

Өөрийгөө хэрхэн танилцуулж байгаагаас ажил олгогчдод төрөх анхны сэтгэгдэл шууд хамаардаг. Бидний анзаардаггүй жижиг зүйлс ч ажлын ярилцлагад чухал байдаг. Эдгээр зөвлөгөө нь танд итгэлтэй мэдрэмж төрүүлэхэд болон эерэг сэтгэгдэл үлдээхэд тусална.
Биеийн байрлал
Ярилцлагад анх ажиглагддаг зүйлсийн нэг бол биеийн байрлал (posture) юм. Шулуун суух/зогсож байгаа нь итгэлтэй харагдуулдаг. Нугарсан, бөхийсөн байрлал нь ичимхий, итгэлгүй мэт харагдуулж болно. Ярилцлагадаа гарын хөдөлгөөн ашиглах нь таныг илүү итгэлтэй, идэвхтэй, яриандаа анхааралтай мэт харагдуулдаг.
Нүдээрээ харилцах
Ярилцлагын үеэр харц тулгарах нь таныг болон хариултыг чинь үнэлж байгаа гэсэн дохио өгдөг. Харц тулгарахгүй байх нь итгэлгүй, нууц зүйлтэй мэт харагдуулж болно. Гэхдээ нүдээ байнга салгахгүйгээр ширтэх нь зохисгүй. Хариулт бодож байхдаа түрхэн зуур нүдээ салгах нь хэвийн зүйл бөгөөд ярилцагчид ч ойлгодог.

Сонсож, хариулах
Идэвхтэй сонсож байгааг харуулах хоёр арга байдаг. Ярилцагч ярьж байх үед биеэ бага зэрэг урагш тонгойлгох нь идэвхтэй оролцож байгааг харуулдаг.
Ярилцлагын үед заримдаа толгойгоо дохих нь та яриаг ойлгож байгааг харуулна. Хэт их толгойгоо дохихгүй зөвхөн тохирох үед, яриаг ойлгосноо харуулахдаа ашиглахад хангалттай.
Гар барихдаа итгэлтэй бай
Ярилцлага хаалгаар орох мөчөөс эхэлдэг. Ресепшн, бусад ажилтнуудтай эелдэг, итгэлтэй харьцах нь эерэг сэтгэгдэл төрүүлнэ.
Гар барихдаа “Би энэ ярилцлагад бэлэн, өөртөө итгэлтэй байна” гэсэн дохио илгээж чангадуу барь. Гар барихад сулхан байх нь таныг эргэлзээтэй, итгэлгүй мэт харагдуулдаг. Энэ нь анхны сэтгэгдэлд сөргөөр нөлөөлдөг жижиг боловч нөлөөтэй зүйл юм.

Үнэн сэтгэлээс инээмсэглэх
Хэн ч үргэлж сөрөг сэтгэгдэлтэй, инээдэггүй хүнтэй хамт ажиллахыг хүсдэггүй. Ярилцлагадаа инээх, тохирох үед инээмсэглэх нь найрсаг, эелдэг болохоо харуулна. Гэхдээ хүчээр инээх шаардлагагүй, тухайн мөчид үнэн сэтгэлээсээ байх нь чухал.
Хөлийн байрлал
Хөлийг ярилцагч руу чиглүүлэх нь илүү тохиромжтой. Хөлийн байрлал нь таны анхаарлын чиглэл болон бодож буй сэтгэгдлийг харуулдаг тул хаалганы зүг чиглүүлэхгүй байх нь зүйтэй.
Кофены аяганы туршилт
Сонирхуулахад Америкт сүүлийн үед олон ажил олгогчид “Coffee-cup test” гэж нэрлэгддэг туршилтыг ашиглаж эхэлсэн байна. Ярилцлагын эхэнд ажил олгогч танд кофе уухыг санал болгодог. Ярилцлага дууссаны дараа таны юу хийхийг ажигладаг байна.. Аягыг хаана тавихыг асуух уу, орхих уу, өөрөө угаах уу гэх мэт.
Xero Australia компанийн програм хангамжийн захирал Trent Innes-ийн хэлснээр, энэ нь ярилцлагын хариултаас ч илүү зан төлөв, ёс зүйг харуулж, багт хэр хурдан дасан зохицохыг илтгэдэг. Хамгийн зөв арга нь гал тогоонд буцаж очиж аягаа угаах юм гэжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!