Сайн дурын ажил хийснээр олон найзтай болж найзын хүрээлэл тэлдэг


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

Өнөөдөр Олон Улсын сайн дурынхны өдөр. Сайн дурын ажил хийдэг хүүхдүүдтэй ийм ажил хийснээр ямар давуу тал болон өөрчлөлтүүд болсон талаар ярилцлаа.

МУБИС-ийн 1-р дамжааны оюутан Б.Алтансор:

-Би сайн дурын ажлыг 10-р ангиасаа хийж эхэлсэн одоо гурав дахь жилдээ орж байна. Анх сайн дурын ажилд ямар ч ойлголтгүй орж ирсэн. Гадаадад тэтгэлэгтэй сурах зорилгоор сайн дурын цаг цуглуулах гэж орсон. Сайн дурын ажил хүнд яг хэрэгтэй тусламжийг өгч чаддаг. Одоо бол энэ ажил миний яг хийж чадах зүйл юм шиг санагддаг.

Би хүмүүстэй тэр бүр найзлаад дотносоод байдаггүй, маш их дотогшоогоо хүн байсан. Сайн дурын ажил хийснээр хүмүүстэй харьцаж чаддаг болсон. Насанд хүрсэн хүмүүстэй хүртэл харьцахдаа нээлттэй болсон. Одоо бол энэ ажилдаа дуртай болж өөрийн хүссэн замаар явж байгаа мэт санагддаг.

Монголын Сайн Дурынхны Нийгэмлэгийн зохицуулагч: А.Оюундарь:

Миний хийдэг ажил хүүхдийн аюулгүй байдал, хөгжих боломжийг нь хангаж өгдөг. Би хүүхдэд маш хайртай, тийм ч учраас хүүхэдтэй холбоотой ажил хийж байгаа нь хамгийн сайхан. Бусдад аз жаргал бэлэглэхээс гадна өөрөө маш их зүйлийг сурдаг нь хамгийн гоё.

Би өмнө нь утсаар ярихаас айдаг байсан бараг л трауматай гэхэд болно. Сайн дурын ажил хийдэг болсноос хойш өөртөө маш их итгэлтэй болсон. "Аливаа зүйлээс хэдий болтол айж явах вэ" гэж бодсоноор өөртөө итгэх итгэлийг олж аваад олон айдсуудаа давсан.

Энэ ажил олон хүмүүстэй харьцдаг учраас хүмүүсийг их сайн ойлгодог болсон. Би өмнө нь "сургууль - гэр" гэсэн маршруттай ямар нэгэн түүхгүй хүн байсан. Хүмүүс адал явдал, түүхүүдтэй байдаг. Тиймээс гарах ёстой юм байна, ямар нэгэн зүйл хийх ёстой юм байна гэж бодоод сайн дурын ажил хийж эхэлсэн.

МУИС-ийн 2-р түвшний оюутан Г.Хүслэн

Сайн дурын арга хэмжээнүүдэд оролцож эхэлснээс хойш 8 жил болж байна. Энэ ажил нь өөрийгөө таньж мэдэж, бусдад туслалцаа үзүүлж, бусдаас суралцдаг давуу талтай. Өөрсдийнхөө дуу хоолойг томчуудад хүргэх нь маш чухал байдаг. Томчуудын харж чадахгүй асуудлыг хүүхдүүд бид нар харчихсан байдаг. Тиймээс бид өөрсдөдөө тулгамдаад байгаа асуудлуудыг томчуудад хэлснээр асуудлыг шийдээд өгчихдөг.

Танилын хүрээ ихэснэ, их дээд сургуулиудад орох боломж ихэснэ, CV хүртэл зузаардаг. Илүү олон сайн дурын ажилд оролцмоор, илүү олон хүнд тусалмаар санагддаг. Маш олон зүйлсүүдийг сурдаг. Жишээ нь би Монголын Улаан загалмайн нийгэмлэгт сайн дурын идэвхтэн гишүүн болсноор анхны тусламж үзүүлэх, гамшгийн үед авах арга хэмжээнүүдийг сурсан, Монголын хүүхдийн зөвлөлд ороод өөрийнхөө дуу хоолойг бусдад хэрхэн хүргэх, арга хэмжээг хэрхэн зохион байгуулах, томчуудад дуу хоолойгоо хэрхэн илэрхийлэх, миний эрх бусдын эрх юу вэ гэх мэт олон зүйлийг сурсан. Монголын сайн дурынхны төвд тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй танилцаж тэдэнд жаахан л дэмжлэг хэрэгтэй болохоос биднээс ялгаагүй гэдгийг ойлгосон.

Сайн дурын ажил хийснээр маш их боломж чамд нээгддэг. Найзын хүрээлэл ихэснэ, маш сайн мэдээлэлтэй болдог. Жишээ нь Засгийн газраас хэрэгжүүлдэг өсвөрийн парламент, teen хуралдай, because I'm girl, because I'm a boy чуулганууд гэх мэт томоохон арга хэмжээнүүдэд уригддаг болдог. Сурсан мэдсэнээ бусдад заагаад ирэхээр маш их урам авдаг.

Э.Ууганбаяр-117 сургуулийн 12в ангийн сурагч

Сайн байцгаана уу. Би "Улаан загалмайн нийгэмлэг"-т 8-р ангиасаа хойш сайн дурын идэвхтэнээр ажиллаж байна. Би анх Улаан Загалмайн нийгэмлэгт элсэхдээ найзтайгаа ч харилцаж чаддаггүй хүүхэд байсан. 5 жилийн хугацаанд олон хүнтэй харилцаад өөрийгөө нээж, хүүхдүүдийн өмнө гарч сандарч тэвдэлгүй илтгэл тавьж сурсан, мэтгэлцэж сурсан. Оролцоо сайтай байгаарай, хүмүүсээс асуулт асууж сураарай. Битгий дотогшоогоо хүн байгаарай л гэмээр байна.

Зургуудийг сум дээр дарж гүйлгэж үзнэ үү.

#Сайн дурын ажил #volunteer