Хүнээ аваагүй болон зорчигчтой маргалдсан жолооч нарт хариуцлага тооцов


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна. Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2025 оны 10 дугаар сарын 15-21-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.

Талархал: Иргэн Наранцэцэг: Ч:26 “Тоосгоны үйлдвэр эцэс-Жанжин клуб” чиглэлийн “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-114 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч түргэн шуурхай үйлчилж өгсөнд маш их баярлалаа.

Талархал: Иргэн Д.Наранцэцэг: Х:1 “Санзайн эцэс-7 буудал” чиглэлийн “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-236 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Дэлгэрсайхан мундаг хариуцлагатай жолооч байна баярлалаа .Миний үнэтэй эд зүйлийг олж өгсөн. Нийтийн тээврийн бодлогын газрын санал, гомдол хариуцсан ажилтнуудад баярлалаа. Түргэн шуурхай жолоочтой холбогдож, ажилласанд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсьe.

Талархал: Иргэн Болорзаяа: Ч:2 (Шар хадны эцэс-3,4-р хорооллын эцэс) чиглэлд явж байсан 2-204 гарааш дугаартай "Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын жолооч П.Майдар иргэдтэй зөв боловсон найрсаг харилцаж, автобус нь дулаахан, цэвэрхэн тухтай байгаад талархаж байна. Ажлын өндөр амжилт хүсье.

Иргэний гомдол: Иргэн Б.Отгонцэцэг: Ч:10 (Гадна тойруу-Баянмонгол хороолол- ТЭЦ-3) чиглэлийн 25-024 автобусны жолооч явахгүй гэж хүмүүсээ буулгасан. Гомдолтой байна. Арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын жолооч Ц.Батбаатарыг дуудан ирүүлж, анхааруулж сануулсан.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн П.Эрдэнэ: Ч:53 “Яармагийн эцэс-МУБИС” чиглэлийн 13-255 гарааш дугаартай автобусны жолооч 22:39 цагт Таван богдоос хүнээ аваагүй явсан. Гомдолтой арга хэмжээ авч өгнө үү.

Шийдвэрлэлт: “Эрдэм транс” ХХК-ийн жолооч Р.Даваанямд торгуулийн арга хэмжээ тооцсон.

Иргэний гомдол: Иргэн Б.Одсүрэн: Ч:50 (Улаанхуаран-ТЭЦ-3) чиглэлийн 1-127 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн зан харилцаанд анхаарч арга хэмжээ авч хариу өгнө үү. Бага насны хүүхдийн хажууд зүй бус үг хэрэглэж, зорчигчтойгоо маргалдаж, зодолдсон.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын ёс зүйн хороонд шийдвэрлэх үүрэг өгсөн.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Т.Мөнх-Эрдэнэ: Ч:24А (Дүүхээ дэлгүүр-Зүрх уул) чиглэлийн 25-082 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. 6, 7, 11 настай өсвөр насны хүүхдүүдийг олон нийтийн дунд зүй бус үгээр доромжилж, автобуснаас хөөж буулгасан.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨХХТҮГ-ын 25-082 гарааш дугаартай автобусны камерын бичлэг үзэхэд 2 дүү нь түрүүлж автобусанд суугаад ах нь тусдаа орж суух үед жолооч төлбөрөө төлөхгүй бол буу гэсэн шаардлага тавьж буулгасан. Буулгахад 2 дүүтэйгээ хамт явааг мэдсэн хэмээн жолооч Н.Ганболд тайлбарласан.

Нийтийн тээврийн стандартад зорчигч нь хөлс төлөхгүйгээр зорчихыг хориглодог. Сургуулийн насны хүүхэд нь нийтийн тээврээр 200 төгрөгөөр зорчино гэж заасан тул жолооч төлбөр төлөх шаардлага тавьсан болно.

#автобус #нийтийн тээвэр