

Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод уржигдар (2025.10.25) эхэллээ. 19 дэх удаагийн тэмцээнд 16 орны 677 шатарчин стандарт, блиц, рапид төрлөөр 432 медалийн төлөө өрсөлдөнө.
Сурагчдын оюун ухааныг хөгжүүлэх онцгой ач холбогдолтой тус тэмцээнд Энэтхэг, БНХАУ, Казахстан, Малайз, БНСУ, Австрали зэрэг 16 улсын 677 хүүхэд зургаан насны ангилалд оюун ухаанаа сорьж байна. ОХУ Азийн шатрын холбоонд хоёр жилийн өмнө элсэн орсон бөгөөд тус улсын шатарчид энэ жил анх удаа оролцож байна.

Тэмцээнийг нээж, Ерөнхий сайд, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар “Энэ тэмцээн оюун ухааныг дээдэлсэн спортын үнэт уламжлалыг дэлгэрүүлэх, тивийн сурагчдын нөхөрлөлийг бэхжүүлэх, ирээдүйн оюунлаг иргэдийг төлөвшүүлэх онцгой ач холбогдолтой. Монгол Улсын Засгийн газар оюун ухааны спортыг дэмжих, шатрыг сургалтын хөтөлбөрөөр өргөжүүлэх, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай залуу шатарчдыг бэлтгэх бодлогыг тууштай хэрэгжүүлнэ” гэв.

ССАЖЗЯ-ны сайд Ч.Ундрам, “Монголчууд эртнээс шатрыг оюуны цэц сорих, ухаан тэлэх, хойч үеэ хүмүүжүүлэх хэрэгсэл хэмээн эрхэмлэж ирсэн. Энэ тэмцээн нь зөвхөн өрсөлдөөн төдий бус, Ази тивийн залуу үеийн нөхөрлөл, итгэлцэл, оюуны солилцооны индэр болж байна. Тэмцээнд оролцож буй шатарчид ирээдүйн мастер, дасгалжуулагч, сурган хүмүүжүүлэгч, шинжлэх ухаан, технологийн удирдагчид болно гэдэгт итгэлтэй байна” гэв.
Тус тэмцээнд манай улсаас хамгийн олон буюу 400 гаруй хүүхэд оролцож байна. Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн 9 өдөр үргэлжлэх бөгөөд түрүүлсэн шатарчин Олон улсын шатрын холбооны дүрмээр олон улсын цолтой болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!