Хүмүүс ChatGPT-ээс илүүтэй сошиал медиагаас татгалзахад бэлэн байна


Т.Онон | YOLO.MN
2026-01-20

AI Resume Builder компанийн явуулсан саяхны судалгаагаар Gen Z үеийнхний дөрвөн хүн тутмын нэг нь TikTok, Instagram зэрэг сошиал медианаас татгалзахад бэлэн, харин ChatGPT эсвэл түүнтэй төстэй хиймэл оюун ухааны хэрэгслүүдээс салахыг хүсэхгүй гэж хариулжээ.

Үүнээс гадна судалгаанд оролцсон арван хүний ес нь ярианд суурилсан хиймэл оюун ухаангүй амьдралыг төсөөлж чадахгүй гэжээ.

Энэ нь ChatGPT зэрэг хэрэгслүүд хэрхэн богино хугацаанд “сонирхолтой шинэ зүйл”-ээс зайлшгүй хэрэгцээ болж хувирсныг тод харуулж буй гайхмаар тоо баримт юм.

GEN Z ҮЕИЙНХЭН CHATGPT-ИЙГ ӨДӨР БҮР,  БАЙНГА АШИГЛАЖ БАЙНА

1,200 гаруй хүнийг хамруулсан уг судалгаагаар хиймэл оюун ухааны хэрэгслүүд аль хэдийн өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон болохыг тогтоожээ. Оролцогчдын 40 хувь нь ChatGPT-ийг өдөр бүр ашигладаг гэж хариулсан бөгөөд олонх нь өдөрт хэд хэдэн удаа хэрэглэдэг байна.

AI-г ихэвчлэн бичвэр боловсруулах, хичээл хийх, санаа гаргах, ажилд ороход бэлтгэх, асуудал шийдвэрлэхэд ашигладаг аж.

Сошиал медиа нь ихэвчлэн зугаа цэнгэл, бодит байдлаас түр холдох хэрэгсэл гэж ойлгогддог бол AI хэрэгслүүдийг ашигтай, үр дүнтэй, бүтээмжид чиглэсэн гэж тодорхойлжээ. 

Энэхүү ялгаа нь яагаад зарим хүмүүс Instagram, TikTok зэрэг платформоос татгалзаж чадах ч AI-г хадгалж үлдэхийг сонгож байгааг харуулж байна.

AI ЧИГ ХАНДЛАГА БИШ, “АШИГЛАЛТЫН ХЭРЭГСЭЛ” БОЛЖ БАЙНА

Олон Gen Z хэрэглэгчид AI-г бүтээлч байдал эсвэл хүний харилцааг орлох зүйл гэж харахаас илүүтэйгээр хайлтын систем, мессежийн апп шиг өдөр тутмын дижитал хэрэгсэл гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, ChatGPT нь дэд бүтэц болж байна.

Энэ нь технологийн салбарт ажиглагдаж буй ерөнхий чиг хандлагатай нийцэж байна. AI хэрэгслүүд браузер, утас, үйлдлийн систем, бүтээмжийн програмуудад гүнзгий нэвтэрч, өдөр тутмын дижитал амьдралаас салгах аргагүй болжээ.

ДҮГНЭЛТ

Мэдээж энэ нь Gen Z сошиал медиаг бүрэн орхиж байна гэсэн үг биш. Харин ямрыг илүүд үзэх вэ гэдэг эрэмбэ өөрчлөгдөж байгааг харуулж байна.

Сошиал медиа дэлгэцийн цагийг давамгайлсан хэвээр байж болох ч үнэхээр ямар нэгэн зүйл бүтээж, шийдэх хэрэг гарвал хүмүүс AI хэрэгслүүдэд илүү найдаж байна.  

Олон хүний хувьд AI хэрэгслүүдгүй амьдрах нь боломжгүй мэт санагдах болжээ.

Эх сурвалж: Yahoo Tech

#судалгаа #Gen Z