"Багшийнхаа итгэлийг дахин олмоор байна"


ССҮТөв | YOLO.MN
2017-01-05

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Би багшийнхаа итгэлийг алдчихсан, одоо би яах вэ

Гайтай тэр өдөр томьёогоо мартаагүй байсан бол би хайртай багшийнхаа итгэлийг алдахгүй байх байсан шүү дээ.

Сайн байна уу, Намайг Т гэдэг. Би 15 настай, эрэгтэй

Би хичээлдээ их сайн хүүхэд л дээ. Ер нь бол бүхий л хичээлдээ идэвхтэй, дандаа “А” дүн авдаг. Тийм болоод ч тэр үү багш нар надад их сайн байдаг юм, ялангуяа математикийн багш. Гэтэл саяхан нэг онцгүй явдал болоод одоо хүртэл санаанаас минь гарахгүй намайг их зовоож байна. Би шалгалтан дээр хэзээ ч хуулж, бусдаас будаа идэж, шифи хэрэглэж үзээгүй. Гэтэл нэг шалгалттай өдөр томьёогоо мартчихдаг байна шт, ёстой хичээгээд хичээгээд санадаггүй ээ. Би номноосоо л харчихмаар санагдаад багшийн нүдийг хариулж байгаад номоо сэмээрхэн эргүүлээд сууж байтал надад их сайн ханддаг багш минь гэнэт миний хажууд ирчихсэн намайг хараад зогсож байдаг юм.

Би гэдэг хүн нүүр улайгаад л бантсан чигтээ номоо хаагаад багш руу хартал “Т, би чамайг ийм хүүхэд гэж бодоогүй. Чамайг өөрийн толгойгоороо онц сураад итгэл даагаад явдаг юм болов уу гэсэн харин шалгалтыг дандаа ингэж өгдөг байжээ” гэдэг юм даа. Би өөрийгөө өмөөрч “анх удаа л ингэж байна” гэж хэлэлтэй нь биш, дуугүй л шилээ маажин суусан. Би өөртөө уур хүрээд шалгалтын материалаа ч хураалгаагүй, “F” авсан. Гайтай тэр өдөр томьёогоо мартаагүй байсан бол би хайртай багшийнхаа итгэлийг алдахгүй байх байсан шүү дээ. Тэрнээс хойш багш надад их дургүй болсон. Би одоо яах вэ, багшийнхаа итгэлийг яаж буцааж олох вэ. Надад туслаач. crying

Зөвлөгөө: Өөрийгөө илүү дайчилснаар бусдын итгэлийг хүлээж чадна

Бид хийсэн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээдэгтэй адилаар, сэтгэл гаргаж хөдөлмөрлөсөн зүйлийнхээ төлөө шагнал ч бас авдгийг битгий мартаарай.

 

Сайн байна уу? Чамд энэ өдрийг мэндийг хүргэе

Юун түрүүнд би чамайг өндрөөр үнэлж байгаагаа хэлмээр байна. Учир нь чи өөрийнхөө алдаа дутагдлыг ойлгодог, түүнийгээ засах гэж хичээдэг юм байна. Энэ бол маш сайн зан чанар юм шүү.

Харин багшийнхаа итгэлийг алдсан явдлын хувьд чамд өөрийгөө харуулахад цаг хугацаа хэрэгтэй. Учир нь хүний итгэл гэдэг маш хэврэг зүйл юм. Чи зураг зураад түүнийгээ баллуурддагтай адилаар гаргасан алдаагаа ор мөргүй алга болгож чадахгүй. Гэхдээ илүү хичээж, өөрийгөө дайчилж багшийнхаа итгэлийг дахин олж болно. Мэдээж чамд их цаг хугацаа бас хөдөлмөр хэрэгтэй. Энэ хугацаанд хэцүү байсан ч шантралгүй хичээл зүтгэлээ үргэлжлүүлсэн хэвээр байгаарай. Бид хийсэн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээдэгтэй адилаар, сэтгэл гаргаж хөдөлмөрлөсөн зүйлийнхээ төлөө шагнал ч бас авдгийг битгий мартаарай. wink

 

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Б.Ганзул

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Асуудал #Багш #Итгэл #Problem #Teacher #Trust