11 хоног унтахгүй дээд амжилт тогтоосон эрэгтэйд юу тохиолдсон бэ


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

1964 онд 17 настай Рэнди Гарднер 264 цаг буюу дараалан 11 хоног унтахгүй байж дээд амжилт тогтоохоор зорьжээ.

Ахлах сургуулийн шинжлэх ухааны үзэсгэлэнд зориулсан энгийн туршилтаар эхэлсэн энэ оролдлого удалгүй судлаачид болон хэвлэл мэдээллийн анхаарлыг татсан байна. Тэрээр туршилтын дараа эхэндээ зүгээр мэт санагдсан ч хэт их нойр дутуу явсны үр дагавар нь олон жилийн дараа түүнийг зовоож эхэлжээ.

Дээд амжилт тогтоосон туршилт

Гарднер болон түүний хоёр найз болох Брюс МакАллистер, Жо Марчиано нар нойргүйдэл оюуны үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдгийг судлахаар шийджээ. Тэд ээлжлэн Гарднерийг унтахгүй байгааг нь хянаж, зан авир болон чадварт нь гарч буй өөрчлөлтийг тэмдэглэж байсан байна.

Гарднер сагсан бөмбөг тоглох, пинбол тоглох зэргээр өөрийгөө сэрүүн байлгаж чадсан байна.

1964 оны 1-р сарын 8-нд, 11 хоног огт унтаагүй явсны дараа тэрээр Гиннесийн дээд амжилтыг албан ёсоор тогтоожээ.

Түүнд илэрсэн шууд нөлөөллүүд

Унтахгүй гурав дахь өдрөөс эхлэн Гарднер дотор муухайрах, ой санамжийн богино хугацааны алдагдалд орж эхэлжээ. Хожим хийсэн тархины шинжилгээнүүдээр түүний тархи хэсэг хэсгээрээ “түр нойрсож” байсан нь тогтоогдсон бөгөөд зарим хэсэг нь богино хугацаанд унтарч, бусад хэсэг нь сэрүүн хэвээр үлдсэнээр тэр хэт ядарсан ч ямар нэг хэмжээнд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж чадсан байна.

Тэр нойргүйдэлтэй болсон

Анхандаа Гарднер зүгээр мэт байсан ч хожим нь хүнд хэлбэрийн нойргүйдэлтэй болжээ. 2017 онд олон нийтийн радиод өгсөн ярилцлагадаа тэр олон жилийн турш унтаж чадахгүй, шөнөжин сэрүүн хэвтэж, ердөө хэдэн цаг л унтаж чаддаг байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр энэ байдлыг тэсвэрлэхийн аргагүй, сэтгэл санаа болон бие махбодын хувьд бүрэн туйлддаг байсан гэжээ.

Хэдийгээр тодорхой нотлогдоогүй ч Гарднер өөрийн өсвөр насандаа хийсэн энэ туршилт нь унтах чадварыг нь бүрмөсөн алдагдуулсан гэж итгэдэг бөгөөд энэ үр дагаврыг тухайн үедээ огт төсөөлөөгүй байжээ.

Нойр дутуугийн хор нөлөө

Гарднерийн түүх нь хэт их нойр дутуу явахын аюулыг тод харуулдаг. Удаан хугацаанд нойр дутуу явах нь ой ухаан муудах, сэтгэл түгших болон сэтгэл гутралд өртөх эрсдэлийг нэмэгдүүлэх, жин нэмэх, зүрх судасны өвчинд хүргэх магадлалтай. Мөн хариу үйлдлийн хурд, шийдвэр гаргах чадварыг муутгаж, өдөр тутмын энгийн үйлдлүүдийг хийхэд хүртэл хэцүү болгодог.

Эх сурвалж: Bright Side

#дээд амжилт