ЗАХИДАЛ: Эгч хүүхдээ зодоод байхаар нь болиулах гэтэл ээж намайг ҮСДЭЖ авсан


ССҮТөв | YOLO.MN
2021-10-13

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Сэтгэл хүнд оргиод байна. Хөдөө байдаг болохоор сэтгэл зүйчтэй уулзаж чаддаггүй.

Сайн байна уу? Би 17 настай. Багадаа илэн далангүй, яриа хүүхэд байсан ч ээж маань "Ингэж ярьж болохгүй. Хамаагүй битгий яриарай" гэж захисаар байгаад одоо би дотроо юу болж байгаагаа хэнд ч ярьдаггүй. Ярих гэж оролдсон ч хүмүүс тоохгүй байхаар нь сүүлдээ "Энэ чинь миний л асуудал. Энэ хүнд ямар хамаа байхав дээ" гээд дотроо хадгалдаг болсон.

Өөрөө бол бусдын яриаг хэзээ ч таслахгүй. Яривал дуртайяа сонсогч нь байдаг ч юугаа ч гаргахгүй болохоор сэтгэл маань хүнд оргиод байх шиг. Зүгээр л байж байснаа уйлчих гээд, сэтгэл хөдлөл өндөртэй болоод байгаа. Хөдөө байдаг болохоор сэтгэл зүйч байхгүй. Яагаад ч юм ганц л итгэж ярих хүн маань сэтгэл зүйч юм шиг санагдаад байдаг. 

ЗӨВЛӨГӨӨ: Мэдрэмжээ бусдад илэрхийлдэггүй бол тэдгээр нь бөөгнөрч, нэг дор хүчтэйгээр илэрхийлэгддэг талтай. 

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Эргэн тойрны чинь хүмүүс чамайг анхааралтай сонсоосой, чиний юу мэдэрч байгааг анзаараасай гэж хүсэж байна гэж ойлголоо. Мөн өөрийнхөө сэтгэл хөдлөлд анхаарч бусадтай ярилцах гэж оролдсон нь сайн байна.

Захидалд ээж нь чамайг "Ингэж ярьж болохгүй", "Хамаагүй битгий яриарай" гэж багаас нь захисан гэж бичжээ. Ээж нь юуг чамайг битгий яриарай гэсэн юм бол? Ямар учраас чамайг битгий яриарай гэсэн юм бол? Энэ талаар чи ээжтэйгээ ярилцаж байсан болов уу?

Ээж нь хамаагүй битгий яриарай гэсэн нь чамайг өөрийнхөө сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлэхэд саад болж байгаа гэж ойлголоо, зөв үү? Хэрэв тийм бол ээж чинь чамайг үнэхээр сэтгэл хөдлөл мэдрэмжээ битгий илэрхийл гэж хэлж байсан болов уу? Эсвэл тодорхой хэдэн зүйлсийг ярьж болохгүй гэж хэлж байсан уу? Энэ талаар чиний ойлгосон утга болон ээжийнх нь илэрхийлэх гэсэн санаа хоёр таарч байгаа болов уу?

Бидэнд төрдөг мэдрэмжүүд, сэтгэлийн хөдөлгөөн гээд бүгдээрээ заавал тодорхой хэмжээгээр илэрхийлэгдэх хэрэгтэй байдаг. Харин чи бусдад төдийлөн илэрхийлээгүй бол тэдгээр мэдрэмжүүд бөөгнөрч нэг дор хүчтэйгээр илэрхийлэгдэх гээд байдаг талтай. Тиймээс бусадтай ярилцаж, эерэгээр илэрхийлж байх нь чухал юм шүү. Ээждээ, найздаа гээд ойр дотнын хүмүүстээ өөрийнхөө сэтгэл хөдлөл мэдрэмжээ илэрхийлэхийг хичээсээр байгаарай. Сэтгэл хөдлөл, мэдрэмжээ нээлттэй илэрхийлдэг болоход тодорхой цаг хугацаа, хичээл зүтгэл хэрэгтэй юм шүү. Олон удаа оролдож үзэх нь чамайг бага багаар бусадтай сэтгэл хөдлөл, мэдрэмжээ хуваалцдаг болоход тусална. Чамд амжилт хүсье.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Намайг сэтгэлээ илчлэхэд зөвшөөрөөгүй ч сэтгэл дотроо бол түүнтэй үерхдэг. 

Сайн байна уу? Би төгсөх курсийн оюутан, эмэгтэй. Хайр дурлалын асуудлыг өөрийн найзуудын хүрээллээс өөр хүнд огтоос дурдаж байгаагүй. Найзууддаа ярьдаг ч миний юу мэдэрч байгааг мэдэхгүй учраас мэргэжлийн сэтгэл зүйчтэй холбогдож зөвлөгөө авахаар шийдээд энэ захидлыг бичиж байна.

Би нэг залууд чин сэтгэлээсээ хайртай болчихсон. Би спортоор хичээллэдэг юм л даа. Тэр хүнтэй анх спортоороо дамжуулж танилцсан. Бид нэг клубт хичээллэдэг, сонирхол, үзэл бодол, дуртай дууны төрөл, ярианы сэдэв маш сайн нийлдэг. Би сайн болоод 10 сар болж байна. Хажууд нь байхад түшигтэй, дулаахан, тухтай байдаг.

Бидний харилцаа тийм ч муу биш болохоор би сэтгэлээ илчилсэн. Гэхдээ би татгалзсан хариу авсан. "Зүгээр энгийн дотно найзууд байцгаая" гэсэн. Үүнээс хойш би сэтгэлээ татах гэж хичээсэн л дээ. Бидний харилцаа муу болоогүй. Тэр хүн надаас хөндийрөөгүй. Би тэр хүнд сэтгэлээ илчилсэн гэх зүйл огтоос болоогүй юм шиг л маш хэвийн байсан.

Гэвч би сайн биш хайртай болчихсон. Би үргэлж л түүний талаар бодож, зарим хүмүүс яг л тэр хүн шиг харагдаад байдаг болчихсон. Хайртай хүн маань миний бүх зүйл болсон. Гол асуудал нь би сэтгэлдээ тэр хүнтэй үерхэж байна л гэж боддог. Яг үнэндээ тийм биш шүү дээ. Би найзууд хэвээрээ. Би үргэлж тэр хүний талд, тэр хүний төлөө бүгдийг зохицуулж, зориулж, өмгөөлж хамгаалж, тэр хүн байгаа газарт л хамт байж, миний ярианы сэдэв тэр хүнээр дүүрчихдэг. Би тэр хүнгүйгээр хэвийн амьдрахад үнэхээр төвөгтэй бас хэцүү байна. Хосын харилцаанд нэг нь хайргүй бол үргэлжлүүлж болохгүй гэдгийг мэдэж байгаа ч би "Хоёулаа үерхье" гэж гуймаар байна. Гэхдээ би эмэгтэй нь... Бардам зангаа хаяж тэр хүнийг гуйсан ч зөвшөөрөхгүй байх вий гэж айж бас эмээж байна.

ЗӨВЛӨГӨӨ: Нэг нь хайргүй бол хосын харилцаа үргэлжлэх боломжгүй. 

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Тэр хүнд маш их татагдсаныг чинь ойлголоо. Мөн тэр хүний "Зүгээр энгийн дотно найзууд байцгаая" гэдэг хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм шиг санагдлаа. Тэр хүн ямар учраас “найзууд байцгаая” гэдэг хариу өгсөн гэж бодож байна вэ? Энэ талаар та хоёр ярилцсан болов уу?

Захидлаас уншихад та хоёр энэ талаар төдийлөн ярилцаагүй, асуудлаа шийдээгүй юм шиг санагдлаа. Аливаа зүйлийн учир шалтгааныг мэдэх нь тухайн асуудлыг шийдвэрлэхэд туслах боломжтой байдаг. Тиймээс тэр хүнд чи ямар мэдрэмж төрүүлдэг вэ? Ямар учраас найзууд байх гээд байгаа вэ? Хосын харилцааны талаарх үзэл бодлыг нь асууж ярилцахыг хичээгээрэй. Ийнхүү ярилцаж өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэхийн хажуугаар хайртай болсон хүнийхээ мэдрэмжийг ойлгохыг хичээгээрэй.

Мөн тэр хүн ямар ч хариу өгсөн гэсэн тэр хүний бодол, мэдрэмжийг хүндэтгээрэй. Нэг нь хайргүй бол хосын харилцаа үргэлжлэх боломжгүй гэдгийг чи мэдэж байгаа шүү дээ. Тиймээс таагүй хариу сонссон ч гэсэн түүнийг хүлээн зөвшөөрөхийг хичээгээрэй. Чамд амжилт хүсье!

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Би эцэг эхийнхээ сонгосон мэргэжлээр сурдаг. Өдөр бүр залхмаар, уйтгартай, шантармаар байдаг. 

Сайн байна уу? Би МСҮТ-ийн төгсөх ангийн оюутан. Эмэгтэй. МСҮТ-д элсэн суралцах нь аав, ээжийн минь шийдвэр байсан. Би тэдний сонгосон мэргэжлээр суралцаад одоо төгсөх гэж байна.

МСҮТ төгсөхийн өмнө 5 сарын хугацаатай гурван удаагийн дадлага хийдэг. Онолоор суралцахад ерөөсөө ч төвөгтэй санагддаггүй. Багшийн хий, судал гэсэн зүйлийг хийсний эцэст 3.7 голчтой төгсөж байна. Гэхдээ миний хүссэн мэргэжил биш болохоор дадлагад гарахад хэцүү байдаг. Анхны дадлагадаа гарахад шантарч байсан ч "Яагаад хүмүүс энэ мэргэжлийг эзэмшээд, ажил хийхийг хүсээд байдгийг ойлгож мэдье" гэж өөртөө урам өгч хичээсэн боловч бодсон шиг биш.

Би олон талаас нь яаж ч оролдож үзсэн. Ажлаа дурлаж хийж чадахгүй байна. Одоо би төгсөлтийн өмнөх дадлагад гарч байгаа. Өдөр бүр залхмаар, уйтгартай, төвөгтэй, шантармаар. Надад хоёр сар 14 хоногийн хугацаа үлдсэн. Хэрвээ аав, ээжийнхээ үгэнд орж МСҮТ-д мэргэжил эзэмшиж суралцаагүй, өөрийнхөө жинхэнэ хүсэж буй зүйлээ хийж байсан бол ядарч, өлссөн ч жаргалтай байх байсан байх гэж боддог. Миний л хайнга хандаж гаргасан шийдвэр болохоор хэнд ч гомдолж, шаналж байгаагаа хэлж чадахгүй байна.

ЗӨВЛӨГӨӨ: Чи л хэлэхгүй бол тэд чамд ямар байгааг мэдэхгүй.

Сайн байна уу? Өөртөө төрж байгаа мэдрэмжээ бусдад илэрхийлмээр санагдаж байгаа юм шиг санагдлаа. Хүн бүр өдөр тутамдаа янз бүрийн шийдвэрүүдийг гаргадаг. Тухайн шийдвэр болгон зөв эсвэл үргэлж хүсэн хүлээсэн шиг байдаггүй. Энэ нь хэвийн зүйл. Чиний тухайн үед гаргасан шийдвэр чамайг таагүй болгож байгааг ойлгож байна. Гэхдээ бид ирээдүйд юу болохыг урьдчилж мэдэх боломжгүй шүү дээ. Тэр үеийн өөрийгөө хэт их буруутгах хэрэггүй дээ. Хүн бүр л алддаг болохоор өөртөө төрж байгаа мэдрэмжээ бусадтай хуваалцаж болно шүү.

Сонгосон мэргэжилдээ сэтгэл хангалуун бус байна гэж ойлголоо. Мөн сонгосон мэргэжил нь чиний дуртай, сонирхдог зүйлийг хийдэггүй учир чамд таалагдахгүй байна гэж ойлголоо. Зөв үү? Тэгвэл чи юу хийх дуртай вэ? Сонирхлоо тодорхойлсон болов уу? Чи юу хийхийг хүсэж байна вэ? Юу хийвэл өлссөн ч ядарсан ч жаргалтай байх юм шиг санагдаж байна вэ?

Хэрвээ сонирхлоо тодорхойлоогүй бол мэргэжлийн сэтгэл судлаач дээр очиж мэргэжил сонголтын оношилгоо хийлгэн өөрийн сонирхол, ур чадвар зэргээ тодорхойлуулах боломжтой байдаг шүү. Энэ талаар гэр бүлийнхэнтэйгээ ярилцахыг хичээгээрэй. Учир нь чи хэлэхгүй л бол тэд чамд ямар санагдаж байгааг мэдэхгүй. Тийм болохоор аль хэдийнэ гаргачихсан шийдвэртээ шаналах бус одоо тулгараад байгаа асуудлаа юу хийж шийдвэрлэж болох талаар эргэцүүлж бусадтай ярилцаж, санал солилцохыг хичээгээрэй. Чамд амжилт хүсье!

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Эгч маань хүүхдээ зодоод байхаар нь болиулах гэтэл ээж намайг үсдэж авсан. 

Сайн уу? Би 19 настай. 2-р курсийн оюутан. Хааяадаа үнэхээр үхчихмээр санагдах юм. Гэр бүл минь уйлаан майлаан, хэрүүл зодоон, орилоон чарлаанаар дүүрэн байдаг. 

Би аавгүй өссөн. Тэр амьд байдаг ч намайг тоодоггүй. Тоосон ч гай болохоор арчаагүй хүн. Ээж минь хөгжлийн бэрхшээлтэй юм шиг бие муутай. Өөрөө ч арчаагүй. Биеэ бодохгүй хамаагүй идэж ууж, болиулах гэхээр уурладаг. Одоогоор ээж, том эгч хоёртойгоо амьдарч байна. Эгч маань нөхөргүй, гурван хүүхэдтэй. Манайх жижигхэн сүүмгэр лангуу ажиллуулж амь зогоодог. Би аль чадахаараа лангуун дээр суудаг. Бас би оюутан болсон. Үүнээс гадна эгчийн хүүхдүүд 1, 2-р ангид орсон. Коронагаас болоод хичээлээ сайн хийж чадаагүй. Угаасаа удаан ойлгоцтой хүүхдүүд. Хүний үгэнд ч орохгүй. Гэхдээ бүх хүүхдүүд л тийм байдаг байх гэж бодоод аль болох стрессдэхгүй байхыг хичээдэг. 

Хоёр настай, сахилгагүй нялх дүү байдаг. Өнөөдөр ээжтэйгээ лангуун дээр сууж байгаад ирсэн чинь хүүхдээ үгэнд орохгүй, муухай хардаг гээд гарыг нь өргүүлж шийтгэж байв. Хүүхэд нь зөрүүд болохоор үгэнд нь орохгүй байсан. Эгч уурлаад хогийн шүүрээр 2, 3 цохиход нь дуугүй байсан. 4, 5 дахь дээр нь "Болиоч" гэсэн чинь "Чи дут, би ээж нь. Хүүхдээ яаж хүмүүжүүлэхээ өөрөө мэдье" гээд намайг цохив. Өөрийгөө хамгаалаад эгчтэй барилцаж авч байхад ээж намайг үсдэж аваад "Эгч чинь хүүхдээ зодох нь зөв" гээж намайг зэмлэсэн. Миний буруу юм уу? 

ЗӨВЛӨГӨӨ: Чи дуугүй суулгүйгээр өөрийн зүгээс хийж чадах зүйлсээ хийсэн байна. 

Өдрийн мэнд. Бидэнд итгэж захидал илгээсэнд баярлалаа. Гэр бүлийнх нь уур амьсгал чамд хэцүү байгааг ойлголоо. Гэр бүлийнх нь харилцаа эерэг таатай байгаасай гэж хүсэж байна гэж ойлголоо.

Гэр бүлийн уур амьсгалыг сайжруулахын тулд өөрийн чинь хичээл зүтгэлээс гадна бусад гишүүд ч хичээх шаардлагатай. Дүүгээ цохисныг хараад дуугүй суугаагүй өөрийн зүгээс хийж чадах зүйлээ хийсэн байна. Хүссэн хүн нь хэн нэгний биед халдах нь зөв биш.

Одоогоор өөрийн зүгээс юу хийж чадах вэ? Дахиж дүү болоод өөрийн чинь биед халдахгүй байхыг анхааруулж хэлэх. Ямар нэгэн харилцааны асуудал үүсвэл эхний ээлжид хоорондоо ярилцаж шийдэж байхыг хүсэх. Өөрийн зүгээс хийж чадах эдгээр зүйлсийг гэрийнхэндээ илэрхийлээрэй. Яг одоо цагт өөрт чинь ямар хэцүү байгааг төсөөлж байна. Тэгсэн ч гэсэн амьдралд итгээрэй. Өөрийн ирээдүйгээ өөрөө бүтээгээрэй.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter