
Монгол улсад 58 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байна /Эх сурвалж: ҮСХ/ Бид энэ тоог бууруулж чадах уу?
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Хуульд хүүхдийн хөдөлмөрийг хориглох, тэвчишгүй хөдөлмөрийг устгах зарчим үйлчилж байгаа. Мөн манай улс 2000 оноос хойш Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182-р конвенцод нэгдсэн. 25 жилийн турш бид олон улсын өмнө хүлээсэн үүрэг, өгсөн амлалттай ажиллаж байна.
Бодит байдал дээр бид үүргээ гүйцэтгэж, амлалтаа биелүүлж чадаж байна уу гэдэгт холбогдох байгууллагын мэргэжилтнээс хариулт авлаа.
ГБХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын газрын хөдөлмөрийн хяналтын бодлого төлөвлөлт хариуцсан улсын ахлах шинжээч Ш.Хонгорзул "Тэвчишгүй хөдөлмөртэй холбоотой асуудал нуугдмал орчинд үйлдэгддэг.
Хүүхдээр урт, богино хугацаанд хөдөлмөр эрхлүүлж буй ажил олгогч, хуулиар үүрэг хүлээсэн этгээдүүд 15 хүртэлх насны хүүхдийг урлаг, спортын тэмцээнд оролцуулахдаа тухай бүр мэдэгдэх үүргээ хангалттай хэрэгжүүлж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогддог.
2024 онд насанд хүрээгүй хүнийг шөнийн цэнгээний газар ажиллуулсан гэх гомдол ирж Зөрчлийн тухай хуульд зааснаар холбогдох арга хэмжээ авсан. Мөн онд 19 насанд хүрээгүй хүн осол гэмтэлд өртсөн гэх 12 удаагийн дуудлага бүртгэгдсэн.
Цаашид бидэнд анхаарах асуудал их байна. Хариуцлагын арга хэмжээг сайжруулах шаардлагатай байна. Жишээлбэл Зөрчлийн тухай хуульд Хүүхдийн эрхийн хуулийг зөрчсөн бол ямар арга хэмжээ тооцохыг нарийвчлан тусгах хэрэгтэй.
Зөрчлийн тухай хуульд хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч зөвхөн насанд хүрээгүй хүүхдийг ачаа зөөлгөсөн, өргүүлсэн гэдэгт торгууль тавьж, арга хэмжээ тооцоход маш хэцүү байдаг. Тэрийг нотолж, баримт бичиг үйлдэхэд хүндрэлтэй. Шөнийн цагаар, илүү цагаар ажиллуулсан гэдэгт цагийн бүртгэл байдаг учир камерын бичлэг үзэх боломжтой учраас зөрчил нотлогддог.
Хүүхдээр хөдөлмөр эрхлүүлчихсэн, насанд хүрээгүй хүүхдийг тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлчихсэн асуудалд хөдөлмөрийн байцаагч нар арга хэмжээ тооцох боломжгүй. Камерын бичлэгээр суудлын бүсээ зүүгээгүй, гарцгүй газраар гарсан, цагаан зураас давж эргэхэд торгуулийн хуудас ирдэг болчихсон. Тэгэхэд хүний эрх, хүүхдийн эрх зөрчигдсөн асуудалд бид хангалттай хариуцлага тооцож чаддаггүй. Их хэмжээний бичиг цаас цуглуулж, цаг зарцуулж байж асуудлыг шийдвэрлэж байна" гэлээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!