

Scale AI-г үүсгэн байгуулагч 28 настай Александр Ван “Технологийн чиглэлээр карьераа төлөвлөж буй өсвөр насныхан хиймэл оюунаар код үүсгэх хэрэгслүүдэд шимтэн, хиймэл оюуны ур чадвараа сайжруулах боломжийг маш сайн эзэмших ёстой.” хэмээн хэлжээ.
Алекс Ван 2016 онд Scale AI-г үүсгэн байгуулсан ба компаниа хамгийн сүүлд 29 тэрбум долларын үнэлгээтэй болгосон. Тэрээр " Vibe Coding бол технологид гарч байгаа маш том өөрчлөлт бөгөөд хэрэв чи 10,000 цагийг хиймэл оюуны багаж хэрэгслүүдээр тоглож, тэдгээрийг хэрхэн бусад хүмүүсээс илүү сайн ашиглахаа олж мэдэхэд зарцуулвал маш том давуу тал болно." гэжээ
Хиймэл оюун ашиглаж код бичих буюу "Vibe Coding" нь хиймэл оюунд команд, заавар өгөх замаар програм хангамжийн код бичүүлэх шинэ арга барил юм. Replit, Cursor зэрэг хиймэл оюуны кодчилолын програмууд нь компьютерийн инженерчлэлийн мэдлэггүй хүн ч гэсэн код бичих, шинэ програм бүтээх боломжийг олгодог.
Алекс Ван Vibe Coding-ийг Билл Гэйтс шиг хүмүүс компьютер, програм хангамжийг эрт нэвтрүүлж байсан компьютерийн хувьсгалын эхэн үетэй жишиж ярьсан. Билл Гэйтс Сиэттлийн нэг компанитай санамсаргүй байдлаар тохиролцоонд хүрч, тус компанийн компьютерийг үнэгүй ашиглах боломжтой болсоны ачаар өсвөр насандаа гэрээсээ шөнөдөө нууцаар гарч програм хангамжийн код бичиж сурахад олон цагийг зарцуулдаг байсан. Энэ нь түүнд том амжилтанд хүрэх үүд хаалгыг нээсэн юм.

Ван өнөө үеийн өсвөр насныхан Гэйтсийн арга барилыг дагаж, Vibe Coding-ийн хэрэглүүрүүдийг ашиглаж сурахад аль болох их цаг зарцуулах нь ухаалаг хэрэг болно гэж үзэж байна. Тэрээр подкастаар орохдоо "Тэр үе яг одоо давтагдаж байна. Хэрэв чи 13 настай бол бүх цагаа Vibe Coding-д зарцуулах хэрэгтэй. Энэ чиний амьдрал болох ёстой." гэжээ.
Meta компани Scale AI-г өнгөрсөн зургаадугаар сард худалдаж авсанаар Ван 3.2 тэрбум долларын хөрөнгөтэй болсон ба Meta-ийн AI хариуцсан захирал болсон. Ван том амжилт гаргаж, салбартаа хүндтэй байр суурь эзэлж буй. Тэрээр "Миний амьдралдаа бичсэн бүх кодыг ойрын таван жилийн дотор хиймэл оюуны загварын бичсэн код орлох боломжтой болно." гэж ярьжээ.
Мөн өнгөрсөн 9-р сарын 17-нд цацагдсан "TBPN" подкастын дугаарт орохдоо Ван хиймэл оюуны багаж хэрэгслүүдийг яаж хамгийн сайнаар ашиглах ёстойгоо мэдэх нь л их чухал гэж байлаа. Хүүхэд залуучуудад таны өгөх хамгийн сайн зөвлөгөө юу вэ гэхэд тэрээр"Vibe Coding буюу хиймэл оюун ашиглаж код бичихийг сураарй хэмээн уриалж байлаа.

Хиймэл оюуны програмууд дэлхийн хамгийн шилдэг код бичигчдийг ч орлох боломжтой болж ирж буй нь програмчлалыг ирээдүйтэй ажил мэргэжил мөн эсэх талаар санаа зовниход хүргэж байна. Компаниуд хиймэл оюунаар код бичүүлэх хэрэглээгээ хэдийнээ нэмэгдүүлээд эхэлсэн ба зарим тохиолдолд хиймэл оюун програмистуудыг орлож эхлээд байна. Гэхдээ Ван болон тус салбарын хүмүүс өсвөр насны хүүхдүүд програмчлалын ур чадвартай болохын тулд хиймэл оюуны хэрэгслүүдтэй танилцах нь үнэ цэнэтэй гэдэгт итгэсэн хэвээр байна.
Эх сурвалж: CNBC
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!