

Та бага байхдаа аварга том амттануудыг идэж байна хэмээн мөрөөдөж байсан уу?
Миний хувьд “Cloudy with a Chance of Meatballs” гээд хүүхэлдэйн киног үзсэн цаг мөчөөс эхлээд л нүүр шиг минь том хэмжээтэй гүзээлзгэнэ, бургер, чихэрнүүдийг идэж үзэхийг хүсдэг байлаа.
Гэхдээ энэхүү хүүхэд насны гэнэхэн мөрөөдөл минь бодит амьдрал дээр биеллээ олсон гэдгийг би сая л олж мэдсэн юм.

Хятадын Чанша хот дахь “Lingshi Henmang” гэх дэлгүүр олон нийтийн анхаарлыг татаад байгаа юм байна. Дэлгүүр нь энгийн л нэг хүнсний дэлгүүр ч дотор нь зарагдаж байгаа бараанууд энгийн гэдэг тодорхойлолтыг хол давсан аж.
Учир юу вэ гэвэл та уг дэлгүүрээс жирийн хэмжээтэй бүтээгдэхүүн нэгийг ч олохгүй бөгөөд зарагдаж буй бүх бараа нь аварга том хэмжээтэй. Зүгээр ч том биш, хөргөгч хөлдөөгчийн хэмжээтэй аварга том шүү!

“Lingshi Henmang”-нд oreo, lays чипс, еэвэн гээд нийтдээ 120 гаруй төрлийн бараанууд байдаг гэнэ.
Дэлгүүрт үйлчлүүлээд гараад явж байгаа хүмүүсийн аварга том чипс ч юм уу ундаа бариад явж байхыг харна гэхээр үнэхээр хөгжилтэй сонсогдож байгаа биз?

Гэхдээ тэдгээр бүх амттанууд аварга том хэмжээтэй юм уу гэвэл үгүй. Зарим нь үнэхээр л аварга том байдаг ч зарим нь зүгээр л том савлагаан доторх энгийн хэмжээтэй бүтээгдэхүүнүүд байдаг байна.
Жишээ нь та аварга том орео авлаа гэж бодоход хайрцган дотор үлэмж хэмжээний орео биш харин 14 энгийн хэмжээтэй орео байна гэсэн үг.
Аан харин Монголд сүүлийн үед ихээхэн худалдаалагдах болоод байгаа хятад хатаасан халуун ногоотой latio-ний хөнжил шиг том хувилбаруудыг энэ дэлгүүрээс худалдаж авах боломжтой.

Тиймээс хэдэн зуун хүн гадаа нь оочирлон зогсож байгаа гэвэл гайхах зүйлгүй боллоо шүү.
“Ард иргэдийн амттаны дэлгүүр” болох зорилготой “Lingshi Henmang” бүтээгдэхүүнүүдээ зах зээлд байдгаас арай хямд борлуулдаг бөгөөд энэ нь үйлчлүүлэгчдийг илүү их барааг авах сэдлийг төрүүлдэг байна.
Тус компаний олон нийттэй харилцах багийн Се Хайгийн хэлснээр тэр иргэдийг онлайнаар барааг нь захиалахаас илүү дэлгүүрт нь биетээр ирж үйлчлүүлээсэй гэж хүсдэг.
Учир нь хаа сайгүй өрөөстэй байх том амттануудыг харах нь хүүхэд насны догдлом мэдрэмжийг сэдрээж аз жаргалтай, сэтгэл хангалуун худалдан авалт хийлгэхэд нөлөөлнө гэж тэр тайлбарлажээ.

Бренд анхны салбараа 2024 оны нэгдүгээр сард Чаншад нээсэн ч бараанууд нь маш эрэлттэй байсан тул гуравдугаар сард ахин нэг салбараа нээжээ.
Үнэхээр л дэлгүүр тийм алдартай байгаа юм уу гэж үү? Хариулт нь 100% тийм.
Зүгээр л дэлгүүр дотор орох гэж үйлчлүүлэгчид гурав гаруй цаг хүлээж зогсдог гээд л бод. Өө бас барааныхаа төлбөрийг төлөх гэж бас дахин нэг цагийг оочирлон өнгөрүүлдэг аж. Зарим хүмүүс бүр өөрсдийнх нь оронд оочирт зогсох хүмүүсийг түрээсэлж байгаа гэнэ.

Эх сурвалж: FoodBeast
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!