BLACKPINK хамтлаг "Jump" дуугаараа АНУ-ын RIAA-аас "Алт" гэрчилгээ хүртлээ


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

BLACKPINK хамтлаг 2025 онд гаргасан "Jump" дуугаараа Америкийн Дуу бичлэг үйлдвэрлэлийн холбооноос (RIAA) "Алт" (Gold) гэрчилгээ хүртлээ.

RIAA-аас мэдээлснээр "Jump" дуу нь 12 дугаар сарын 11-ний байдлаар 500,000 нэгж борлуулалтад хүрч, алтан гэрчилгээ авах болзол хангасан байна. Тус холбоо нь борлуулалтын хэмжээнээс хамаарч дараах шатлалаар батламж олгодог:

“1 нэгж=150 удаа сонсох”

  • Алт (Gold): 500,000 нэгж
  • Платинум (Platinum): 1 сая нэгж
  • Олон платинум (Multi-Platinum): 2 саяас дээш нэгж
  • Даймонд (Diamond): 10 сая нэгж

Эдгээр нэгжийг тооцохдоо цомог болон дууны биет борлуулалт, дижитал татан авалт, мөн аудио болон видео стриминг үзүүлэлтийг нэгтгэдэг байна.

RIAA-ны “Алт” гэрчилгээ гэж юу вэ?

Хөгжмийн салбарт уран бүтээлчдийн амжилтыг үнэлэх хамгийн нэр хүндтэй шалгууруудын нэг юм. Үүнийг улс бүрийн дуу бичлэгийн холбоод олгодог.

RIAA буюу Америкийн Дуу бичлэг үйлдвэрлэлийн холбоо

Энэ нь АНУ-ын дуу бичлэгийн салбарын компаниудыг төлөөлдөг ашгийн бус байгууллага юм. Тэд 1958 оноос эхлэн хөгжмийн борлуулалтын албан ёсны тоо баримтыг баталгаажуулж, гэрчилгээ олгож эхэлсэн. АНУ бол дэлхийн хамгийн том хөгжмийн зах зээл учраас RIAA-аас гэрчилгээ авна гэдэг нь тухайн уран бүтээлчийг "дэлхийн хэмжээний од" болсныг илтгэх гол үзүүлэлт болдог.

"Jump" дуу нь зөвхөн АНУ-д бус, дэлхий даяар өндөр амжилт үзүүлж байгаа юм. Тухайлбал, Канад болон Франц улсад "Платинум", харин Австрали, Бельги, Шинэ Зеланд улсуудад "Алт" гэрчилгээ тус тус хүртжээ. Өнгөрсөн долдугаар сард гарсан тус бүтээл нь Spotify платформ дээр 470 сая гаруй удаа тоглогдож, Billboard Hot 100 жагсаалтад 10 долоо хоногийн турш багтсан байна.

Мөн BLACKPINK хамтлаг ирэх хоёрдугаар сарын 27-нд гурав дахь "Deadline" нэртэй богино хэмжээний цомгоо (EP) гаргахаар зэхэж байна. Энэ нь 2022 оны есдүгээр сард гарсан "Born Pink" цомгоос хойш 3 жил 5 сарын дараа тохиож буй хамтлагийн бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирж буй томоохон үйл явдал юм.

Эх сурвалж: Korea Times

#BLACKPINK #Jump