"Шинэ эхлэл" олон улсын сургуулийн сурагчид сонгуулийн ерөнхий хороотой танилцаж, сургалтад хамрагдлаа


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Олон улсын хөтөлбөрийн сургалттай, ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” лаборатори сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид өнөөдөр (2026.04.10) Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагаатай танилцаж, сонгуулийн боловсрол олгох сургалт, мэдээлэл авлаа.

Сонгуулийн ерөнхий хорооны сургагч багш нар ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, их дээд сургуулийн оюутнуудад сонгуулийн боловсрол олгох сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Мөн сонгуулийн боловсрол олгох сургалтын өмнө “Сонгуулийн боловсролын хөтөч” сурагч, оюутнуудыг хүлээн авч Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагаа, ажилтнуудтай танилцуулж байгаа.

Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн ахлах мэргэжилтэн С.Мэргэн “Сонгуулийн боловсролын хөтөч”-өөр сурагчдыг угтан авч сонгуулийн төв байгууллагын бүтэц, чиг үүргийг танилцуулан сургалт, мэдээллийг удирдан зохион байгуулсан юм.

Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн ахлах мэргэжилтэн А.Банзрагчдорж ажлынхаа нэг өдрийн танилцуулж, сонгуулийн байгууллагын ажлын онцлог, зохион байгуулалтын талаар сурагчидтай ярилцав. Санал авах байрны зохион байгуулалт, санал авах байранд хэрхэн ажилладаг, гадаад улсад байгаа сонгогчдын саналыг яаж авдаг болон санал тоолох төхөөрөмжийн ажиллагааны талаар сурагчид тодруулж, сонирхсон асуултдаа хариулт авав.

Сурагчид сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагаатай танилцсаны дараа Залуу сонгогчдод зориулсан сургалтын хөтөлбөрийн дагуу сонгуулийн тогтолцоо, сонгох, сонгогдох эрх, сонгуулийн зохион байгуулалт, хариуцлагатайгаар сонголт хийх талаар сургалтад хамрагдлаа. Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн ахлах референт Б.Нямсүрэн сурагчдад дээрх агуулгаар сургалт, мэдээлэл хийж, Мэдээллийн технологийн төвийн ахлах мэргэжилтэн С.Дэмбэрэл санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагааг танилцууллаа.

Сонгуулийн зохион байгуулалт, сонгох, сонгогдох эрхийн талаар сургалт, мэдээлэл авсны дараа “Шинэ эхлэл” сургуулийн сурагчид ангийн даргаа сонгох сонгуулийн санал хураалт (Mock election) зохион байгуулав. Ангийн даргад нэр дэвшсэн таван нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө танилцуулж, сурталчилгаа хийсний дараа сонгогчид сургалтын саналын хуудаст саналаа тэмдэглэн, санал тоолох төхөөрөмжид уншуулав. Санал тоолох машинд сургалтын саналын хуудас уншуулахад Мэдээллийн технологийн төвийн ажилтан ажилтан Т.Төгөлдөр зааварчилгаа өгч, ажиллагааг нь танилцуулсан юм. Санал хураалт дууссаны дараа дүнг гаргаж, нэр дэвшигчийг ангийн даргаар сонгогдсонд тооцсоноор энэ удаагийн сургалт өндөрлөв.

Залуу сонгогчдод зориулсан сургалт ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, их дээд сургуулийн оюутнуудад нээлттэй. Сонгуулийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, сургалт мэдээлэл авах хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд урьдчилж ирүүлэх боломжтой.

#мэдээ