамаарах үүргийг давхар гүйцэтгэсэн юм.

19. Аквитанийн Элеонор

Аквитанийн Элеонор нь хоёр улсыг захирч байсан. Тэрээр эхлээд Францын наймдугаар Луи хаантай гэрлэж, дараа нь Английн хоёрдугаар Хенри хааны гэргий болсон юм. Элеонор Европын хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг байсан бөгөөд төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцож байв.

20. Ангела Меркель

Өнөөгийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг гэж тооцогддог Ангела Меркель нь 2005 оноос 2021 он хүртэл Герман улсын Канцлер байв. Тэрээр Германы анхны эмэгтэй Канцлер бөгөөд Европын эдийн засагт учирсан хохирлыг арилгах замыг нээж, дүрвэгчдийн хямралыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Эх сурвалж: History Snob

#хүчирхэг эмэгтэйчүүд