Starbucks-ийн баавгай хэлбэрт аяганы төлөөх галзуурал


С.Оюундарь | YOLO.MN
2025-11-10

Starbucks-ийн шинээр худалдаанд гаргасан баавгай хэлбэрт аяганаас болж үйлчлүүлэгчид хоорондоо маргах нь холгүй кафед дугаарлан зогсоцгоож байна.

11 сарын 06-ны өдөр Starbucks зул сарын баярын цэсээ гаргаж, баавгай хэлбэртэй аягануудыг орон даяар дэлгүүрүүдэд худалдаалах болсон билээ. Эдгээр баярын цэсэд Peppermint Mocha, Caramel Brulee Latte зэрэг уух зүйлс багтсан бөгөөд зул сарын өдрийг санагдуулам баярын аяганууд, усны сав болон бусад бэлгүүд багтжээ. Гэсэн ч энэ бүгдээс баавгай хэлбэрийн аяга л олны анхаарлын төвд байгаа юм байна.

Энэхүү 600 мл-ийн ногоон өнгийн Starbucks-ийн малгайг өмссөн баавгайн аяга нь “Балга бүртээ аз жаргалыг мэдэр” уриа дор 29.95$ буюу монгол төгрөгөөр ойролцоогоор 106,300 төгрөгөөр зарагдаж байгаа сурагтай. Аяга олны сонирхлыг татах болсон шалтгааны нэг бол 11 сарын 05-нд компаний албан ёсны instagram хаяг дээр нийтлэгдсэн бичлэг юм. Уг бичлэгт тийм ч содон зүйл гардаггүй буюу баавгайтай аяганд кофе найруулж буй баристаны энгийн л нэг бичлэг байв. Тэгсэн ч бичлэг одоогийн байдлаар 758,305 like-ийг цуглуулжээ.

Баавгайтай аяга худалдаанд гарсан даруйд үйлчлүүлэгчдийн уг аяганы тухай хийсэн бичлэгүүд интернэтээр тархаж хүн бүр л уг цөөн тоогоор үйлдвэрлэсэн аягыг авахыг хүсэж буйгаа болон хэрхэн авсан түүхээ хуваалцаж байна.

Цахим орчин дахь хүмүүсийн сэтгэгдлээс хуваалцвал,

“Энэ аяга бол зүссэн талх үйлдвэрлэгддэг болсноос хойших хамгийн гайхалтай бүтээгдэхүүн юм”

“Миний харж байсан хамгийн өхөөрдөм аяга”

“Би чамайг авахын төлөө тэмцэх болно оо баавгайн аяга минь!”

“Би кофе уух дургүй ч энэ аягыг авна гэвэл кофе уусан ч яах вэ” гэсэн сэтгэгдлийн дор Starbucks “Сайхан мэдээтэй! Манай аягыг авахын тулд та заавал кофе авах шаардлагагүй шүү!” хэмээн хариулжээ.

Маш их эрэлттэй байгаа тул олноор нь дэлгүүрүүдэд байршуулсан ч аяганууд маш хурдан зарагдан дуусаж байгаа бөгөөд Washington, D.C болон New York зэрэг хотуудад өглөөний 08:00 цагийн байдлаар баавгайтай аяганууд аль хэдийн зарагдсан байдалтай байна. Бүр зарим газруудад зүгээр л баавгайн хэлбэртэй шилэн аягыг авахын тулд үүрийн 04:50 гэхэд кафен гадаа оочирлон зогсож байгаа гэнэ шүү.

“Би чиний төлөө тэмцэх болно” гэж тэд зүгээр ч нэг тоглож хэлээгүй бололтой. Аяганаас болоод хэрүүл маргаан гарч бүр нэгэндээ гар хүрсэн тохиолдол гарчээ. Нэгэн ТикТок хэрэглэгчийн нийтэлсэн бичлэгт кофены аяганы төлөө ноцолдож буй гурван үйлчлүүлэгчийг харуулсан байсан бөгөөд бараг л “зодоон” маягийн зүйл болсны дараа баавгайн ногоон малгай газарт хэвтэж байх нь камерт тодоор тусаж үлджээ.

Өөр нэгэн бичлэгт аягыг авахыг хүсэн маш олон цагаар оочирлосон ч авч чадаагүй ууртай үйлчлүүлэгч кафен ажилчныг бүх аягыг авсан хэмээн буруутган хашхирч байгаа нь гарсан байна.

Баавгайн аяганы төлөөх “галзуурал” газар авч байгаа энэ үед азаар аягатай болсон зарим нэг овсгоотой хүмүүс аягыг маш өндөр үнээр буюу 250$-800$ (887,000₮-2,840,000₮)-оор зарж байгаа гэсэн мэдээллүүд гарчээ.

Үүсээд буй нөхцөл байдлын талаар Starbucks-ийн төлөөлөгчийн хэлж буйгаар баярын мерчийг ингэж ихээр зарагдана гэж бодоогүй бөгөөд тэд баавгайн аяга болон бусад баярын багцад багтсан бүтээгдэхүүнүүдийг олноор нь дэлгүүрүүдэд нийлүүлж байгаа ч нүд ирмэх зуурт л дуусаж байгаа гэнэ. Мөн “Баавгайн аягыг маш их авахыг хүсэж байгааг бид ойлгож байна. Үүнээс болж сэтгэл хангалуун бус үлдсэн бүх үйлчлүүлэгчдээсээ уучлалт хүсье” хэмээсэн юм.

Эх сурвалж: Today

#Starbucks