Өвлийн олимпын наадамд оролцох манай тамирчдын хувцсыг танилцуулав


Б.Эрдэнэчимэг | YOLO.MN
ӨЧИГДӨР

“Милан–Кортина 2026” өвлийн олимпын наадамд Монгол Улсын баг тамирчдын өмсөх ёслолын болон чөлөөт хувцасны хослолыг албан ёсоор танилцуулав.

"Гоёл кашмир" компанийн загвар зохион бүтээгчид, оёдолчид тамирчдын хувцсыг урласан байна.    

Тэд уламжлалт дээл хувцсыг орчин үеийн загварт хослуулахаас илүүтэй, аугаа их түүх, өв соёлын маань салшгүй хэсэг болсон эртний монгол хувцасны соёлыг өнөө цагт дахин таниулж, дэлхий дахинд хүргэхийг зорьжээ. Манай улсын хамгийн хүчирхэг түүхэн үе болох XIII–XV зууны Их Монгол Улсын үеийн дээл хувцсыг үндэс болгон бүтээсэн загвар нь хөдөлгөөнд саадгүй, хормойн оноо, салхи хүйтнээс хамгаалах мөөрөлжин зах, элэг тэвэрсэн битүү энгэр зэрэг уламжлалт шийдлийг хадгалсан. Зөөлөн тансаг монгол ноолуурыг гоёмсог торгоор эмжин, уламжлалт эвэр угалз хээ хатган, ёслол хүндэтгэлийн хэв маяг шингээжээ. 

Нүүдэлчин ард түмэн бидний хатуу өвлийг даван туулахад түшиг болж ирсэн Монгол ноолуураар уламжлалт түүх соёлыг хадгалсан ёслолын дээл болон барууны соёлд түгэн дэлгэрсэн уулын цанын ноосон цамцнаас сэдэвлэж, монгол гэр, ахуйн дүрслэлээр баяжуулсан ноолууран сүлжмэл чөлөөт хослолуудыг урлажээ. 

Хэдэн мянганы турш Төв Азийн өндөрлөгийн мөнх өвлийг туулж ирсэн Монголчууд бидний тэсвэр хатуужил, ур ухаан, дайчин чанарыг дэлхийн спортын тавцанд тодотгон харуулсан байна.

#Өвлийн Олимп #Милан кортина-2026