Сэтгүүлч, продюсерын амьдралыг бодитоор харуулсан ШИЛДЭГ таван цуврал


Аливаа мэргэжлийн онцлогийг харуулсан кинонуудыг санал болгодог цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт сэтгүүлч, продюсер мэргэжлийг онцолж байна. Хэрэв та дээрх мэргэжлийг сонгосон эсвэл сонгохоор судалж байгаа бол дараах бүтээлүүдийг заавал үзээрэй.

СЭТГҮҮЛЧ ГЭЖ ХЭН БЭ?

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтийн мэдэх эрхийг хангах зорилгоор сэтгүүлч нь аливаа үйл явдал эсвэл сонгосон сэдвийн хүрээнд баримт цуглуулж, тэдгээрийг гурваас доошгүй эх сурвалжаар заавал баталгаажуулан хүлээн авагчдад мэдээ, мэдээлэл болгон хүргэдэг.

ПРОДЮСЕР ГЭЖ ХЭН БЭ?

Телевизийн аливаа нэвтрүүлэг, бүтээл бий болоход шаардагдах нөхцөлийг хангаж, хөрөнгө санхүү, гэрээ хэлцэл, орчин нөхцөл, ажиллах багаас эхлээд тухайн уран бүтээлийг хийхээс эхлээд дэлгэцэд гарч дуустал бүх ажлыг нэгтгэн зангидаж, асуудлыг шийдэх гол ажлыг хариуцдаг хүн бол продюсер юм. Ерөнхий продюсер, гүйцэтгэх продюсер, туслах продюсер зэргээр ангилдаг.

МАНАЙ УЛСАД...

Монгол Улсад сэтгүүл зүйн салбарт боловсон хүчин бэлтгэдэг цөөнгүй их, дээд сургууль бий. Тэдгээрээс дурдвал,

-       Монгол Улсын Их Сургууль- Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим

-       Соёл Урлагийн Их Сургууль- Радио, телевиз, медиа урлагийн сургууль

-       Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль- Сэтгүүл зүй

-       Монголын Үндэсний Их Сургууль

-       Кино Урлагийн Дээд Сургууль

-       Сити Их Сургууль

Үргэлжлүүлэн сэтгүүлч, продюсеруудын амьдралыг бодитоор харуулсан Өмнөд Солонгосын таван цувралтай танилцана уу.

1.     HEALER (2014)

#Цахим_мэдээний_сэтгүүлч

Ангийн тоо: 20

Ерөнхий үйл явдал: Энэхүү кино нь цахим хэвлэлийн газрын залуу сэтгүүлч болон “Анагаагч” хэмээх нууц нэртэй хөлсний ажилтан хоёрын талаар өгүүлэх  бөгөөд та уг бүтээлээс нийгэм дэх шударга бус явдлыг зогсооход сэтгүүлчийн үзэг болоод дуу ямар хүчтэй гэдгийг харах болно.

Үзэх шалтгаан: Өмнөд Солонгосын өндөр үнэлгээтэй жүжигчид болох Ji Chang Wook, Park Min Young нар дүр бүтээснээрээ онцлогтой.

2.     ARGON (2017)

#Эрэн_сурвалжлах_сэтгүүлч

Ангийн тоо: 8

Ерөнхий үйл явдал: Эрэн сурвалжлах сэтгүүлчдээс бүрдсэн “Argon” багийн тухай өгүүлэх тус цувралд худал хуурмаг мэдээллээр бохирдсон нийгэмд үнэн баримтыг хүргэхээр зорьж буй сэтгүүлч, сурвалжлагчдын талаар гарах юм.

Үзэх шалтгаан: Улс төр, эдийн засгийн хууль бус үйл ажиллагааны эсрэг сэтгүүл зүй дөрөв дэх засаглалын үүргээ хэрхэн биелүүлж байгаа болон сэтгүүлчдэд ямар хүндрэл, бэрхшээл тулгардаг тухай хүлээн авч үзээрэй.

3.     PINOCCHIO (2014)

#Телевизийн_сэтгүүлч

Ангийн тоо: 20

Ерөнхий үйл явдал: Идэвхтэй эрэл хайгуул, сониуч зан, зоримог чанар, тууштай байдал зэрэг нь сэтгүүлчийн үйл ажиллагааг үргэлж эерэг үр дүнд хүргэж байдаг. Тэгвэл уншигч та уг цувралаас сэтгүүлчид байх эдгээр мөн чанаруудыг үзэхийн зэрэгцээ олон нийтийн мэдэх эрх ямар ч үед заавал хангагдах ёстойг ойлгож авах болно.

Үзэх шалтгаан: 2015 онд Хятадын телевизийн зах зээл тус цувралын нэг ангийг 280,000 ам доллараар худалдан авч байжээ. Үүнээс уг бүтээлийн чансаа харагдаж байна.

4.     HUSH (2020)

#Сонины_сэтгүүлч

Ангийн тоо: 16

Ерөнхий үйл явдал: Мэдээ мэдээллийн эрин зуунд хурд хүч, авхаалж самбаагаараа өрсөлдөж буй сонины сэтгүүлчдийн өдөр тутмын амьдрал хэрхэн өрнөдөг тухай уг цувралаас үзээрэй. 

Үзэх шалтгаан: Цувралын гол дүрд SNSD хамтлагийн дуучин Im Yoon Ah тоглосон гэдгээрээ онцлогтой.

5.     PRODUCERS (2015)

#Телевизийн_продюсер

Ангийн тоо: 12

Ерөнхий үйл явдал: Бидний үзэх дуртай цэнгээнт нэвтрүүлгийн ард яг үнэндээ юу болдог вэ? Продюсеруудын адал явдал, алдартнуудын үнэн төрхийн тухай өгүүлэх уг цуврал таныг нэг хором ч уйдаахгүй.

Үзэх шалтгаан: Өмнөд Солонгосын хамгийн өндөр цалинтай эрэгтэй жүжигчин болох Kim Soo Hyun гол дүр бүтээсэн гэдгээрээ онцлогтой.

Дээрх цувралууд уншигч танд урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна. Нийгмийнхээ дуу хоолой болох замналд тань амжилт хүсье!

#Кино урлаг #К-Драма #Сэтгүүлч #Продюсер