Ууланд амиа алдсан эзнийхээ хажуугаас холдолгүй 70 хоносон нохой


Сондор | YOLO.MN
2023-11-18

Колорадогийн уулархаг нутагт нэгэн эр сураггүй болсноос нь хойш 10 долоо хоногийн дараа амиа алдсан байдалтай байхыг нь олсон ч түүнтэй хамт явсан нохойг эсэн мэнд олжээ.

Нохойг олоход эзнийхээ цогцсын дэргэдээс алхам ч холдолгүй хамт байжээ. Үнэнч нохой Финни ойд жижиг амьтад агнаж амьд үлдсэн байх гэж аврагчид таамаглаж байна. 71 настай Рич Мур өөрийн Жек Рассел терьер үүлдийн Финни хэмээн нэртэй нохойн хамт наймдугаар сарын 19-нд Хар толгойт оргилд авирахаар гарсан  ч гэртээ эргэж ирээгүй аж.

Алга болсон эрийн машин зогсож байсан уулын бэлийн зэргэлдээх оргил өөд аврагчид олон хоног самналт хийж, хайсан ч олоогүй байна. Харин нэгэн анчин Мурын цогцсыг оргилоос зүүн тийш 2,5 км зайд олсон ба түүний дэргэд байсан Финни амьд боловч биеийн жин маш бага буюу эцэж турсан байдалтай байжээ.

Үнэнч Финни

Аврагчид Финниг нисдэг тэргээр тээвэрлэн мал эмнэлэгт үзүүлсэн бөгөөд одоо эзнийхээ гэр бүлийн хамт байгаа гэв. “Финни хулгана гэх мэт жижиг амьтдыг агнаж, мөн уулын арслан, чоно, баавгай зэрэг махчин амьтдаас зайлсхийж ямар нэгэн байдлаар амьд үлдсэн нь гайхалтай” хэмээн аврагчдын ахлагч Ассошиэйтед Пресс агентлагт ярьжээ.

Жек Рассел үүлдрийн ноход жижиг биедээ баймгүй хурдан шаламгай, тэсвэр хатуужилтай байдаг. Түүний амьд үлдсэн гайхалтай үйл явдал нь эзэндээ ямар их үнэнч байсны гэрч юм.

Нохойн эзэн Мурыг осгож нас барсан хэмээн шүүх эмнэлэг дүгнэсэн ч гэр бүл, олон нийт эргэлзэж байна. Учир нь бэлээс Хар толгойт оргил руу гарахад ердөө 655 м зайтай байдаг. Мурын найзууд түүнийг туршлагатай явган аялагч байсан бөгөөд өмнө нь найзуудтайгаа энэхүү оргил руу хамт гарч байсныг дурсжээ. Мөн түүний эхнэр Дана  хэлэхдээ Финни нөхөрт нь маш их хайртай байсан гэжээ.

Эх сурвалж: BBC

#мэдээ