

Панч хэмээх нэртэй бяцхан сармагчны түүх олны хайрыг татаж, түүний хайртай зөөлөн тоглоомын борлуулалтын эрэлт ихсэн, үнэ нь нэмэгджээ.
Тодруулбал, IKEA брэндийн энэхүү зөөлөн тоглоом, амьтны хүрээлэнд байсан өнчин сармагчны "сайн найз" болсны дараа хүмүүс худалдан авч, үнэ нь 350 ам.доллар хүрч, зарим дэлгүүртээ дуусжээ.

Энэ долоо хоногийн эхээр Панч хэмээх бяцхан сармагчин төрснийхөө дараахан эхдээ хаягдсаны ч зөөлөн тоглоомоо тэвэрч, үргэлж хамт дагуулж яван тайвширч буй нь олон хүний сэтгэлийг эмзэглүүлж байсан билээ.

Цахим орчинд олны анхаарлыг татсан энэ түүхийн дараа IKEA-гийн энэхүү зөөлөн тоглоомын эрэлт огцом өсжээ. IKEA компанийн зүгээс ч Панчид болон түүнийг асардаг Японы амьтны хүрээлэнд хэд хэдэн зөөлөн тоглоом хандивласан байна.

Ичикава хотын захирагч Ко Танака болон IKEA Японы ерөнхийлөгч Петра Фэрэ нар яг л Панч шиг ганцаардсан амьтдад зориулан хандивласан тоглоомуудын өмнө хамтдаа зургаа татуулсан байна.
Панчийг олон хүн хайрлаж, сошиал орчинд талархлын үгсээ илэрхийлэн, зарим нь “тэр брэндийн гэрээ авах ёстой” хэмээн бичжээ. Мөн зарим нь түүнд хамгийн сайхан хоол, тоглоомын талбай, бүр сэнтий өг. Тэр бол сурталчилгааны хаан” гэжээ.
Амьтны хүрээлэнгийн албаныхны мэдээлснээр Панч одоо бусад сармагчнуудтайгаа аажмаар дасаж, нэгдэж эхэлжээ. Эхний оролдлогууд нь нэлээд хүнд байсан ч байдал эерэгээр эргэжээ. Саяхан өөр нэг сармагчин түүнийг арьс үсийг нь арчилж буй нь ажиглагдсан байна.
Сармагчдын сүрэгт "бөөс түүх" нь зүгээр нэг цэвэрлэгээ биш, харин итгэлцэл, дотно харилцаа, бүлэгт хүлээн зөвшөөрөгдсөний илрэл юм. Мөн амьтны хүрээлэнгийн нийтэлсэн бичлэгүүдэд Панч бусад жаахан сармагчнуудтай тоглож, нуруун дээр нь авирч буй нь харагдсан.
Мөн нэгэн ахимаг насны сармагчин түүнийг тэвэрч буй нь бичлэгт харагдсан бөгөөд ажиглагчид үүнийг Панч одоо ганцаараа биш болсон сайны дохио хэмээн тайлбарлажээ. Амьтны хүрээлэнгийн асрагч Шүмпэй Миякоши “Тэр бусад сармагчнуудтай идэвхтэй харилцаж байгаа. Бид түүнийг том болж, төлөвшиж байгааг харж байна. Тэр бусад сармагчдад гадуурхагдаж, загнуулсан ч тэр хурдан сэргэж чаддаг. Сэтгэлзүйн хувьд хүчтэй” гэжээ.
Эх сурвалж: The Sun
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!