Англи хэлний ДУНД шатны мэдлэгтэй хүмүүс уншихад тохиромжтой 10 ном


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-01-18

Зөвхөн англи хэл ч гэлтгүй гадаад хэл суралцаж байгаа хүмүүсийг тухайн хэл дээрээ ном уншихыг зөвлөдөг. Ингэхдээ өөрийн түвшинд тохирсон ном сонгож унших нь хамгийн чухал.

Энэ удаагийн нийтлэлээрээ англи хэлний дунд шатны мэдлэгтэй хүмүүст зориулсан ном санал болгох бөгөөд ном тус бүрийг үнэгүй татаж авах боломжтой юм. 

ТҮВШИНГЭЭ ТОГТООХ НЬ

Өөрт тохирсон ном уншихын тулд өөрийн англи хэлний түвшинг маш сайн мэдэж байх хэрэгтэй. Тиймээс ЭНД дарж англи хэлний түвшин тогтоох шалгалтыг өгч, өөрийгөө чухам хаана явааг мэдэж аваарай. 

ЯАГААД АНГЛИ ХЭЛ ДЭЭР НОМ УНШИХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

“Унших тусам илүү их зүйл мэдэж авна. Илүү ихийг мэдэх тусам олон газраар явна”

- Dr. Seuss

Гадаад хэл дээр төдийгүй эх хэл дээрээ ном уншихын ашиг тус тоочоод дуусашгүй олон байдгийг бүгд мэднэ. Мөн хүн бүр англи хэл дээр ном уншвал үгийн сан нэмэгдэж, бичгийн чадвар сайжирна гэдгийг ч мэддэг.

Гэхдээ дээрх жишээнүүдээс өөр маш олон давуу тал бий. Жишээ нь тухайн улсын соёлоос суралцаж болно. Англи хэлээ сайжруулна гээд заавал англи, америк зохиолчдын номыг унших албагүй. Магадгүй япон, солонгос зохиолчдын номыг англи хэл дээр уншихад тухайн улсын соёл, ахуй амьдрал, ёс заншилтай танилцаж, мэдлэгийн хүрээгээ тэлэх боломжтой.

Мөн англи хэл дээр ном унших явцдаа мэдэхгүй үгээ толь бичгээс харах, өгүүлбэрийн бүтцийг ажиглах зэргээр хэлний чадвараа бодитоор нэмэгдүүлэх боломжтой. Заримдаа подкаст, радио сонсох үед мэдэхгүй үг хэллэг таарсан ч түүнийгээ тольдох боломж олддоггүй шүү дээ. Харин ном танд энэ боломжийг олгоно.

Сонирхолтой зохиолыг өөр хэл дээр уншиж дуусгаад номоо хаах мөчид өөрөөрөө бахархах мэдрэмж ч төрж мэдэх юм. Та “хэзээ ч чадахгүй” гэсэн зүйлийнхээ ард гарсан байна шүү дээ. Эхний номоо дуусгахад дараагийн номоо уншмаар санагдах болно. Тиймээс бусад хүн уншиж чадаж байхад та яагаад чадахгүй гэж ?

Зөв номоо сонговол хэлний түвшин ч амархан сайжирна. Ихэнх хүмүүс өөрийн түвшинд тохироогүй, хэтэрхий “хүнд” ном сонгож авчхаад гадаад хэл дээр ном уншихаас зайлсхийгээд байдаг талтай. Харин өөрт тохирсон номыг сонгоод авчихвал хэзээ ч уйдахгүй.

ЯМАР НОМ УНШИХ ВЭ? 

Хэрвээ та англи хэлний дунд шатны мэдлэгтэй бол дараах номуудыг санал болгоё.

1. Номын нэр: The House on Mango Street

Зохиолч: Sandra Cisneros

Номын хураангуй: Энэ ном нь Эсперанза хэмээх мексик охины амьдралын тухай өгүүлдэг. Тэрээр гэр бүлийнхэнтэйгээ Манго гудамжинд нүүж ирэх бөгөөд шинэ байшин нь хуучнаасаа хавьгүй дээр байлаа. Мөн өмнө нь үргэлж түрээсийн байшинд амьдардаг байсан бол энэ удаагийн байшинг эцэг эх нь худалдаж авсан аж. Гэхдээ л Эсперанза тийм ч баяртай байсангүй. Учир нь тэрээр үүнээс ч том, үзэсгэлэнтэй байшин худалдаж авахыг хүсдэг. Зохиолын туршид Эсперанза найз нөхөдтэй болж, өсөж том болсоор байв. Гэвч ядуу гэр бүлтэй гэдэг нь түүний сэтгэлийг зовоосоор...

Номыг ЭНД дараад татаж аваарай.

2. Номын нэр: Peter Pan

Зохиолч: J.M. Barrie

Номын хураангуй: Ихэнх хүмүүс Петер Пений түүхийг мэддэг учраас зохиолыг нь англи хэлээр уншихад амархан байх болно. Энэ зохиолыг унших явцдаа өгүүлбэрээ илүү сайн ойлгох, өгүүлбэрийн бүтэцтэй танилцах нь чухал шүү.

Номыг ​ЭНД дараад уншаарай. 

3. Номын нэр: Number of the Stars

Зохиолч: Lois Lowry

Номын хураангуй: Энэ зохиол нь бодит түүхээс сэдэвлэсэн бөгөөд хэрэв та Дэлхийн хоёрдугаар дайны талаар мэдлэгтэй бол ойлгоход илүү дөхөм байх болно. Мэдээж түүхийн талаар сайн мэдэхгүй байсан ч энэ номыг унших явцдаа асар их мэдээлэл цуглуулах боломжтой.

1943 он, Дани улсын Копенхаген хот. Хот бүхэлдээ Гитлерийн цэргүүдэд бүслэгджээ. 10 настай Аннемари охины амьдралд маш их өөрчлөлт гарав. Хүн бүр айдаст автаж, хоол хүнс ховордож эхлэв. Еврейчүүдийг өөр газарт аваачих тухай яриа гарсан бөгөөд Аннемаригийн дотнын найз Эллен еврей байлаа. Анне найзынхаа төлөө юу хийж чадах бол ?

Номыг ЭНД дараад татаж аваарай.

4. Номын нэр: A Wrinkle in Time

Зохиолч: Madeline L'Engle

Номын хураангуй: Мег 14 настай. Хүн бүр л түүнийг асуудал үүсгэгч, муу сурагч гэж боддог. Гэвч Мегийн гэр бүл бусдын нүдэнд төгс гэр бүл байв. Түүний ээж үзэсгэлэнтэй эрдэмтэн бөгөөд хоёр ихэр ах болон дүү нар нь бүгд өөрсдийн гэсэн чаддаг зүйлтэй, ухаалаг аж. Мег, Мегийн гэр бүлийнхэн болон найзууд, нууцлаг хөршүүдийнх нь сонирхолтой түүхийг энэ зохиолоос уншаарай.

Номыг ЭНД дараад татаж аваарай. 

5. Номын нэр: Charlie & Chocolate Factory

Зохиолч: Roald Dahl

Номын хураангуй: Энэ зохиол 1964 онд хэвлэлтээс гарсан бөгөөд өнөөдрийг хүртэл хөгшин, залуугүй уншсаар байна. Магадгүй та бүхэн киног нь ч үзсэн байх.

Харин англи хэл дээрх номыг нь дунд болон дундаас дээш түвшинтэй хүн уншихад тохиромжтой. Зохиолыг унших явцдаа хүнийг тодорхойлох үгс болон хүний дотоод сэтгэл, мэдрэмжийн талаарх үгийн сангаа нэмээрэй.

Номыг ЭНД дараад татаж аваарай.

6. Номын нэр: Oliver Twist

Зохиолч: Charles Dickens

Номын хураангуй: “Оливер Твист” уран сайхны киног үзэж байсан хүмүүст энэ зохиол ойр санагдаж мэдэх юм. Гэхдээ киног нь үзээгүй хүмүүст ч гэсэн ном нь таалагдах болно.

Оливер Твист багаасаа л асрамжийн газарт өссөн бөгөөд хоол унд муутай байсан тул үеийнхнээсээ жижигхэн биетэй байжээ. Хэдийгээр улсаас асрамжийн газарт нь хангалттай дэмжлэг үзүүлдэг боловч хомхой сэтгэлтэй эзэд нь төсвөөс завшсаар хөөрхий хүүхдүүдэд асар бага хоол оногддог байв.

Ийнхүү Оливер хүү нэгэн золгүй явдлаар асрамжийн газраасаа зугтаж улмаар хулгайч нартай нийлдэг.

Номыг ​ЭНД дараад уншаарай. 

7. Номын нэр: The Fault in Our Stars

Зохиолч: John Green

Номын хураангуй: “The Fault In Our Stars” нь Монголын уншигчдын хувьд аль хэдийнэ танил болсон зохиол төдийгүй кино нь ч алдартай юм. Тиймээс зохиолын агуулгыг дурдах нь илүүц биз ээ. Харин энэ зохиолыг англи хэлний дунд болон дундаас дээш түвшинтэй хүн уншихад тохиромжтой.

Зохиолд харилцан яриа их агуулагдсан байдаг учраас ойлгоход цэгцтэй. Мөн уншихад өдөр тутмын хэрэглээний үгийн сан ч нэмэгдэнэ.

Номыг ЭНД дараад татаж аваарай.

8. Номын нэр: The Last Song

Зохиолч: Nicholas Sparks

Номын хураангуй: Энэхүү зохиол эцэг эх нь хоёр тийш болсны дараа сэтгэл гутралд орсон өсвөр насны охины тухай өгүүлдэг. Тэрээр зуныг аавтайгаа өнгөрүүлэхээр ирдэг бөгөөд хэнтэй ч танилцаж дотносхыг хүсдэггүй. Гэвч зуны турш олон янзын уулзалт, арга хэмжээнд оролцож гэр бүл, хайрын тухай мэдэрч эхэлнэ...

Номыг ЭНД дараад татаж аваарай.

9. Номын нэр: The Secret Garden

Зохиолч: Frances Hodgson Burnett

Номын хураангуй: 10 настай Мэри охины эцэг эх нь тахлаар нас барж бяцхан охин үрчлэгдэхээр болдог. Ийнхүү хэсэг зуур санваартныд амьдарч байгаад Йоркширт асар том үл хөдлөх хөрөнгөтэй авгынхаа гэр амьдрахаар иржээ. Авга ахынх нь эдлэнд асар том цэцэрлэг байдгийг Мэри үйлчлэгч эмэгтэйгээс сонсоно. Ийнхүү Мэри цэцэрлэгийн түлхүүрийг олж үзэсгэлэнтэй ертөнц болгон хувиргана.

Номыг ЭНД дараад татаж аваарай.

10. Номын нэр: Bridge to Terabithia

Зохиолч: Katherine Paterson

Номын хураангуй: Хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид ч “Bridge to Terabithia” киног мэддэг. Хэдийгээр зохиол нь хүүхдэд зориулсан боловч англи хэлний бүх түвшнийхэнд хэрэгтэй зохиол. Мөн та зохиолоо уншиж дуусгаад Netflix-ээс киног нь үзэх боломжтой.

Номыг ЭНД дараад татаж аваарай. 

Эх сурвалж: LLE (Let”s Learn English), Britannica

#Боловсрол #Англи хэл #Ном