Билл Гейтс : Хэдий чинээ мэдлэг хуримтлуулна, төдий чинээ чадварлаг болно


Сэтгүүлч О.Дорж | YOLO.MN
2019-11-08

Ирээдүйг хэн ч таамаглаж чадахгүй, Билл Гейтс ч мөн адил. Гэвч Майкрософт компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан, филантропист тэрээр ирээдүйн чадварлаг боловсон хүчин болохын тулд танд ямар чадварууд шаардагдах талаар зөвлөгөө өглөө. 

Тэрээр өөрийн төгссөн Лейксайд ахлах сургуульд уншсан лекцийнхээ үеэр энэхүү сэдвийг хөндсөн байна.

Сонирхолтой баримт: Энэ ахлах сургуулийг төгссөн өөр нэгэн алдартай төгсөгч бол Майкрософтыг үүсгэн байгуулагч Пол Аллен. Тэд энэ сургуульд сурч байхдаа анх танилцаж байжээ.

Сургуулийн шилдэг суралцагч Берни Ногийн Билл Гейтсд тавьсан хамгийн эхний асуулт нь “Өнөөгийн сурагчид 2030, 2040 онд амжилттай явахын тулд юуг мэдэх хэрэгтэй вэ?” гэсэн асуулт байлаа. Билл Гейтс хариуд нь: 

- Та үргэлж суралцсаар байвал хэзээ ч хөгшрөхгүй. Сониуч зангаа хөгжүүлж, үргэлж шинийг эрэлхийлдэг байх хэрэгтэй. Хэдий чинээ их мэдлэг, туршлагыг хуримтлуулж суралцсаар байна, төдий чинээ чадварлаг боловсон хүчин болж бэлтгэгдэнэ гэсэн үг. Өнөө үед сурагчдад маш олон боломж нээгдсэн. Мэдлэгээ улам бататгахын тулд онлайнаар ямар нэгэн лекц, подкаст сонсох чинь цоо шинэ ойлголт шүү дээ. Тиймээс сурагчид суурь мэдлэгээ бататгахын зэрэгцээ өөрсдийн сонирхлоо олох хэрэгтэй. Түүх, шинжлэх ухаан, эдийн засгийн талаарх мэдлэгтэй байх нь ирээдүйд амжилтанд хүрэхэд онцгой ач холбогдолтой. 

Харин түүнээс ирэх арван жилийнх талаарх таамаглалынх нь талаар асуухад тэрээр: 

- Дижитал хувьсгалууд цаашид бидний гайхшруулсаар байх болно. Ийнхүү хувьсгалын үр дүнд угаасаа хэн бүхэнд үргэлжлүүлэн сурах хүсэл эрмэлзэл төрнө. Сурагчид өөртөө итгэлтэй байж, суралцах хүсэл тэмүүллээ алдалгүй явах нь энэхүү хувьсгалд өөрийгөө бэлдэж байгаа хэрэг. Жишээлбэл ирээдүйд гарах эрүүл мэнд, цаг уурын өөрчлөлтүүд танaас шинжлэх ухааны өргөн хүрээний мэдлэгтэй байхыг шаардна.

Та бүхэн өнөөдөр дэлхийн дахинд болж буй болон болоод өнгөрсөн үйл явдлуудын талаар маш сайн мэдлэгтэй байх шаардлагатай. Ардчилал биднээс улам их оролцоог шаардсаар л байх болно. Америкийн болон дэлхийн түүхийг сайтар судалснаар дэлхий ертөнц яагаад өнөөдөр ийм нөхцөл байдалд орсон бэ гэдэг асуултын хариултыг танд өгнө. 

Тэрээр өөрийн залуу байх үеийг дурсахдаа: 

- Би анх 1973 онд Лейксайд ахлах сургуулийг төгсөж байх үедээ ирээдүйн талаар ямар ч таамаглалгүй байсан. Гэвч ганц авууштай зүйл байсан нь одоогийн энэ амжилтад хөтөлсөн тасралтгүй суралцах чадвар минь юм. Чухамдаа мэдлэгээр өлсөж байсан учраас коллежид сонирхолтой санагдсан нэмэлт хичээлүүдэд байнга суудаг байсан.

Надад их сургуулиа хаясан гэх тодотгол зохихгүй. Учир нь би үргэлж л хичээлд суудаг байсан. 

Түүний нэмэлтээр судалсан хичээлүүд маш хүнд байсан бөгөөд бүхий л цагаа хичээлдээ зориулдаг байжээ. Тухайн үеийн нөхцөл байдлыг эргэн дурсахад тэрээр: 

- Би коллежийн хичээлд нийтдээ 2,5 жил суусан. Тэр үеийн минут секунд тутамд хайртай. 

Эх сурвалж : www.inc.com 

#Зөвлөгөө