5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

Найз ОХИНГҮЙ/ХӨВГҮҮНГҮЙ хүмүүст зориулав


Бабу | YOLO.MN
2017-02-13

Мэдээж танд сэтгэл санаагаар унаж, ганцаардаж, өөртөө гутрах үе гаралгүй яах вэ. Харин тэр үедээ зөвхөн эерэг зүйл дээр төвлөрч, өөрийгөө цэнэглэж байгаарай.

Ганц бие байх хугацаа бол таны өөрийгөө хайрлаж сурах боломж юм. Хүн өөрөөсөө илүү өрөөлийг хайрлавал зовдог юм. Гэхдээ энэ нь хэт их эго өндөртэй байж, өөрийгөө бусдаас байнга дээгүүрт тавина гэсэн үг биш. Мэдээж аливаа юмны тун хэтрэхээрээ хор болдог хойно. Эхлээд чи өөрийгөө тань, өөрийнхөө дуртай зүйлийг ол, өөрийгөө сонс.

Жишээ нь миний хийх дуртай зүйл юу вэ, би алжаалаа яаж тайлдаг вэ, би эрүүл мэндээ хэр их анхаардаг вэ, миний мөрөөдөл юу вэ, би юу сурмаар байгаа вэ, одоо хийж буй ажилдаа би сэтгэл хангалуун байна уу гэх мэт асуултыг өөртөө тавиад үзээрэй. Зарим асуултын хариулт тодорхой биш байна уу. Тэгвэл та өөртэйгөө ажиллах хэрэгтэй болжээ гэсэн үг.

Ингээд ганц бие байхдаа амжуулах зургаан чухал зүйлсийг хүргэе.

1. Өөрийгөө хөгжүүл
Хостой хүмүүстэй харьцуулахад танд өөртөө зориулах илүү их цаг зав бий. Энэ сул цагийг ашиглах хамгийн шилдэг арга бол сурах. Хүн тасралтгүй сурч, хөгжиж байх хэрэгтэй. Шинэ хэл, шинэ мэргэжил, дуу, бүжиг гээд юу ч сурж болно шүү дээ. Магадгүй та өөрийн шинэ хоббигоо олж нээх ч юм билүү.


2. Аялалд яв
Заавал гадагшаа явж галуу шувууны мах идэх биш дотооддоо ч аялаж болно шүү дээ. Өвөл, хүйтэн зэргээс бүү ай. Ер нь л ганц бие хүмүүст илүү их боломж байдаг. Ганцаараа аялах эвгүй санагдаж байвал хүсэл зорилго нэгтэй хүрээлэл бий болгоод хамт аялаж байгаарай. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг байх аа.


3. Гэр бүлдээ цаг зарцуул
Биднийг нэг нас нэмж амьдралд хатуужихын хэрээр эцэг эх хоёр минь хөгширч байдаг гэхээр гунигтай. Хүнтэй суусан хойноо хэдий их хүсэл байвч тэднийгээ байнга халамжилж чадахгүй шүү дээ. Ээжийгээ болзоонд урьж хамт гадуур яв. Аавтайгаа аялалд гарч амьдралын туршлагаас нь сонс. Тэр хоёрт ч тан шиг ганц бие явсан үе байгаа, зөвлөгөө авсан ч болно шүү дээ. Дараа нь харамсахгүйн тулд эцэг эх хоёроо тултал нь хайрлаарай.


4. Хуримтлал үүсгэ
Мөнгө бүхнийг худалдаж авч чадахгүй ч мөнгөөр бид өчнөөн сайхан зүйл худалдаж авч болно. Тиймээс хугацаатай хадгаламж нээгээд мөнгөө хуримтлуул. Амьдралд гэнэтийн зүйл их шүү дээ, мөнгөний хэрэгцээ гарч л таарна. Хүссэн аялал, сайхан байшин, хүүхдийнхээ ирээдүй гэх мэт зүйлсдээ өнөөдрөөс бэлтгэж мөнгөө хадгалаарай.


5. Болзоонд яв
Насаараа ганц бие явмааргүй байгаа бол таалагдсан хүнээ болзоонд урих зоригтой бай. Шинэ хүмүүстэй танилц. Танихгүй хүн гэдэг цоо шинэ ертөнц шүү дээ. Хэрэв таалагдахгүй бол тухайн хүнийхээ ч, өөрийнхөө ч цаг мөнгийг үрэлгүй шулуухан хэл. Хэдий гадаад үзэмж нь танд таалагддаг байсан ч ярилцаад үзэхэд үзэл бодол нь тантай нийцэхгүй бол сэтгэлийг тань татаж чадахгүй шүү дээ. Эсрэг хүйсний хүнээс юу хүсдэгээ олж мэд.


6. Эрүүл мэнддээ анхаар
Танд ганц л бие заяасан. Эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдаж, эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хий. Хорт зуршилтай бол хаях гээд оролдоод үзээрэй. Эрүүл л байвал бид баян шүү дээ.


Бид болохгүй зүйлийг болгох гэж хүчилдгээс болж зовдог. Бүтэхгүй хайрыг явуулж, аз жаргалгүй гэрлэлтийг цуцлахаас битгий айгаарай. Ганц олдох амьдралдаа та мөнх зовох гэж ирээгүй юм шүү. Амьдрал бол баялаг. Бидэнд таарах хүмүүсийг бэлдчихсэн л байгаа. Ганц бие амьдралаа цэглэх гэж яаралгүй, хосын харилцааны хариуцлагыг бүрэн ухамсарлах хүртлээ өөрийгөө бэлдээрэй.

Жич: Маргааш болох дурлалт хосуудын баяраар шоколад хэн нэгнээс авсангүй гэж эморхын оронд зүгээр л дэлгүүр ороод өөрөө аваад идчих. cheekyАмьдралыг битгий хэцүү болгоорой.

#Problem #LOVE #Teenagers