Хөлбөмбөгийн олон улсын фестивальд оролцох ТОГЛОГЧ, СЭТГҮҮЛЧ ХҮҮХДҮҮДИЙГ шалгаруулна


Сондор | YOLO.MN
2018-03-05

Олон орны хүүхдүүдэд хөлбөмбөгөөр дамжуулан эх дэлхийн эв нэгдлийн төлөө хамтдаа тоглож, эх орноо сурталчлах томоохон боломж олгодог "Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө" фестивальд Монголын хөл бөмбөгийн холбоо анх удаа оролцох гэж байна.

Энэхүү үйл ажиллагааг ОХУ-ын Газпром ХК, ОУХБХ 6 жилийн өмнөөс хамтран зохион байгуулж ирсэн бөгөөд ОУХБХ-ны гишүүн 211 улс идэвхтэй оролцдог юм.

Улс орон бүрээс 12 хүртэл насны өсвөрийн хөлбөмбөгчин болон сэтгүүлч хүүхэд оролцож эх орноо сурталчилдаг энэхүү сонирхолтой хөтөлбөрт Монгол улсыг төлөөлөн оролцох хүүхдүүдийг 2018 оны 3-р сарын 6-нд МХБХ-ны байранд сонгон шалгаруулна.

Оролцох хүсэлтэй хүүхдүүдийг дараах шалгуурын дагуу сонгон авах юм. Үүнд,

Тоглогч: нэгдүгээрт, хөлбөмбөг сонирхож хичээллэдэг байх, түүн дотроо хагас хамгаалагчийн байрлалд тоглодог бол давуу тал болно, хоёрдугаарт англи хэлний харилцааны зохих түвшний мэдлэгтэй байх, гуравдугаарт, өөрийгөө илэрхийлэх, ярих чадвар болно.

Сэтгүүлч: англи юм уу орос хэлний зохих түвшний мэдлэгтэй, хөлбөмбөг сонирхдог, зохих түвшний мэдлэгтэй байх, мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хүүхдийн болон сургуулийнхаа хэвлэл мэдээлэлд ажилласан туршлагатай бол давуу тал болно.

Шалгарсан хүүхдүүд 2018 оны 3-р сард “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” үйл ажиллагааны зохион байгуулах хорооны төлөөлөгчийн хамт хэвлэлийн бага хуралд оролцоно. Түүний дараа эх орондоо хөлбөмбөг сурталчлах ажлуудад оролцоод, 2018 оны 6-р сарын 3-18 ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо очиж фестивалийн үйл ажиллагаанд оролцох юм.

Монгол Улсаас шалгарсан тоглогч хүүхэд Москва хотноо хөл бөмбөгийн зуны сургалтад хамрагдан, тэнд болох бүх дэлхийн хүүхдүүдийн нэгдсэн тэмцээнд хагас хамгаалагчаар тоглоно. Сэтгүүлч хүүхэд мөн сэтгүүл зүйн зуны сургалтанд хамрагдан, өөрийн тоглогчийн тухай сурвалжлага, материал бэлдэх бөгөөд хоёул "Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө" наадмын үйл ажиллагаанд эх орноо төлөөлөн оролцож, Монгол улсын тухай танилцуулга, мэдээлэл түгээж, ярилцлага өгч, дэлхийн цомын нээлтийн үйл ажиллагааг үзэх юм.

Эх сурвалж: МХБХ

#Football #Friendship