

Зул сараар хүмүүст бэлэг өгч, эргүүлээд бэлэг авах нь баярын өдрийг догдлом болгодог гол зүйлсийн нэг шүү дээ. Ялангуяа энэ шалтгаанаар зул сарын баяр хүүхэд багачуудын хамгийн их хүсэн хүлээдэг өдөр нь байдаг гэдэгт итгэлтэй байна.
Зул сар гэхээр л бидний толгойд хамгийн түрүүнд амтат бялуу, жимс жимсээр дүүрэн баярын зоогийн ширээ, өнгө өнгийн тоглоомоор гоёсон гацуур мод болон ууттай бэлгүүд орж ирдэг. Гэхдээ та өмнө нь хүмүүс яг яагаад зул сарын баяраар бэлэг солилцдог юм бол гэж бодож байсан уу? Хэрвээ тийм бол таны асуултын хариултыг яг одоо хамтдаа олж мэдэцгээе.
Бэлэг өгөх уламжлал нь бүр эрт дээр үеэс буюу хүн төрөлхтөн үүссэн цагтай хамт үүсэн бий болсон юм. Балар эртний үед бэлэг солилцох нь өөр овог аймгийн хүмүүст хоорондоо дотносох боломжийг олгож, нөгөөдөө итгэх итгэлийн үндэс болдог байсан тул ихээхэн түгээмэл байсан бололтой.
Шинэ чулуун зэвсгийн үед 12 сарын 22-ны нар буцах өдөр нь маш чухал өдөрт тооцогддог байв. Нар буцах өдөр эртний хүмүүс хуучирч буй оноо үдэн ирж буй шинэ жилээ угтах зорилгоор Stonehenge гэх мэт том чулуугаар хүрээлэгдсэн газруудад цуглаж найр наадам хийн бэлэг солилцдог байжээ.

Stonehenge-ийн хажууханд байрлах Durrington Walls гэх газарт малтлага хийхэд гахай, үхэр зэргийн 38,000 гаруй амьдын яснууд олдсон байна. Судалгаагаар тэдгээр амьтдыг өвлийн дунд сард нядалсан болох нь тогтоогдсон. Ихэнх яснууд тодорхой хэмжээний махтайгаа хаягдсан байсан нь тэр хавиар идэх хоол унд элбэг байсныг илтгэж байгаа юм.
Эртний Ромын үед ч шинэ жилээр бэлэг өгдөг уламжлал байсан. Жил бүрийн эхний өдрүүдээр бөө тахилч, шашны тэргүүн болох Дриудууд мислотон гэх ариун ургамлын мөчрийг хүмүүстээ тарааж, ирж буй жилдээ аз дүүрэн байхыг ерөөдөг байжээ. Ромчуудын нэгэндээ бэлэглэдэг бэлгийг “стренае” хэмээн нэрлэгдэг байсан нь эрүүл мэнд, сайн сайхны бурхан Стрения-ийн нэрээс үүдэлтэй. Учир нь азын бэлэг тэмдэг болсон анхны лаврын навч Стрениягийн ариун ойд ургасан гэж үздэг болохоор тэр юм байна.

Анхандаа тэд ариун модноос унасан мөчир, саваа зэргийг бэлэг болгон өгдөг байсан ч сүүлдээ алтаар бүрхэгдсэн самар, хоёр толгойт Яанус бурхны зурагтай зоос зэргийг солилдог болжээ.

Эртний Ромын хамгийн алдартай баяр болох Сатурналиа нь өвлийн дунд сард тэмдэглэгддэг байв. Уг баяр 12 сарын 17-ноос 23 хүртэл үргэлжлэх бөгөөд хүмүүс энэ үеэр язгууртан, боол гэлтгүй хэргэм зэргээ умартаж хамтдаа ууж цэнгэн, наргин баярладаг байсан байна. Эдгээр өдрүүдэд мөрийтэй тоглоом тоглосон ч ямар ч асуудалд ордоггүй байсан гэхээр ард иргэд нь ёстой л дураараа дургидаг байсан юм шиг байгаа юм. Яг л өнөөдрийн бид баярын өдрүүдээр амардаг шиг ажилчин ангиуд ч бас Сатурналиаг тохиолдуулан амардаг уламжлалтай байв.
Орчин үеийн хүмүүсээс ялгаатай нь эрт дээр үед хүмүүс ямар бэлэг өгөхөө өөрсдөө сонгодоггүй харин байнга өгдөг заншил болсон бэлэгтэй байсныг бид харж байна. Сатурналиагийн үеэр иргэд нэгэндээ инээд хүргэм хошин зүйлс, жижиг сувинер эсвэл Сигилариа гэж нэрлэгддэг шавар ваарыг бэлэглэдэг байсан. Ромын яруу найрагч Мартиалийн шүлэгт Сатурналиагийн тухай гардаг. Шүлэгт дүрсэлснээр баярын үеэр хүмүүс ихэвчлэн тийм ч үнэтэй биш хямд бэлгүүдийг бэлэглэдэг бөгөөд энэ нь ч баярыг илүү утга учиртай болгодог хэмээн тэмдэглэжээ.
Баярын үеэр өгөх бэлгийн сонголт маш чухал. Хамгийн сонирхолтой нь хямд, жижиг бэлгүүд хүндлэл болон жинхэнэ нөхөрлөлийг харуулдаг гэж тооцогддог байсан бол үнэтэй, том бэлгүүд бэлэг өгч буй хүнийг нөгөө хүндээ таалагдах гэж хэт хичээсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг байсан гэнэ. Бэлгийн уламжлалыг ерөнхийдөө эрэгтэйчүүд голчлон гүйцэтгэдэг ч эмэгтэйчүүд болон хүүхдүүд ч бас тодорхой хэмжээгээр оролцдог байв.
Христийн шашин Ромд өргөнөөр дэлгэрэх болсон тул Ромчууд бэлэг бэлэглэдэг заншлаа хадгалж үлдэж чадсан. Гэхдээ Сатурналиа шиг өргөн хэмжээгээр хэтрүүлэн тэмдэглэхээ больж, илүү даруухан тэмдэглэх болсон байна. Мөн энэхүү бэлэг өгөх уламжлалыг 01 сарын 06-ны өдөр Маги нялх Есүст алт, анхилам үнэрт утлага, модны давирхай зэргийг өгсөн Библийн түүхтэй холбох нь элбэг байдаг.

Эх сурвалж: English Heritage
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!