

Ердөө гуравхан хоногийн дотор нэг сая гаруй хандалт авч, YouTube-ийн трендийг тэргүүлж буй ThunderZ - Tengri: GEGEEN (ft. Ninjin & Monjigo) дуу Монголын хөгжмийн ертөнцөд нэгэн шинэ давлагааг авчирлаа.
Гэхдээ энэ нь зөвхөн хөгжмийн амжилт биш юм. Уран бүтээлч маань их зохиолч Л.Түдэвийн "Оройгүй сүм" романы гүн гүнзгий утга санааг орчин үеийн визуал урлагтай сүлжсэн нь залуу үеийнхний дунд "сонгодог зохиол унших" шинэ трэндийг эхлүүлээд байна.
ThunderZ: “Оройгүй сүм уншиж дуусаад авсан мэдрэмжээсээ сэдэвлэн шинээр бичсэн өөр зохиол юм шүү. Гэхдээ би тэр зохиолд бол дуртай.” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан нь сонсогчдын сонирхлыг илүүтэй татав. Өөрөөр хэлбэл, энэ бол их зохиолчийн философиор хөглөгдөж, орчин үеийн залуу уран бүтээлчийн дотоод ертөнцөд шинээр мэндэлсэн "Гэгээн" түүх бөгөөд поп соёл үндэсний утга зохиолыг хэрхэн амилуулж болдгийн тод жишээ болж байна.
“ОРОЙГҮЙ СҮМ” РОМАНЫ ТОВЧ ТУХАЙ
Урьдын баян хожим үгүйрвэл хөөрхий
Урьдын ноён хожим буурвал хөөрхий
Урин тэнэгүүдийн дунд ганц цэцэн хөөрхий
Л.Түдэв гуай энэхүү суут бүтээлээ 1980-аад онд туурвисан бөгөөд "Оройгүй сүм" нь ХХ зууны Монголын шилдэг романуудын нэгд зүй ёсоор тооцогддог.
Зохиолын эхлэл хэсгийг сонирхуулбал:
…Бүртэлзэн шовсхийсэн тэр нэгэн нь загийн үжир үндсээр таяг хийж тулсан, хижээл насны сохор хүн байлаа. Нүд нь шаравтар бөгөөд цэлдэн мэт өнгөтэй, хараагүй болсон ажээ. Зүс царай нь төдий л доройтоогүй мөртлөө сэтгэлийн их зовиуртай нь илэрхий үзэгдэнэ. Залуудаа цэвэр, цэмцгэр явсан хүний шинжийг хадгалсан хэвээр аж.
Жин үдийн халуунд духан дээгүүрх гурван гүн атирааны нь дагуу үл мэдэг хөлс чийхран гарч байх боловч уруул нь хатаж ундаассан нь илэрхий. Элсэн довцог дундуур гав ганцаар тэмтчин яваа тэр хүн өгөршиж муруйсан заг модны бахим урт үндсэн таягаа урдаа барьж түүгээрээ үе үе газар хатган үзэж нүдтэй хүнээс бараг дутахгүйгээр саад бэрхшээлийг мэдэрч тойрон явж байлаа.

Зохиолын гол үйл явдал: Зохиолд Санж хэмээх бандийн хүүхэд наснаас эхлэн Түвд нутагт олон жил шавилан сууж, "Лхаарамба" (Бурхны шашны хамгийн дээд цол) болж, эх нутагтаа эргэн ирж буй амьдралын ээдрээтэй түүхийг хүүрнэнэ. Гэвч энэ нь зөвхөн нэг ламын намтар биш, харин хүний сэтгэлгээний чөлөөлөлт, мухар сүсэг болон амьдралын үнэний зөрчил юм.
ЯАГААД "ОРОЙГҮЙ СҮМ" ГЭЖ НЭРЛЭСЭН БЭ?
Санж нутагтаа ирээд эхийнхээ дурсгалд зориулан "Буян залбирах" хийдийн Чойрын дуганыг барьдаг. Тэрээр Бурхны шашны гүн ухааныг сурсаар, судалсаар эцэст нь тэр бүхэн хий хоосон, зохиомол үлгэр болохыг ухаардаг. Сүмийг барьж дуусахад зөвхөн оройн хэсэг л үлдсэн байх үед Санж дотоод итгэл үнэмшил нь нуран унаж, "шар шувтлах" (лам байхаа болих) сонголтыг хийсэн тул оройг нь барьж дуусгаагүй юм. Энэ нь шууд утгаараа оройг нь барьж дуусгаагүй сүм гэсэн утгаар, мөн эрдэм мэдлэгт орой гэж үгүй гэсэн гүн утгыг ч бас агуулдаг.

ЗОХИОЛООС ОНЦЛОХ 3 ГОЛ ЗАНГИЛАА
1. Шашны гүн ухаан ба Амьдралын хар ухаан
“Жор мэддэг ламаас зовлон үзсэн чавганц дээр.” Санж Түвдэд хүнд өвдөөд хэдэн арван ламын уншлага, зан үйл тус болохгүй байхад жирийн нэгэн маарамба эмэгтэй түүнийг хар аргаар (гэрийн халуун хоол цайгаар) эмчилж буй хэсэг нь зохиолын хамгийн том философи. Бурхны гүн ухаанаас амьдралын бодит “хар ухаан" илүү бодитойг эндээс харуулахыг зорьсон байх.
2. Шашны дотоод тэмцэл ба Муу санаа:
Зохиолд Түвд болон Монгол лам нарын атаа жөтөө, эрх мэдлийн төлөөх бусармаг явуулгуудыг илчилдэг. Санжийг эх нутаг руу нь буцаахгүйн тулд хөнөөхийг оролдох, эцэст нь нутагт нь ирсэн хойно нь нүд рүү нь хортой бодис цацаж хараагүй болгон говьд цөлж буй нь хүний мөн чанарын хар барааныг харуулна.
3. Эмгэнэлт төгсгөл
Зохиолын төгсгөлд Санж ламтан шашны дотоод тэмцэл, атаа жөтөөний золиос болдог. Тэрээр Дэмчиг гавжтай маргалдсаны улмаас Богд ламын шүүлтэд орж, "Жанж арилжих" (амиа егүүтгэх) эсвэл "Шар шувтлах" (лам байхаа болих) гэсэн хатуу сонголттой нүүр тулдаг.
Санж шашны хий хоосон номоос татгалзаж, хайрт бүсгүй Отгонтойгоо эгэл жирийн амьдралаар амьдрахаар шийдэн шар шувтахаар шийднэ. Гэвч өс хонзондоо автсан лам нар түүнийг зүгээр явуулсангүй. Ёслолын үеэр Санжийн нүд рүү хортой нунтаг цацаж, хараагүй болгоод эзгүй цөлд цөлдөг. Түүгээр ч зогсохгүй түүнийг халамжлах ганц хүн болох Отгон бүсгүйг мориноос нь унагаж, хэвлий дэх үртэй нь хамт хорлоно.
Ийнхүү насан туршдаа гэгээрэл болон төгс төгөлдрийг хайж, хамгийн сайхан сүмийг барихаар тэмүүлсэн Санж юу ч үгүй, хэн ч үгүй, харанхуй ертөнцөд орь ганцаар үлддэг. Энэ нь "Оройгүй сүм" романы хамгийн гүн эмгэнэл буюу хүний биелэгдээгүй хүсэл мөрөөдөл, хязгааргүй зовлонгийн илэрхийлэл юм.
УТГА ЗОХИОЛЫН ШИНЭ ДАВАЛГАА

"GEGEEN" дуу цацагдсан даруйд сошиал орчинд нэгэн сонирхолтой давлагаа эхэлсэн нь залуус YouTube-ээс номын дэлгүүр рүү "нүүдэллэсэн" явдал байв. Орчин үеийн хөгжмийн хэмнэл, дүрслэл нь 40 гаруй жилийн өмнөх сонгодог зохиолыг Z үеийнхэнд цоо шинээр нээж өглөө. Залуус зөвхөн дууг сонсоод зогсохгүй, клипний цаадах гүн утгыг тайлахын тулд "Оройгүй сүм" романыг шимтэн уншиж, сошиал орчинд номын хэлэлцүүлэг өрнүүлж байна. Энэ нь поп соёл үндэсний утга зохиол, түүхэн үнэт зүйлсийг хэрхэн трэнд болгож, залууст ухаарал өгч болдгийн тод жишээ болов.
Л.Түдэвийн "Оройгүй сүм" ба ThunderZ-ийн "GEGEEN". Энэ бол зөвхөн ном, дууны холбоос биш, харин үе үеийн уран бүтээлчид гэгээрэл болон үнэнийг өөр өөрийнхөөрөө хайж буй түүхэн огтлолцол юм. Санжийн барьж дуусгаагүй сүм өнөөдөр бидний дотоод ертөнцөд хөгжмийн эгшгээр дамжин амилж байна.
Магадгүй бид бүгдийн дотор баригдаж дуусаагүй нэгэн "Оройгүй сүм" бий. Тэрхүү сүмийнхээ оройг хайж, өөрийгөө танин мэдэх аялал тань "Гэгээн" байг.
Э.Баярцэцэг
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!