Nestle компани нярайн хуурай сүүгээ татан авч байна


С.Оюундарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Nestle компани дэлхий даяар худалдаалагдаж буй хоолны хордлого үүсгэдэг, аюулт бодисыг агуулж байх магадлалтай нярайн хуурай сүүг буцаан татаж байна. Тус компани SMA брэндийн нярайн болон нярайн бус сүүн тэжээлийн бүтээгдэхүүнүүдийг хүүхдэд өгөхөд аюултай гэж мэдэгджээ.

Эдгээр бүтээгдэхүүнүүд дэлхийн олон оронд худалдаалагдаж байсан ба тэдгээрт цереулид гэх хорт бодис агуулагдсан байх магадлалтай гэнэ. Энэхүү бодис хүний биед орсон тохиолдолд тухайн хүний дотор муухайрах, бөөлжих зэрэг сөрөг нөлөөг үзүүлдэг билээ.

Nestle борлуулагдаж буй бүтээгдэхүүнүүдтэй холбоотойгоор өвчилсөн тохиолдол одоогоор бүртгэгдээгүй гэж мэдэгдсэн ч урьдчилан сэргийлэх зорилгоор буцаан таталт хийж байгаагаа онцолсон байна. Мөн тус компани эцэг эх, асран хамгаалагчид болон худалдан авагчдаасаа уучлал хүсэж, тэдний нэн тэргүүний зорилт бол нярайн аюулгүй байдал, эрүүл мэнд нь гэдгийг бататгажээ.

Доголдолтой бүтээгдэхүүнүүд хэд хэдэн Европын улсуудад зарагдаж байснаас дурдвал, Франц, Герман, Австри, Дани, Итали болон Швед зэргүүд багтаж байна.

Дурдсан нярайн нярайн сүүн тэжээлээс бусад өөр Nestle – ийн бүтээгдэхүүнүүдэд ямар ч асуудал байхгүй гэдгийг компаний төлөөлөгч тодотгосон. Тэд эрүүл мэндийн чанарын баталгаа хангаагүй бүтээгдэхүүнүүдийг худалдаж авсан иргэдэд буцаан олголт олгохоо амласан бөгөөд асуудлыг тэдэнд орц нийлүүлдэг нийлүүлэгчтэй холбон тайлбарлаж байна.

Nestle France компани Guigoz болон Nidal брэндийн нярайн сүүн тэжээлийн заримыг урьдчилан сэргийлэх, сайн дурын үндсэн дээр буцаан татаж буйгаа мэдэгдсэн бол Герман улсад эдгээр сүүн тэжээлүүд Beba болон Alfamino гэсэн нэрээр худалдаалагддаг.

Их Британид буцаан татагдсан бүтээгдэхүүний багцын дугааруудыг Nestle – ийн Их Британий албан ёсны вэбсайт эсвэл food.gov.uk сайтаас шалгах боломжтой.

Цереулид нь Bacillus cereus гэдэг нянгийн зарим төрлөөс ялгардаг хорт бодис бөгөөд хоолны хордлогын шинж тэмдгийг үүсгэдэг. Эдгээр шинж тэмдгүүд ихэвчлэн бодис хүний биед орсноос тийм ч удалгүй илэрдэг ба ихэвчлэн бөөлжих, гэдэс базлах зэргээр илэрдэг.

Их Британий Хүнсний Стандартын агентлагаас анхааруулснаар, цереулид нь хоол хийх, буцалсан усанд холих эсвэл нярайн сүүг холих үед ч устаж идэвхгүй болох магадлал тун багатайг анхааруулаад уг сүүн тэжээлийг хүүхдүүддээ өгөхгүй байхыг зөвлөжээ.

Эх сурвалж: BBC

#Nestle