Шилдэг найруулагчдын найруулсан тун удахгүй нээлтээ хийх 5 КИНО


О.Төгсжаргал | YOLO.MN
2022-09-26

Аливаа сэдэв, өгүүлэмж, сэтгэл, мэдрэмж, гоо сайхан, сэдэл, санааг хөдөлгөөнт дүрсүүдээр дамжуулан илэрхийлэн, хүний харах, сонсох мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөн, бодолд нөлөөлдөг хэрэгслийг кино гэх. Кино гэрэл зураг, яруу найраг, уран зураг, хөгжим, архитектур гээд олон урлагийн салбаруудыг өөртөө багтаадаг энтертайнмент бөгөөд урлагийн томоохон салбар билээ. Кинонд найруулагч, зохиол бичигч, продюсер, жүжигчид, хөгжмийн зохиолч гээд маш олон хүн ажилладаг. Тэгвэл гайхалтай кино бүтэхэд кино багийн бүх л хүн сэтгэлээ шингээн, чармайж ажилладаг ч киноны найруулагч хамгаас чухал үүрэгтэй. Ингээд энэхүү нийтлэлээр энэ цаг үеийн авьяаслаг, шилдэг найруулагчдын ажилласан, тун удахгүй нээлтээ хийх 5 киног танилцуулж байна. 

Avatar: The way of Water

2009 онд анх дэлгэцнээ гарч үзэгчдийн байлдан дагуулан дэлхий даяар 2.4 тэрбумын ашиг олсон алдарт бүтээл бол Аватар. Нэрт найруулагч James Cameron-ийн бүтээсэн эл уран зөгнөлт, адал явдалт кино, кино урлагийн түүхэнд шинэ хуудсыг бичсэн. Сонирхолтой дүрслэл, технологийн дэвшлийг ашиглан бүтээсэн нь тухайн үедээ гайхамшигтай байлаа. Тийм ч учраас энэ кино бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон киногоор тодорсон байх. Тэгвэл энэхүү киноны үргэлжлэл хэзээ хийгдэх, хэдийд гарах нь тодорхойгүй, олон жилийн хүлээлт үүсгэсний эцэст "Avatar: The way of Water" бүтээл ирэх арванхоёрдугаар сард дэлгэцнээ гарах юм. Жилийн эцсийн гайхалтай тэсрэлт болно гэдэгт итгэж байна.

The Fabelmans 

Мөн л бүх цаг үеийн хамгийн агуу найруулагчдын нэг Steven Spielberg эрхмийн ээлжит бүтээл "The Fabelmans". Найруулагчийн бага насны дурсамжаас сэдэвлэсэн эл кинонд дэлхийн хоёрдугаар дайны дараахан АНУ-ын Аризона мужийн нэг гэр бүлийн сэтгэл хөдөлгөм түүх, нэгэн хүүгийн тухай өгүүлэх аж. Кино урлагийн сайхныг Fabelman-ийн гэр бүлийнхэнтэй мэдрээрэй. Кино арваннэгдүгээр сарын 11-нд дэлхий даяар нээлтээ хийнэ. 

Babylon 

Оскарын нэр хүндтэй шагналыг хамгийн залуудаа хүртсэн авьяаслаг найруулагч Damien Chazelle-ийг кино сонирхогчид сайн мэдэх буй за. "La La Land", "The First man" зэрэг бүтээлүүдийг нь санаж байна уу? Тэгвэл шилдэг залуу найруулагчийн шинэхэн бүтээл болох "Babylon" тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Гол дүрд нь Холливуудын нэрт жүжигчид болох Brad Pitt, Margot Robbie тоглох юм. Кино нь1920-оод оны Холливууд, оддын амьдралын талаар өгүүлэх ба гарцаагүй сонирхолтой бүтээл болсон байх. Babylon арванхоёрдугаар сарын 25-нд нээлтээ хийх товтой байна. 

Amsterdam 

David O.Russell найруулагчийн шинэхэн бүтээл, нууцлаг инээдмийн төрлийн "Amsterdsam" кино аравдугаар сарын 7-ны өдөр нээлтээ хийх гэж байна. Кинонд Холливуудын нэрт Christian Bale, Margot Robbie, John David Washington, Chris Rock жүжигчид дүр бүтээсэн онцлогтой. Үйл явдал 1930-аад онд өрнөх ба кинонд эмч, сувилагч, хуульч гурван найз нэгэн нууцлаг аллагын хэргийн гол сэжигтэн болсноор үргэлжилнэ. 

Black Panther: Wakanda Forever 

Chadwick Boseman-ийн амилуулж өгсөн T’Challa буюу Black Panther бидний зүрхэнд үүрд мөнхрөн үлдсэн гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл тус киноны үргэлжлэл, Marvel studio-н ээлжит бүтээл "Black Panther: Wakanda Forever" арваннэгдүгээр сарын 11-ны өдөр дэлхий даяар нээлтээ хийх гэж байна. Marvel-ийн фэнүүдийн амьсгаа даран хүлээж буй уг киног өмнөх анги дээр нь ажилласан чадварлаг уран бүтээлч Ryan Coogler найруулсан юм. Кино урлагийн түүхэнд Африк тивийн ард түмний сонирхолтой, содон, гайхалтай соёлыг нэвтрүүлсэн тус бүтээл магад Chadwick Boseman эрхмийн гэгээн дурсгалд зориулагдсан ч байж мэднэ. 

#Кино урлаг