К-поп оддын амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Kpop demon hunters” анимейшн өнгөрсөн сарын 20-нд Netflix-ээр нээлтээ хийсэн билээ. Анимейшн дундаа өмнө нь огт байгаагүй сэдвийг хөндөн харуулсан нь дэлхий нийтэд алдартай болох хамгийн том алхам болсон юм.
Анимейшны зохиол, дүрүүд, дуу дүрслэл, чанар гээд бүхий л хэсэг нь яг одоо интернэт орчинд тренд болж байна. Тэр дундаа soundtrack буюу дуунууд нь хүмүүст ихээхэн таалагдаж, олон улсын хөгжмийн чарт болох Billboard-д жагсаж эхэлжээ.
“Hunters”-ийн “Golden” дуу Billboard Hot 100 жагсаалтын 81-р байрт бичигдсэн бол, тэдний өрсөлдөгч хөвгүүдийн хамтлаг болох “Saja Boys”-ийн “Your Idol” дуу нь 77-р байранд жагссан байна. Өмнө нь анимейшны soundtrack ийм дээгүүр жагсаж байсан тохиолдол байхгүй аж.
Зургаадугаар сарын 20-23-ны өдрүүд буюу цацагдсан эхний хэд хоногтоо тус анимейшны 12 дуу АНУ-д нийтдээ 13.3 сая хандалт авч байсан бол үүнээс хойш нэг долоо хоногийн дараа энэ тоо гурав дахин нэмэгдэж 42.8 сая болтлоо өсжээ. “Golden” болон “Your Idol” дуу хоёр одоогоор хамгийн онцлох бүтээлүүд болоод байгаа бөгөөд “Golden” дуу 7 сая стрийм авсан нь өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 272 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин “Your Idol” дуу 6.6 сая стрийм авч, 250 хувиар өсжээ.
Үүнээс гадна “What It Sounds Like”, “Free” зэрэг бусад дуунууд ч мөн адил анхны долоо хоногийнхоо стриймээс гурав дахин их үзүүлэлттэй болж, дуу татаж авах тоо ч мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Soundtrack нь нийтдээ зургаадугаар сарын 27-30-ны хооронд 7.000 гаруй хувь татагдаж, өмнөх дөрөв хоногтой харьцуулахад 44 хувиар өссөн бөгөөд хоёр дахь долоо хоногтоо дууны борлуулалт таван оронтой тоонд хүрч магадгүй гэнэ. Хэрэв KPop Demon Hunters энэ эрчээ алдалгүй явсаар байвал цаашдаа Billboard жагсаалтын эхний байруудад ч орох боломжтой болох юм.
Эх сурвалж: Billboard
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!