ӨГҮҮЛЛЭГ: Сэлгээнд тоглодог сэхээний охин


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2017-04-18

-ӨГҮҮЛЛЭГ-

Би өнөөдрийг тэсэн ядан хүлээсэн...

Би өчигдрийг ч тэсэн ядан хүлээсэн, маргаашийг ч догдлон хүлээх болно. Би өмнө нь огт анзаардаггүй байж. Цонхон дээрх тоосыг л ажиглахаас бус мандаж буй нар ямар гайхалтайг хардаггүй байлаа. 

Анх удаа хамартаа гуурстай, амандаа аппараттай сэрсэн тэр өдрөөс л бүх зүйл эхэлсэн юм...  Дунд сургуульд байхад минь үеийн охид хөвгүүд хоорондоо үерхэж нөхөрлөж хайрлаж дурладаг байлаа. Харин би өөрийгөө хайр дурлалыг ойлгохоор том болоогүй гэж боддог байв. Гэтэл ойлгож ч амжаагүй байхад минь анхны хайр гэгч нь төгсөх ангийн сурагч гэх алдартай хамт хүрээд ирсэн юм даа.

Би сагсан бөмбөгийн тамирчин. Үгүй ээ тамирчин ч гэж дээ. Ерөнхийдөө бол сэлгээний тоглогч. Тоглолтын үеэр талбайд гарах магадлал 0,001%. Би боддог юм. Багийн маань хэн нэгэн гишүүн гараа хугалсан ч надад найдаж тоглолтонд лав оруулахгүй байхаа гэж...

Яагаад гэвэл би гараа гэмтээчихсэн хүнээс ч муу тоглодог сэлгээний тоглогч. Мартсанаас энэ туниа муутай охин бас найз залуутай шүү. Найз залуу ч гэж дээ би л тэгж боддог. Нэг ёсондоо мөрөөддөг юм. Найз нөхөд маань дурлаж хайрлаад хайлж урсаад явахад би гэж хүн хээвнэг юм ном уншаад сар жилийг өнгөрөөсний эцэст хүнд дурлахдаа хэзээ ч бүтэхээргүй сохор хайртай учирчихсан даа хөөрхий.

Мөрөөдлийн найз залууд маань нэг сонин юм байдаг. Тэр нь юу вэ гэж үү? Найз охин л байхгүй юу. Ийм болохоор л би сохор хайр гэсэн юм. Төгсөх ангийн сурагч болсон хариуцлагатай жил маань надад жаргал зовлон, уйтгар гуниг гээд сэтгэлийн олон мэдрэмжнээс авчраагүй нь тун хомс. Гэхдээ нэг л өдөр өнөөх мөрөөдлийн “найз залуу” маань ч мөн надад сэтгэлтэй болчихно гэж даан ч төсөөлсөнгүй.

Цагаахан цас бударсан намрын дунд сар. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын сургуультай хийгдэж буй сурагч солилцооны журмаар бид уг нутгийн зүг галт тэргээр зугуухан урагшилна. Хүрэх газраа бид нэлээн орой очсон юм. Уг сургууль дээр баг болж хуваагдан сагсан бөмбөг тоглож байтал гэнэт тог тасарчихлаа. Бүгд тойрч суугаад утасны гэрлээ тусган барьж  хоорондоо танилцацгааж маргаашийнхаа хөтөлбөрийг ярилцана.

Бидний энд байх хугацаа ердөө маргаашаар хязгаарлагдах нь тоогүй. Бүх л цаг үед түүнтэй байх багахан боломжийг ч алдахыг хүсдэггүйнхээ адилаар энэ үед ч мөн түүнтэй зэрэгцэж суун инээлдэж нэгнийгээ түлхэн багахан сахилгагүйтэнэ. Тог ирсний дараа бид дотуур байрандаа орцгоолоо. Хотоос гарахын өмнө түүний бие нэлээн муу байсан бөгөөд сургууль дээр өвчин намдаах эмээ үлдээчихэж гэж найздаа ярьж байхыг нь сонссоноос хойш тайван сууж чадахгүй байсаар энд ирж сургуулийн сурагчдаас эм асууж сурагласны эцэст ганц толгойн эм олон  алт атгасан хүн шиг нандигнан өрөөндөө орж ирэв.

- Бие чинь гайгүй юу? Толгойн эм уувал өвчин нь намдах болов уу? гэж асуухад минь тэрээр эвэртэй туулай үзсэн хүн шиг хачин харж инээмсэглэснээ
- Үгүй ээ, миний толгой өвдөөгүй. Ядаргаанаас болоод аман дотор юм гарчихсан юм. Тэр л өвтгөөд юм ч идэж чадахгүй нь ээ хэмээн хариулахад нь гартаа атгасан нэг ширхэг толгойн эмээ мэдэгдэлгүйгээр халаасандаа хийчихэж билээ.

Шөнө 23 цагийн үед бид өрөөндөө тойрч сууцгаан хайрын түүхээ ярилцана. Бүгд гуйсны эцэст /надаас бусад нь/ тэр ч мөн адил найз охинтойгоо хэрхэн танилцсан тухай хэрхэн дотноссон тухайгаа нүдэнд харагдтал ярьж эхэллээ. Хажууд нь хүн үхэж байсан ч тоохооргүй болтлоо яриаг нь шимтэн сонсох хүүхдүүд тэр үед хэн нэгний мэгшин уйлах чимээг сонсоогүй юм. Хайрын түүхийг сонсож байсан би орныхоо мухарт шигдэн чимээгүйхэн уйлж байсан нь тэр билээ. Учир нь зүрх өвдсөөр... Яагаад зүрх ингэж их өвдөөд байгааг мэдэхгүй ч “тэр” хэзээ ч намайг онцолж харж байгаагүй гэдгийг л сайн мэдэж байлаа.

Сурагчдын зөвлөлийн дарга Наранчимэг гэх сэргэлэн охины “Сэрээд сэрээд сэрээд” гэх цовоо дуугаар орноосоо өндийлөө. Зүрх тэсэхүйеэ бэрх өвдөж зовоосоор үүрээр унтсан миний нойр нэг л ханасангүй. Хүүхдийн чуулганы дараа бид Нарийн сухайтын нүүрсний уурхайтай танилцахаар автобусанд суун хөдөлцгөөлөө. Автобусны хамгийн арын суудалд түүнтэй зэрэгцэн суух мөч үнэхээр сайхан. Бие тааруу байсан болоод ч тэр үү даарч чичрээд болдоггүй түүний хүрмийг аваад өмсчихлөө. Нэг л дулаахан, дотно танил үнэр. Амныхаа өвдөлтөөс болоод хоол унд ч идэхгүй яваад байгаа түүнд өглөөнөөс хойш хоол унд чихэр жимс барьж гүйв.

“Чамайг өгч байгаа болохоор л идэж байна” хэмээн инээмсэглэн идэх түүнийг харах хэчнээн сайхан гээч. Орой нь танилцах үдэшлэг боллоо. Хэзээ ч ингэж бүжиглэж инээж хөөрч байгаагүй би юу болоов гэлтэй өөрийнхөөрөө байлаа. Бүжиглэж бүжиглэж ядраад амрахаар шийдэн суутал дунд ангийн бололтой жаахан охид над дээр ирэн “Та тэр ахтай үерхдэг юм уу?” гэцгээн ам уралдан асууж түүн рүү заалаа. Гаднаа “Үгүй ээ яалаа гэж дээ” гэсэн ч дотроо бол “Үерхдэг юм шиг харагддаг байх нь ээ” хэмээн гэнэхэн баярт автаж суулаа. Бүжиглэсээр л....

Гэнэт ая солигдон намуухан хосын бүжгийн ая уянгалж эхлэв. Би ч бүжиглэхээ болин заалан дундуур алхаж байтал хэн нэгэн бэлхүүс рүү хатгалаа. Гижиг хүрсэндээ ч тэр үү цочин эргэж хартал тэр инээмсэглэн зогсож байлаа. Үнэхээр тэр мөн байсан. Юу болсныг санахгүй байгаа ч нэг мэдэхэд бид хоёр бүжиглэж байсан. Би түүнтэй бүжиглэж байлаа. Яг л Үнсгэлжин дээр гардаг бүжгийн хэсэг шиг. Бид хоёр үүлэн дээгүүр бүжиглээд ч байх шиг. Харамсалтай нь энэ мансуурам гайхамшиг дэндүү хурдан дуусчихсан. Энэ сурагч солилцоо ч нүд ирмэхийн хооронд өндөрлөчихсөн. Энэ өдрөөс хойш төд удалгүй тэр надад сайн болоод байгаагаа хэлсэн юм. Яаж амьсгалдгаа ч мартах шахан баярлаж догдолж байсан миний жаргал борооны дараах солонго шиг хоромхон зуурынх байв.

Зүрх ч өвдсөөр. Нэг өдөр дахиад л зүрх тэсэхийн аргагүй өвдөж уйлан суутал тэр ороод ирэв. Намайг ямар хүнд байдалтай байгааг харсан хэрнээ тэр хараагүй царайлан гараад явчихсан. Энэ үед миний зүрхний нэг хэсэг урагдаад уначих шиг л болсныг санаж байна, тэрнээс цаашхийг огт санасангүй. Хариу нэхэлгүй хайрлаж сурна гэдгийг би жинхэнэ утгаараа сурч байлаа. Өвдсөн үед нь эм тариа барьж гүйн, шаналсан үед нь зөвлөгөө өгч, уурласан үед нь алиалагч болон инээлгэж түүний төлөө бүхнийг хийж байсан ч би тэрнээс юу ч нэхэж чаддаггүй байв. Тэр надад сайн гэж, надаас битгий холдоорой гэж, алдмааргүй байна гэж хэлдэг байсан ч хайр гэж юу болохыг ном зохиолоор төсөөлдөг хүүхдээрээ охиноор зүгээр л тоглоод байх шиг санагдана. Түүнийг хайрлана гэдэг яг л жаргалтайгаар шархдах мэт. Өдрөөс өдөрт би түүний хувьд сэлгээний тоглогч болчихсон гэдгээ ухаарсаар.

Хамрандаа гуурстай, амандаа аппараттай сэрсэн тэр өдрөөс хойш нэгэн орой утсанд минь зурвас ирсэн байлаа. “Надтай үерхэх үү? Би тоглоогүй байна” Энэ зурвасыг би олон дахин уншсан ч нүдэндээ итгэсэнгүй. Сэтгэл хөдлөлөө хянах хэрэгтэй гэсэн эмчийн захиасыг мартан хэтэрхий их догдолсноос болж зүрх бүр ч ихээр өвдөх болов. Би түүнийг бараг хоёр жил хүлээсэн юм чинь тэр ердөө хоёрхон хоног хүлээх байлгүй дээ гэж догдлон бодсоор хоёр хоногийн дараа болох тэмцээний үеэр хариугаа хэлэхээр шийдлээ.

Би өнөөдрийг тэсэн ядан хүлээсэн... Эцэст нь би түүнд хариугаа хэлэх өдөр ирлээ. ГЭВЧ... Би оройтчихож, тэр хүлээж чадсангүй. Тэр найз охинтойгоо хөгжилтэй нь аргагүй инээлдэн тэврэлдэж сууна. Би хоцорчихож, би хожигдчихож. Өнөөдөр сагсан бөмбөгийн тэмцээн болох өдөр. Би сэлгээний тоглогч. Тэмцээн дээр ч, хайран дээр ч тэр ялгаагүй сэлгээний тоглогч. Үүнээс хойш би өөртөө сэлгээний тоглогч байхаа болино гэж амласан юм.
Миний сэлгээний тоглогчийн хувиар биш үндсэн гишүүний хувиар орж буй анхны бөгөөд магадгүй сүүлийн тэмцээн. Тэмцээн өндөрлөсний дараа гэртээ иртэл гэнэт бие муудаж амьсгал бөглөрөн ухаан алдлаа...

Сэхээн амьдруулах тасаг. Энэ эмнэлэг, энэ тасаг, энэ эмч нар бараг л миний гэр шиг гэр бүл шиг болж дээ. Сэхээний тасагт хэр удсанаа мэдэхгүй ч ямар ч байсан нэлээн удсан бололтой. Бие тэнхэрч босож зогсохтойгоо болсны дараа жаргаж буй нарыг харахаар цонхны урд очлоо. Ээж маань гаднаас

- Цонхоо хаахгүй дээ. Миний охин даарлаа, одоо хэвтэж амар гэсээр орж ирэв.
Хариуд нь би “-Ээжээ, миний бие муу байна. Гэхдээ ядаж л би сэлгээнд сууж хэзээ хэрэгтэй болохоо хүлээхээ болилоо шүү дээ” гэж хэлээд хацар даган урсах нулимсаа арчин инээмсэглэхэд ээж маань “Тийм ээ миний охин чадлаа” гэж хэлэн намайг тэврэхэд нь би инээмсэглэсэн чигээр алгуур нүдээ анилаа.
Орны хажуугийн эм тариа ус өрсөн жижиг шүүгээн дээрх утсанд зурвас ирлээ. Түүний дугаар. “Намайг уучлаарай, Би одоо эмнэлгийн чинь гадаа байна”...
Сайрхаад байх юм биш ч гэсэндээ нуугаад байх юм ч бас биш байх. Би зүрхний тосгуурын цоорхойтой орой болгон маргаашийн нарыг харж чадах болов уу хэмээн айж унтдаг аймхай охин. Шөнө дөлөөр түргэний дамнуурга дээр амьсгал ч авч чадахгүй бөглөрөн хөхөрч ухаангүй шахам хэвтэн гардгаараа байрныхандаа танигдсан хөршийн охин. Өвдөөд уйлж байхдаа нулимсаа арчаад зүгээрээ гээд инээдэг хүчтэй охин. Унтах л юм бол бүр унтчих юм шиг санагдаад шөнөжин ном уншиж үүр цайлган өглөөний нарыг хараад инээмсэглэдэг хачин охин. Бас сэлгээнд тоглодог байсан сэхээний охин...

/Жич: Ямар нэгэн Солонгосын олон ангит киноноос сэдэвлэн бичээгүй, 100% бодит амьдралаас сэдэвлэсэн бүтээл болно/

2017.04.08

#Story #Love #teenagers