Залуусын сэтгэл судлаачдад ханддаг ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ АСУУДЛУУД


ССҮТөв | YOLO.MN
2020-06-04

Yolo.mn сайтын хамт олон Сэтгэл судлалын үндэсний төв /ССҮТөв/-ийн хамт олонтой хамтран өдгөө 4 дэх жилдээ өсвөр насныханд и-мэйлээр сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна. Энэ хугацаанд ССҮТөвийн хамт олон маань долоо хоногт ойролцоогоор 5-10 захидалд хариу зөвлөгөө өгсөөр одоогийн байдлаар нийт 1000 гаруй захидалд хариу зөвлөгөө өгсөн байна. Тэгвэл тус төвийн Зөвлөгөөний албаны дарга, сэтгэл судлаач Б. Алтанцэцэг маань энэхүү төсөлд хамт олон нь маш их ач холбогдол өгч, захидал бүрд чин сэтгэлээсээ зөвлөгөө өгдөг талаар онцолсон юм.

Ингээд тэрээр энэ 4 жилийн хугацаанд өөрсдөд нь хандсан нийт сэтгэл зүйн асуудлууд дээр анализ хийн дараах 10 ЧУХАЛ зөвлөгөөг өглөө.

"ССҮТөвийн хамт олонд хаяглан илгээсэн 1000 орчим захидлаас Монголын өсвөр насны залууст яг юу тохиолдоод байна вэ гэдгийг тодорхой харах боломжтой. Сэтгэл зүйн зөвлөгөөнд ихэвчлэн хотын төвд амьдардаг өсвөр насныхан хамрагддаг учраас бид өмнө нь хотын зах болон хөдөө орон нутагт амьдарч буй өсвөр насныханд юу тохиолдож байгааг тэр бүр мэдэж чаддаггүй байсан. Харин энэхүү төслийн тусламжтайгаар бид хот, хөдөө, бүр гадаадад амьдран суугаа өсвөр насныхантай ч холбогдох боломжтой болсон. Насанд хүрсэн залуус ч холбогдох тохиолдол бий.

Та бүхэн доорх хүснэгтээс манай төвд хаяглагдан ирж буй 3 захидал тутмын 1 нь хайр дурлал, үерхэлтэй холбоотой асуудал байгааг харж болно. Үүний дараа уураа хэрхэн удирдах, найз нөхөдтэйгөө хэрхэн ойлголцох, өөрийгөө хэрхэн хөгжүүлэх талаарх зөвлөгөөг түлхүү асууж байна. 

Тиймээс бид энэхүү нийтлэлээрээ өнгөрсөн 4 жилийн хугацаанд өсвөр насныхан болон залууст өгсөн зөвлөмж болон хуримтлагдсан мэдээллээ нэгтгэн дараах 10 зөвлөмжийг хүргэхээр шийдлээ. 

1. ХАЙРТАЙ БОЛ ХАЙРТАЙГАА ХЭЛЭЭРЭЙ

Өсвөр насныхны дунд хувийн асуудлыг нь анги нийтээрээ мэдчихээд түүнийг шоолох, мөн хайртай хүн нь татгалзах вий гэдгээс айх хандлага түлхүү илэрдэг. Улмаар тэд хайртай хүндээ сэтгэлээ илэрхийлэхээс айдаг байна. Тиймээс:

Анги хамт олонд нь хандаж хэлэхэд: Та бүхэн хэн нэгний хайр сэтгэлийн асуудалд хүндэтгэлтэй хандаж, нууцыг нь бусдадаа битгий задлаарай. Бүгдээрээ мэдсэн ч түүнээр доог тохуу хийх хэрэггүй. Үүнээс болж олон хүүхэд сэтгэлээ илчилж чадахгүй дотроо шаналж байна шүү дээ.

Сэтгэлээ илчлэгч: Чи хүссэн хүндээ дурлаж болно. Түүнд сэтгэлээ илчлэх эрх ч чамд бий. Тэглээ гээд заавал үерхэнэ гэсэн үг бас биш. Мөн "би чамд сайн юм чинь" гээд дурласан хүндээ дарамт үүсгэж болохгүй шүү. 

Дурлуулагч: Чиний ямар нэгэн зүйл бусдыг татахаар сайхан учраас чамд нэгэн хүн дурлажээ. Тиймээс чамд дурласан хүнд хүндэтгэлтэй хандаарай. Хэрвээ татгалзахаар бол эелдгээр хэлж, бас нууцыг нь хадгалаарай.

2. УУРАА ҮГЭЭРЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ

Хүн дотроо хуримтлагдсан сөрөг мэдрэмжээ илэрхийлэхгүй бол энэ нь цаашлаад невроз, мэдрэлийн ядаргаа үүсгэхэд хүргэдэг. Тиймээс сэтгэл судлаач нар үйлчлүүлэгчдэдээ ихэвчлэн "уураа гарга, уурлаж болно" гэж зөвлөдөг. Гэвч уураа гаргаж байна гээд л байнга уурлаад байвал хүн өөрөө муу зан сурчихдаг. Жишээлбэл дүүгээ байнга загнаад байвал сүүлдээ дүүгээ харахаар л уур нь хүрээд байдаг болчихдог. Тэгвэл яах вэ?

Уураа үгээр илэрхийлж сурцгаая! Хүний амьтнаас ялгагдах чанар нь хэл яриагаараа сэтгэл хөдлөлөө илэрхийлж, өөрийгөө тайвшруулж чаддагт оршдог. Тэгвэл уурлаж байгаагаа үгээр илэрхийлэхдээ:

  • Намуухан ярихыг хичээгээрэй. Хэрвээ чи орилж чарлаад эхлэх л юм бол эсрэг тал чинь шуудхан л хамгаалалтынхаа механизмд шилжээд чамайг сонсох биш өөрийгөө хамгаалахад төвлөрч эхэлнэ.   
  • Хүний зан чанар руу биш хийсэн үйлдэл рүү нь довтол. Жишээлбэл "чи муу хүн, чи худалч" гэж хэлбэл энэ нь доромжлол болно. Үүний оронд “миний нууцыг задалсанд чинь уур хүрч байна” гэж хэлбэл энэ нь түүний үйлдлийг шүүмжилж буй явдал болно. Энэ арга нийгмийн харилцаанд ч хүлээн зөвшөөрөгддөг юм шүү. Бас чамайг уурлуулахад хүргэсэн үйлдлийг нь тодорхой тайлбарлаад өгвөл түүнийг гаргасан алдаагаа засахад дөхөм болно.
  • Өөрт төрж буй мэдрэмжээ хэл. Хүн өөрт ямар мэдрэмж төрж байгаагаа тодорхой, оновчтой илэрхийлж чадвал маш их хэмжээгээр тайвширдаг. Зөвхөн уурлахдаа ч биш, ер нь ямар ч мэдрэмж төрсөн үед үүнийгээ сайтар илэрхийлж сураарай. Хэнд ч хэлэхгүйгээр дотроо бодоод л байвал хэл яриа сайн хөгждөггүй учраас ном уншиж, янз бүрийн үзэл бодолтой хүмүүстэй харилцаарай. 

3. НАЙЗУУД ДАНДАА ХАМТ БАЙНА ГЭСЭН ҮГ БИШ ШҮҮ

Найз чинь чиний өмч биш. Тэр хүсвэл өөр хүүхдүүдтэй найзалж болно. Мөн сайн найзууд гэхээрээ л дандаа хамт байх ёстой гэсэн үг бас биш. Та хоёр тус тусынхаа дуртай зүйлээ хийж, өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Үерхлийн хувьд ч мөн адил. Бие биедээ хувийн орон зайг нь өгч сураарай. 

4. ШИНЭ АНГИЙНХАНТАЙГАА САЙХАН ХАРИЛЦААРАЙ

Шинэ сургууль, ангид шилжих нь ихээхэн стресстэй үйл явдал. Ялангуяа хуучин ангийнхандаа сэтгэл хангалуун, олон найз нөхөдтэй байсан бол бүр ч хэцүү. Хүүхдүүд стрессдсэнээсээ болоод шинэ ангийнхантайгаа муухай харилцаж, дотносож чадахгүй байх тохиолдол олон байдаг. Тиймээс шинэ ангийнхантайгаа сайхан харилцаарай.  

5. ХОББИГОО ОЛООРОЙ

Хүнд үе тохиолдоход бидэнд хамгийн их тус болдог зүйлүүдийн нэг бол хобби. Хоббигоо олсон хүн стрессээ тайлж чаддагаар зогсохгүй амьдралаас сайхан мэдрэмжүүдийг авч, өөрөө ч сэтгэл хангалуун байж чаддаг. Ерөнхийдөө хоббийг хүний сэтгэцийг хамгаалдаг "эм" гэж хэлж болно.

Тэгвэл олон хүүхдүүд бидэнд “надад хобби байхгүй”, “чаддаг ч зүйл байхгүй”, “би юунд дуртайгаа мэдэхгүй”, “би амархан залхчихдаг” гэж ханддаг. Хобби нь заавал чиний сайн хийж чаддаг зүйл байх албагүй. Чи сайн зурж чаддаггүй байсан ч зурах хоббитой байж болно. Гол нь чи өөрөө хийх дуртай байх хэрэгтэй.

Харин юунд дуртайгаа мэдэхгүй байвал олон зүйлийг туршиж үзээрэй. Зарим хүүхдүүдийн хувьд хичээл нь түүний хобби гэдгийг ойлгодоггүй. Нэг зүйлээс амархан залхчихдаг бол ахиад шинэ хобби эхлүүлж болно. Хобби чинь чиний сэтгэц, бие махбодыг тайвшруулж, хөгжүүлдэг бол сайн шүү.

6. МЭРГЭЖЛЭЭ СОНГОХООС БҮҮ АЙГААРАЙ

Хүүхдүүд мэргэжил сонголтыг амьдралдаа ганцхан удаа хийх боломжтой, хариуцлагатай сонголт гэж ойлгоод тэр хэрээрээ айн түгших хандлагатай байдаг. Хариуцлагатай сонголт гэдэг нь үнэн ч сонгосон мэргэжлээрээ насан туршдаа ажиллах албагүй. Сонгосон мэргэжлээ их сургуульд сурч байхдаа сольж болно. Тухайн мэргэжлээрээ ажиллаж үзээд таалагдахгүй бол магистраар сурахдаа өөр чиглэлийн мэргэжлээр суралцаж ч болно. 

Бас "өөрийнхөө дуртай мэргэжлийг сонгох уу, ээж аавынхаа зөвлөгөөг сонсох уу?", "их мөнгө олдгийг нь сонгох уу, бүр эсвэл ажлын байр их олддог мэргэжил сонгох уу?" гээд л олон асуулт ирдэг. Энэ бүх асуултуудын хариултыг нэгэн зэрэг өгсөн мэргэжлийг сонгох хэцүү. Тиймээс чиний хувьд аль нь хамгийн чухал гэдгийг чи өөрөө л шийдэх шаардлагатай болдог. Үнэхээр л шийдэхэд хэцүү байвал мэргэжил сонголтын тест өгч үзээрэй. 

7. СЭТГЭЛ СУДЛААЧТАЙ УУЛЗАЖ ЯРИЛЦАХ НЬ ХЭВИЙН ЗҮЙЛ ШҮҮ

Бид шүд өвдөхөд шүдний эмчид үзүүлдэг. Одоо байгаагаасаа ч гоё шүдтэй болмоор байгаа бол мөн л шүдний эмчид үзүүлнэ. Яг л үүний адилаар сэтгэлээр унасан, ганцаардсан, шийдвэр гаргахад хэцүү, өөрийгөө ойлгохгүй байгаа үед, мөн өөрийгөө илүү сайн ойлгож, илүү ихээр хөгжүүлэхийг хүссэн үедээ сэтгэл зүйчтэй уулзах боломжтой. "Асуудалтай" хүн л сэтгэл зүйчид ханддаг гэсэн үг биш шүү. Мөн зөвлөгөө авахаар хандаж буй сэтгэл зүйчийнхээ боловсрол болон туршлагыг нь сайтар судалсны үндсэн дээр сонгох нь их чухал. 

8. ХИЧЭЭЛЭЭ СОНИРХОЖ, ШИМТЭЖ СУРААРАЙ

Хөл хорио тогтоосон энэ үеэр “хичээлээ хийх ёстой ч хийхгүй байна”, “хийхгүй байгаадаа гэмшээд тайван сууж чадахгүй байна”, “яагаад ч хийх хүсэл төрөхгүй байна” гэсэн захидлууд их олон ирлээ. 

Хэрвээ чамд ийм зүйл тохиолдож байгаа бол чи ганцаараа биш, бас залхуурах нь хэвийн зүйл. Гагцхүү өөрийгөө удирдаж л сурах хэрэгтэй. Өөрийгөө удирдах гэдэг нь өөрт төрж буй төрөл бүрийн мэдрэмж болон бодол зэргийг ялан дийлж, хийх ёстой зүйлээ хийхийг хэлдэг. 

Тэгвэл яаж өөрийгөө илүү сайн удирдаж сурах вэ гэж үү? Цагийн хуваарийн дагуу амьдарч хэвшээрэй. Жишээлбэл өглөөний 08:00-12:00 хүртэл хичээлээ хийнэ гэсэн хуваарь гаргаад 7 хоногийн хугацаанд энэ хуваарийг мөрдөхөд л бие чинь аяандаа дасаж эхэлдэг. Ингээд бүх ажлаа цагийн хуваарийн дагуу хийдэг болчихвол стресст ч өртөхгүй, бага ч ядарна. Мөн хичээлээ “ямар хэцүү юм бэ?”, “ямар ядаргаатай юм бэ?” гэж бодож хийвэл улам л ойлгохоо больж, ядардаг. Тиймээс болж өгвөл “ямар гоё юм бэ?”, “ямар сонирхолтой юм бэ?” гэж хүлээн авахыг хичээгээрэй.

9. ЭЭЖ ААВДАА ӨӨРИЙНХӨӨ МЭДЭРЧ БАЙГАА ЗҮЙЛСИЙГ ХУВААЛЦААРАЙ

Ихэнх хүүхдүүд “ээж аавд хэлээд ч ойлгохгүй юм чинь”, “намайг ойлгоё гэж огт хичээдэггүй”, “дандаа загнадаг учраас яриад хэрэггүй” гэдэг. Гэтэл чи л хэлэхгүй бол эцэг эх чинь чиний юу мэдэрч байгааг мэдэхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл тэдэнд юу мэдэрч байгаагаа хэлэхгүй бол чамд тусалж чадахгүй гэсэн үг.

Тэгвэл тэдэнд яаж өөрийгөө ойлгомжтой байдлаар илэрхийлэх вэ? Нүд рүү нь харж байгаад, маш тайвнаар хэлэх гэсэн зүйлээ эмх цэгцтэй хэлээрэй. Чухал зүйлс ярих хүсэлтэй байгаа учраас чамд зав гаргаж, анхааралтай сонсохыг хүсээд урьдчилан цаг тохирсон ч болно. 

Гэхдээ хэлмээр байгаа зүйлээ нэг удаа хэлэхэд л эцэг эх чинь шууд чамайг ойлгоод өөрчлөгдөнө гэж битгий найдаарай. Олон арван, бүр олон зуун удаа ч хэлээд үз. Гол нь чи аав ээжээсээ юу хүсэж байна, чамд ямар мэдрэмж төрж байна гэдэг хоёр зүйлд төвлөрч яриарай. Мөн яриагаа эхлүүлэх болон төгсгөхдөө аав ээждээ талархдаг зүйлсээ хэлэх буюу эерэг зүйлсээр яриагаа эхлүүлж эерэг зүйлсээр төгсгөх хэрэгтэй. Дунд нь өөрийнхөө хэлэхийг хүссэн асуудлаа хэлнэ. Үүнийг "Сэндвичний зарчим" гэж нэрлэдэг. 

10. ХЭЦҮҮ БАЙВАЛ ТУСЛАМЖ ХҮСЭХ НЬ ХАМГИЙН ЗӨВ АРГА ШҮҮ

Бидэнд рүү захиа бичиж байгаа хүүхдүүд бол хүнээс тусламж хүсэж чаддаг “том” давуу талтай хүүхдүүд юм. Магадгүй чамд бусадтай хуваалцах, асуух, ярилцах зүйлс байдаг ч хэнд, яаж илэрхийлэхээ мэддэггүй бол зориг гаргаад бидэн рүү и-мэйл захидал бичээрэй. Мөн найзаасаа, аав ээжээсээ, багшаасаа, дүүгээсээ тусламж хүсэж болно. Чамд туслах хэн нэгэн байж л таараа. 

Амжилт хүсье!"

 

- Сэтгэл судлалын үндэсний төв
Зөвлөгөөний албаны дарга, сэтгэл судлаач Б. Алтанцэцэг

#ССҮТ #Захидал #Letter