Захидал: Өдрийн талыг унтаж өнгөрүүлсэн ч үргэлж ядарч нойрмоглосон мэдрэмжтэй байх юм


ССҮТөв | YOLO.MN
2022-10-17

YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ : Би өөрийнхөө мэдрэмжийг үгүйсгэж чадахгүй ч, нөхөрлөлөө ч алдмааргүй байна

Сайн байна уу ? Сүүлийн үед намайг зовоож буй нэгэн асуудлаа хуваалцах гэсэн юм. Би одоо 17 настай, эмэгтэй мөн саяхан их сургуульд элссэн шинэхэн оюутан байна. ЭЕШ өгсний дараа сайн найзтайгаа ярьж байгаад хамтдаа нэг хувийн их сургуульд орсон. Гэтэл манай ангийнханд зөвлөгөө өгч, зарим зүйлс дээр тусладаг нэг ах байдаг юм. Одоо царайг нь харж мэддэг болоод сар орчмын хугацаа өнгөрч байна. Эхэндээ яах вэ, дажгүй ах л гэж боддог байлаа. Учир нь энэ үед өнгөрсөн хавраас хойш үргэлжилсээр байсан өөр нэгэн хайрын асуудалтай байсан төдийгүй бүтэх юм шиг санагдаад итгэл найдвар хүлээж, энэ ахын тухай төдийлөн боддоггүй байсан юм. Гэтэл тэр хүүхэдтэйгээ хэзээ ч бүтэхгүй гэдгээ ойлгож, нэг мөсөн сэтгэлээ татсанаар дээд курсын ах таалагдаж эхэлсэн. Харин хэдхэн хоногийн өмнө хамгийн сайн найзыгаа ч мөн сайн болж буйг мэдсэн юм. Миний хувьд дунд ангид байхаасаа багахан ялгаварлан гадуурхалтад өртөж, сайн найз минь гэж итгэсэн бүхэн дараа нь итгэл эвдэж өөртөө итгэлгүй, дотогшоо хүүхэд ахлах ангид орж байлаа. Ингээд 11 дүгээр ангид найз маань шилжиж ирснээр нэг л мэдэхэд маш дотно болчихсон, хэнд ч хэлээгүй зүйлээ дэлгэж ярьдаг, түүний хажууд л өөрийнхөөрөө байж, гэр бүлээс минь илүү эрхэм найз минь болсон. Магадгүй миний цор ганц жинхэнэ найз байх. Одоогийн чөлөөтэй, бусдын хажууд итгэл төгс байж чаддаг маань ч энэ хүүхдийн ач тус. Гэтэл одоо бид хоёр нэг хүнд татагдаад байна. Одоогоор би өөрийгөө сайн болсон тухай найздаа хэлээгүй, мөн мэдэгдэхгүй байхыг хичээж байгаа. Найз маань ч үгүй, болимоор байна гэж хэлсэн ч надад энэ нь үнэмшилтэй санагдахгүй, эсрэгээрээ улам татагдаад байна гэсэн мэдрэмжийг төрүүлээд байх юм. Хэдийгээр энэ асуудлаас гарах арга замыг эрэлхийлж байгаа ч үнэхээр олж чадахгүй нь. Би өөрийнхөө энэ мэдрэмжийг үгүйсгэж чадахгүй ч, нөхөрлөлөө ч мөн адил алдмааргүй байна. Би яах ёстой юм болоо? 

ЗӨВЛӨГӨӨ: Таалагдаж байгаа хүнээ илүү таньж мэдэн өөртэйгөө ярилцаарай

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Юун түрүүнд тэр ах хүнийхээ хувьд таалагдсан уу? Эсвэл үерхэх хэмжээнд таалагдсан уу? гэдгийг тодорхойлоорой. Үүний тулд дараах асуултад хариулаарай. Чи дээд курсийн ахынхаа талаар хэр зэрэг мэдэх вэ? Тэр хүний юу нь хэзээнээс хойш таалагдаж эхэлсэн бэ? 

Өсвөр насанд хүүхдүүд бие биеийнхээ талаарх хангалттай мэдээлэлгүй хэрнээ гадаад байдлаас нь болоод эсвэл өөрсдийн бодсон дүрээрээ тухайн хүнийг төсөөлж татагдах тал байдаг. Гэтэл харилцаад эхлэх үед өөрийнх нь төсөөлснөөс өөр байх тохиолдлууд бий. Тиймээс ямар нэгэн нухацтай шийдвэр гаргахаасаа өмнө тодорхой хэмжээгээр нэг нэгнийхээ талаар тодорхой хэмжээгээр таньж мэдсэн байх нь чухал байдаг. Тухайлбал, тэр хүн юунд дуртай эсвэл дургүй вэ? Харилцахад ямар хүн бэ? Тэр хүн үерхлийн харилцаанаас юу хүсдэг вэ? Хэдэн удаа үерхэж байсан бэ? Ирээдүйн зорилго юу вэ? Ямар кино үзэх дуртай вэ? гэх мэт энгийн зүйлсийг ярилцаж үүний дараа үнэхээр өөрийгөө татагдаж байна уу, үгүй юу гэдгээ өөрөөсөө асуугаад үзээрэй. Үүний дараа дараагийн шийдвэрээ гаргах нь чухал. Мөн тухайн хүнд ямар учраас татагдах болсон шалтгаанаа өөрөөсөө асуугаад үзээрэй. Дээд курс болохоор тусалдагт нь талархсан учраас уу? Эсвэл мундаг хүн байх гэж бодсон болохоор уу? Яг ямар бодол чамайг татагдахад нөлөөлснийг өөрөөсөө асуугаад үзээрэй. Чамд амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв 
Сэтгэл судлаач Д. Намуун

АСУУДАЛ: Ангийнхаа охинд сайн болоод бугуйвч хүртэл авсан. Гэхдээ яаж гуйхаа мэдэхгүй байна

Сайн байна уу? Би 15 настай. Нэг охинд сайн болсон ч яаж гуйхаа мэдэхгүй байна. Яг үерхье гэж гуйх гэхээр нэг л эвээ олж өгөхгүй сайн мэдэхгүй юм. Бас би өмнө нь хүнтэй үерхэж үзээгүй болохоор сайн мэдэхгүй санаа зовоосон асуудлууд их байна л даа. Би түүнд бугуйвч авсан түүнд таалагдах болов уу? Тэр намайг зөршөөрөх болов уу? Зөвшөөрөхгүй бол яах вэ гээд л олон асуулт гарч байна. Энэ бүхний гаргалгааг хэлж өгөөч. Манай ангийн охин байгаа юм.

ЗӨВЛӨГӨӨ: Сэтгэлээ илчлэх зоригтой байгаа шигээ хүлээцтэй байх хэрэгтэй шүү

Сайн байна уу. Бидэнд хандан захидалд илгээсэнд баярлалаа. Өөрийн сайн болсон охиндоо  сэтгэлээ илчлэх гэж оролдож байгаа ч яаж гэдэг учраа олохгүй байгааг нь ойлголоо. Хэрвээ чи үнэхээр сэтгэлээ илчлэхээр шийдсэн бол түүнд зориулж авсан зүйлээ өгөөд эхний ээлжид ярилцаад үзвэл ямар вэ? Анх удаа хүнд сайн болсон гэдгээ хэлнэ гэдэг тийм ч амархан биш ч анх удаа сэтгэлээ илчилж буй хүн бүрд сандрах, айх, санаа зовох мэдрэмж төрдөг юм шүү. Зориг гарган бугуйвч авсан нь хамгийн эхний алхмаа хийчихсэн байгааг харуулж байна. Сэтгэлээ илчиллээ гэхэд зөвшөөрөх зөвшөөрөхгүй нь тэр охины сонголт юм шүү. Тиймээс сэтгэлээ илчлэх зоригтой байгаа шигээ хүлээцтэй байх хэрэгтэй юм шүү. Мөн эхний ээлжид шууд сэтгэлээ илчлэхгүйгээр чамд зориулж авсан гэдгээ хэлээд ярилцаж нэгнийхээ тухай илүү сайн мэдэж танилцаарай. Тэр охин сэтгэлийг нь хүлээж авахгүй байсан ч тэр охины шийдвэрийг хүндлээрэй. Бид хэн нэгнийг хүчлэх боломжгүй шүү дээ. Зөвшөөрөхгүй байсан ч цаашид  та хоёр сайн харилцаатай байх хэрэгтэй гэдгийг бүү мартаарай. Тэр охин зөвшөөрөхгүй байлаа гээд чи болохгүй байна гэсэн үг биш бөгөөд цаашид зөндөө боломж бий шүү. Чамд амжилтыг хүсье. 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв 
Туслах сэтгэл судлаач Г.Золжа
ргал 

АСУУДАЛ: Өдрийн талыг унтаж өнгөрүүлсэн ч үргэлж  ядарч нойрмоглосон мэдрэмжтэй байх юм

Сайн байна уу? Энэ шуудан очих өдрийн мэнд! Би 15 хүрээд удаагүй охин. Бага байхын нойр ихтэй, унтамхай хүүхэд байсан. Өглөө болгон яг л хар дарсан зүүд шиг ядаргаатай залхмаар байдаг. Өдрийн талыг унтаж өнгөрүүлсэн ч үргэлж  ядарч нойрмоглосон мэдрэмжтэй байх болсон. Сүүлийн үед бүр хичээл дээрээ өөрөө ч мэдэлгүй дуг хийдэг болчихсон байх юм. Гурван жилийн дараа төгсөх болохоор эртнээс бэлдмээр байдаг, даанч мөнхийн нойрмоглоод ядраад яваад байх юм. Яах ёстой юм бол оо? Туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Бага унтахтай адил их унтах ч сөрөг нөлөөтэй юм шүү

Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Өдрийг нойрмоглон өнгөрүүлснээс болоод хичээл сурлагадаа хангалттай анхаарч чадахгүй байгаадаа санаа зовж байна гэж ойлголоо. Зөв үү? Тэгвэл нойрны хэмнэлээ өөрчлөөд үзвэл ямар вэ?  

 Өсвөр насны хүүхэд өдөрт 8 – 10 цаг унтах нь тохиромжтой байдаг. Хэвийн хэжээнээс бага цаг унтах нь асуудал дагуулдаг шиг хэт их унтах ч мөн адил бие махбодын үйл ажилгаанд сөрөг нөлөөтэй. Хэт их унтаснаас үүдэн тархи сэрүүн эсвэл унтаж байгааг ялгаж чадахгүй болдог. Үүнээс үүдэн өдрийн турш анхаарал төвлөрөлт буурах, түрэмгий үйлдлүүд гаргах, хариу үйлдэл удаашрах, тархинд яг л манан үүссэн мэт мэдрэмж төрөх зэрэг асуудлууд тулгардаг байна. Тэгэхээр нойрны хэмнэлдээ хэрхэн анхаарах вэ?  

  • Алкохол, кофейн агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх.
  • Тогтмол цагт унтаж, шөнийн нойроо бүтэн авах. Амралтын өдрүүдэд ч мөн адил хэт их унтахгүйгээр цагийн хуваарийн дагуу унтаж амрах хэрэгтэй. Амралтын өдрүүдэд хэт их унтах нь эргээд ажлын өдөр болоход нойрны хэмнэлд сөргөөр нөлөөлдөг.
  • Сэрсэн даруйдаа өрөөндөө нарны гэрэл оруулах. Нарны гэрэл таныг нойрноосоо сэргэхэд туслах болно.
  • Өдрийн цагаар дуг хийхээс зайлсхийх. Ялангуяа 16 цаг өнгөрсөн тохиолдолд дуг хийх нь орой унтахад хүндрэл учруулж улмаар хэт их унтахад хүргэдэг байна.

Түүнчлэн унтахынхаа өмнө утас үзэхээс зайлсхийгээрэй. Утасны цэнхэр гэрэл нь биднийг нойрсоход тусалдаг мелатонин гормоны ялгаралтыг сааруулдаг тул унтахад хүндрэлтэй болгодог байна.

                
Сэтгэл Судлалын Үндэсний Төв 
Туслах сэтгэл судлаач У.Цэцэнсанаа

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#Сэтгэл зүй