2025 онд үзэгчдийг байлдан дагуулсан шилдэг таван анимэ


С.Оюундарь | YOLO.MN
УРЖИГДАР

2025 он дуусаж 2026 оны босгоор алхахад тун ойрхон ирээд байгаа энэ үед маш олон фенүүд ирэх жилд гарах шинэ анимуудыг тэсгэл алдан хүлээж байгаа сурагтай. Яг энэ цаг мөчид 2025 онд үзэгчдийн хүртээл болсон шилдгийн шилдэг таван анимэг тодруулах нь зөв байх. Учир нь энэ жил маш олон анимуудын шинэ бүлэг болон содон сонирхолтой анимэ гарсан шүү дээ.

Жагсаалтыг гаргахдаа бид анимэний алдар нэр, шүүмж, фенүүдийн үзэл бодол, зохиол, түүх, зураглал, дүрүүд болон ерөнхий чанар зэргүүдийг авч үзсэн болно. Хэрвээ та эдгээр таван анимуудын аль нэгийг үзэж амжаагүй байгаа бол он дуусахаас өмнө заавал үзээрэй.

5. ‘Dr. STONE SCIENCE FUTURE’ (2025)

2019 онд гарч эхэлсэн Dr. Stone-ний хоёр бүлэг 2025 онд ар ардаасаа цацагдсан. Сенкү болон түүний багийнхан тив дамжин Америк руу аялж учир битүүлэг чулуужих үзэгдлийн нууцыг тайлахаар явахдаа шинэ дайснуудтай нүүр тулдаг. Тэд одоо Сенкүтэй яг ижил хэмжээний супер ухаантай өрсөлдөгчтэй тулалдах хэрэгтэй болох юм.

Хэдийгээр Dr. Stone энэ жил хоёр тусдаа улирал гарсан боловч жагсаахад амар байлгах үүднээс хоёр улирлыг нийлүүлэн дүгнэсэн болно. Тиймээс бусад анимуудаас арай давуу талыг авсан байхыг үгүйсгэхгүй. Сүүлийн улирал нь хараахан гарах болоогүй байгаа ч 2025 онд гарсан улирлуудыг цувралын хамгийн гайхалтай, шилдэг нь байсан гэдэгтэй маргах хүн ховор биз.

Хөгжилтэй мөчүүдээс эхлээд гайхмаар нээлтүүд, сэтгэл хөдөлгөм тулаан, санаанд багтамгүй үйл явдлуудаараа Dr. Stone нь аль хэдийнээ орчин үеийн сонгодог анимэ болж чаджээ.

4. ‘My Hero Academia FINAL SEASON’ (2025)

Маш олон гайхалтай анимууд яагаад ч юм олноороо нэгэн зэрэг дуусацгааж байгаа ч тэр дундаас орчин үеийн анимнуудын хамгийн чухлуудын нэг болох My Hero Academia-г онцлох хэрэгтэй.

My Hero Academia-ийн төгсгөлийн бүлэгт баатрууд болон хорон санаатнуудын тулаан болохын зэрэгцээ Декү Шигаразигийн эсрэг, All Might All for One-той тулалдаж буйг дүрсэлдэг. Энэхүү домогт төгсгөл нь сайн ба муугийн мөргөлдөөнийг тодоор харуулсан гайхалтай бүтээл болжээ.

3. ‘City The Animation’ (2025)

Уншигчид та бүгд жагсаалтад дурдагдсан ихэнх анимэг мэдэж байж болох ч ‘City The Animation’-ы талаар дуулаагүй байж болно. Танд л гэж хэлэхэд уг анимэ нь байх ёстойгоосоо дутуу үнэлэгдсэн анимэ учраас заавал үзэхийг зөвлөж байна.

Nichijou-гийн зохиолч Кэйичи Аравигийн бүтээл болох энэ анимийн үйл явдал тун өнгөлөг, амьдрал буцалсан, дулаан уур амьсгалтай хотод өрнөдөг бөгөөд хотод амьдрах оршин суугчид нь хөгжилтэй, үргэлж ямар нэгэн томоогүй зүйлсийг сэдэж байдаг. Анимэ маань завгүй хотын амьдралаас эхлээд энгийн хэр нь үнэ цэнтэй нөхөрлөл, амьдралын гоо үзэсгэлэн болон хамт олны сайн сайхныг харуулдгаараа онцлогтой.

City The Animation нь сүүлийн жилүүдэд гарсан хамгийн өвөрмөц анимэ цувралуудын яахын арга үгүй мөн. Анимэгийн зураглал, өөрийн гэсэн хэв маяг зэргүүд нь анимэг энэ төрлийн анимууд дундаасаа хамгийн шилдэг найруулгыг агуулсан бүтээл болгож байгаа юм.

2. ‘The Apothecary Diaries Season 2’ (2025)

Амьдралд ганц л удаа тохиох анимууд 2025 онд гарсан нь эхний байрыг алинд нь өгөх ёстойг сонгоход туйлын бэрхшээлтэй болгосон.

Хэдий The Apothecary Diaries олны анхаарлыг ихэд татсан бараг л төгс гэж хэлж болох бүтээл болсон боловч хараахан эхний байранд шалгарч чадсангүй.

Үйл явдлын хувьд Маомао дотоод ордны нууцуудыг мөрдөг шалгаж, өөрийн эмчилгээний мэдлэг чадварыг хэрэгтэй хүнд нь гаргаж байгаа боловч ордонд төрийн эргэлтийн шинжтэй хөдөлгөөн өрнөж эхэлсэн нь түүний үүргийг өөрчлөх болно.

Цувралын хоёр дугаар улирал романс, драм, тулааны хэсгүүд, өгүүлэмжийн хувьд баялаг байсан тул ихэнх фенүүдийн хувьд нэгдүгээр улирлаас хавь илүү байсан гэж үзсэн байна.

1. ‘TO BE HERO X’ (2025)

Өнөөдрийн байдлаар анимэ нь дэлхий даяар тархаж, олон стриминг платформууд энэ давалгаанд нэгдэж байгаа нь энэхүү жагсаалтаас илт харагдаж байгаа байх. Анимэгийн алдартай байгаагийн гол шалтгаан яах арга үгүй сонирхолтой үйл явдал, содон дүрүүд нь.

To Be Hero X -ийн ертөнцөд хүссэн хэн бүхэн нь итгэж чадаж л байвал баатар болох боломжтой тул маш их өрсөлдөөн явагдаж байдаг гэсэн үг.

Анимэ нь дэлхий даяар үзэгчидтэй болохын хэрээр зөвхөн Япон улсаар хязгаарлагдахаа больжээ. Японы араас Хятад улс анимэ ертөнцөд хүч түрэн орж ирж буйг To Be Hero X-ээс харж болно.

Энэхүү 2D болон 3D зураглалыг хослуулсан өвөрмөц бүтээл нь зоримог тулаануудтайгаас гадна сэтгэл татам дүрүүд, санаанд оромгүй явдлууд, сэтгэлийн утсыг хөндсөн түүхийг өгүүлдэг.

Хүн бүрийн үзэл бодол өөр байдаг тул та бидэнтэй санал нийлэхгүй байж болно. Ялангуяа анимийн хур буусан энэ жил үзэл бодлын зөрчил өмнөхөөсөө их гарах нь гарцаагүй. Гэлээ ч To Be Hero X нь өөрийн өвөрмөц, зоримог, онцгой сайн бичигдсэн, өндөр түвшний дүрслэлтэй гэдгээрээ Collider-ийн 2025 оны шилдэг анимэ болж чадсан бөгөөд магадгүй бүх цаг үеийн шилдэг анимэнүүдийн нэг ч байж мэднэ.

Эх сурвалж: Collider

#anime