

2024 онд олны хүртээл болсон “Wicked” киноны үргэлжлэл болох “Wicked: For Good” нь сүүлийн жилүүдэд гарсан кинонуудаас үзэгчдийн хүлээлтийг хамгийн их үүсгэсэн гэдгээрээ онцлогтой бөгөөд энэ оны 11 сарын 21-нд албан ёсны нээлтээ хийжээ. Уг киноны нөлөөгөөр барууны орнууд тэр чигтээ ягаан болон ногоон өнгөөр амьсгалсан гэж хэлж болно.
Гэхдээ сүүлийн үед нийтийн анхаарал киноноос илүү кинонд гол дүрийг бүтээсэн жүжигчид болох Синтия Эриво, Ариана Гранде, Мишель Йео нарт төвлөрч буй. Учир нь “Wicked: For Good”-ийг дэлхий даяар сурталчлах явцад гурван жүжигчдийн хэт туранхай байдал хүмүүсийг гайхширалд оруулжээ. Хэдий олон хүмүүсийн хүүхэд насны салшгүй хэсэг болсон уг киноны түүх дэлгэцээр гарч байгаад баярлах хүмүүс байгаа ч эрүүл жингээсээ хэт туранхай харагдах жүжигчдэд санаа зовж буйгаа илэрхийлэх нь ч байна. Хэрвээ та одоо интернэтээр “Wicked: For Good” хэмээн хайвал хамгийн эхний гарч ирэх мэдээллүүд нь жүжигчдийн гадаад байдлын тухай байна гэдэгт итгэлтэй байна.

Хэдийгээр Синтия Эриво, Ариана Гранде нарыг аль “Wicked”-ийн үеэр л өмнөхөөсөө маш их жин хассан гэж яригдаж байсан ч Мишель Йео-ын “Wicked” кинонд тоглохоос өмнөх ба дараах төрхийг харьцуулсан зургууд цахим орчноор тархаж ёстой л жинхэнэ шуугианыг тарих эхлэл болжээ. Хүмүүс түүний илт турсан байдлыг харан үүнийг зүгээр ч нэг жин хасалт биш бүр байж боломгүй өөрчлөлт байна хэмээн ам өрсөн ярьж байгаа аж.

Маргаан нь Мишель Йео 2025 оны 11-р сарын 15-нд Сингапурт болсон “Wicked: For Good” нээлтэд оролцсоны дараа хурцдаж интернэт хэрэглэгчдийг хоёр хуваажээ. Нэг хэсэг нь жүжигчдийн эрүүл мэндэд санаа зовж буйгаа илэрхийлж байгаа бол нөгөө хэсэг нь жүжигчдийг анхнаасаа л туранхай байсан тул юунд нь санаа зовоод байгаа юм бэ гэсэн байр суурьтай байгаа юм.
Интернэт хэрэглэгчдийн сэтгэгдэл

Х дээр нэгэн хэрэглэгч Сингапурын нээлт дээрх Мишель Йеогий зургийг хуваалцаад “Хүний гадна төрхийг шүүмжлэх гэсэн юм биш л дээ, гэхдээ Wicked кино багийнхан хоол иддэг юм уу?” гэж бичсэн байна. Тус пост маш хурдан анхаарлын төвд орж бусад хүмүүс ч мөн өөрсдийн санаа бодлыг сэтгэгдэл хэсэгт үлдээж эхэлжээ.
“Wicked-ийн бүх гол дүрийн жүжигчид хоёр сарын турш юу ч идээгүй юм шиг харагдаж байгаа нь үнэхээр хачин юм аа. Ердөөсөө ч эрүүл харагдахгүй байна”
“Би Синтия-г “Widows” кинонд тоглож байх үеэрээ ямар хүчтэй, эрүүл харагдаж байсныг нь санаж байна. Тэр үеийн Синтияг өнөөдрийн Синтиятай харьцуулахад санаа зовохгүй байхаас өөр арга байхгүй байна шүү дээ”
“Надад бодлоо хэлэхээс өөр сонголт алга. Үүний дараа та нар намайг үзэн ядах эсэх нь хамаагүй. Гэхдээ сүүлийн үед маш олон алдартнууд хэт их хэмжээгээр жин хасах боллоо. Би эмэгтэйчүүдийн биеийг үзэн ядаад байгаа юм биш ээ. Тэд ердөөсөө ч энгийн эрүүл хоолны дэглэм баримтлахгүй байна гэдэг тодорхой байна шүү дээ”
“Одуудын эрүүл мэндэд санаа зовох нь гадаад төрхийг нь шүүмжилж байна гэсэн үг биш. Хоол идэхгүй байна гэдэг чинь сэтгэцийн хамгийн хүнд өвчин. Би тэднийг шим тэжээлийн дутагдлаас болж өлсөж үхэхийг нь хармааргүй байгаа болохоор л үүнийг хэлж байна” хэмээн бичицгээжээ.
Эх сурвалж: poprant
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!