Цагийн менежментээ сайжруулахад тань туслах зөвлөгөө


Д.Дөлгөөн | YOLO.MN
2025-11-20

Хүн бүр л өөрсдийн хурдаар урагшилж буй ч гэлээ хурдтай хөгжих технологийн эрин үед нийгэм маань өдөр бүр биднийг хурдтай байхыг шаардаж байгаа мэт байдаг. Энэ үед хамгийн үр бүтээмжтэй зүйлс хийх гол түлхүүр бол цагийн менежмент. Гэхдээ цагийн менежментээ сайн нарийн төлөвлөж хийлээ ч үйл явц нь үр дүнтэй байж чадаж байна уу гэдэг бэрхшээлтэй сэдэв.

Тиймээс энэ удаагийн нийтлэлээрээ цагийн менежментийг хэрхэн зөв хийх, хэрхэн үр дүнтэй үйл явцаа зохицуулах талаар зөвлөмж бэлтгэн хүргэж байна.

Цагийн менежментийн хамгийн эхний алхам бол тодорхой зорилго тодорхойлох явдал гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ  өдөр, долоо хоног, сар бүрийн зорилгоо бичиж тэмдэглэснээр та юу чухал, юу түр хугацааны асуудал болохыг ялгаж чадна.

ТОМ АЖЛЫГ ЖИЖИГ ХЭСГҮҮДЭД ХУВААХ

Том ажил, төсөл бүрийг жижиг алхам болгон хуваах нь цагийг илүү үр дүнтэй ашиглах боломжийг олгодог. Жишээлбэл, шалгалтанд бэлдэхдээ бүх сэдвийг нэгэн зэрэг үзэх гэж оролдохын оронд өдөр бүр тодорхой нэг сэдэв, нэг бүлэг дээр төвлөрөх нь илүү үр дүнтэй. Энэ арга нь том зорилгыг хэрэгжүүлэхэд сэтгэл санаанд дарамт өгөхгүй, бага алхам бүрт амжилт мэдрүүлэх эерэг талтай.

НЭГ ӨДӨРТ ОЛОН ЗҮЙЛ БИТГИЙ ТӨЛӨВЛӨ

Өдөрт олон ажлыг зэрэг амжуулах гэж оролдвол анхаарал сарних, бүтээмж буурах эрсдэлтэй. Мэдээж та олон зүйл хийх шаардлагатай. Гэхдээ хамгийн чухал гэсэн 2-3 ажилдаа л сайн төвлөрөөд үлдсэнг нь зав гарвал хийнэ гэж бодох хэрэгтэй. Нэг цагт зөвхөн нэг ажилд төвлөрөх нь илүү үр дүнтэй.

ТӨЛӨВЛӨГӨӨ ӨӨРЧЛӨГДӨЖ БОЛНО. ТИЙМЭЭС ӨӨРТӨӨ ЗӨӨЛӨН ХАНД

Өдөрт хийх зүйлсээ цагтай хуваарилж бичих нь хийх ажлыг төвлөрүүлэх, хойш тавихгүй байх ч гэлээ заримдаа төлөвлөгөө өөрчлөгдөж магадгүй тул нөхцөл байдалд нийцүүлэн зохицуулах нь чухал. Тиймээс төлөвлөгөө өөрчлөгдсөн ч гэсэн таны буруу биш тул өөрийгөө уучилж сурах хэрэгтэй.

ЦАГ ДЭМИЙ ҮРЭГДЭЖ БАЙГАА ЗҮЙЛИЙГ ЗОГСОО

Хэрэггүй зүйлд үрэгдэж буй цаг сүүлд нь зөвхөн харамсал авчирна. Хэтийдсэн утас, сошиал хэрэглээ, тоглоом, хэрэггүй хүмүүстээ уулзаж цаг нөхцөөх зэрэг цагуудаа сайн анзаараарай. Өдөрт өөрт хэрэггүй, үр дүн багатай үйлдлийг тодорхойлж хасах нь чухал юм шүү.

TIME BLOCKING АРГА

Мөн time blocking арга нь залууст маш их тус болдог. Том ажилд тодорхой цагийн хязгаар тогтоож, тухайн хугацаанд зөвхөн нэг ажилд анхаарал төвлөрүүлснээр бүтээмж нэмэгддэг. Энэ арга нь олон зүйлийг зэрэг хийх гэж оролдсон үед тархины энерги дуусах, анхаарал сарнихаас сэргийлдэг.

АМРАЛТ, ЭРҮҮЛ МЭНДЭЭ ОРХИГДУУЛЖ БОЛОХГҮЙ

Цагийн менежмент гэдэг зөвхөн хийх зүйлээ төлөвлөх биш, амрах цаг, нойр, дасгал хөдөлгөөндөө анхаарахыг ч багтаасан зүйл шүү дээ. Амралт нь тархийг сэргээж, дараагийн ажилдаа илүү төвлөрөн хурдан гүйцэтгэхэд тусалдаг тул үр бүтээмжийг маш сайн дэмжиж өгнө.

Эх сурвалж: Cal newport

#цагийн менежмент