Өмнөх нийтлэлээрээ бид төсөөллийн найзын тухай жийрхэм түүхүүдийг хуваалцсан. Харин энэ удаад сүнс далдын хүчинд үл итгэгчид ч хариулт өгч чадамгүй, учрыг нь олоход бэрх, хачирхалтай болсон явдлуудын талаар бэлтгэлээ.
@TheTrueLordHumunguos
40 жилийн өмнө намайг хүүхэд байхад манай ээж, өвөө эмээ хоёрын фермээс ягаан сарнайн бут аваад гэрийн хашаанд суулгасан юм. Хэдийгээр бут ургасан ч гэсэн арчилгааг нь буруу хийсэн үү яасан юм мэдэхгүй, ямартай ч сарнай нь дэлбээлдэггүй байлаа. Тэгсэн ч ээж тэр бутыг хаяагүй л дээ. Харамсалтай нь бутыг суулгаснаас таван жилийн дараа өвөө маань нас барсан. Тэр жилийн хавар юу болсон гэж бодно? Бүхэл бүтэн таван жил цэцэглээгүй ягаан сарнайн бут улаан сарнайгаар цэцэглэсэн. Үүнээс хэдэн жилийн дараа эмээ маань нас барсан. Чи таачихсан уу? Яг зөв. Бут тэр жил ч гэсэн цэцэглэсэн. Хачирхалтай нь энэ удаад цагаан сарнайгаар.
@Fauxrace
Ээж минь дууч шувуунд үнэхээр дуртай байсан. Хааяа цонхны цаанаас тэдний жиргээ сонсогдоход “дууч шувуу ирж байна, сайн юмны дохио доо” гэж инээмсэглэдэгсэн.
Ээж бурхан болсноос хойш нэг их удаагүй байхад тохиолдсон юм. Ямар ч онцгойрох зүйлгүй энгийн л нэг өдөр… Ажил руугаа явах гээд машины зогсоол руу алхаж байтал дууч шувуун жиргээ сонсогдон хажуу тийш харвал яах аргагүй нэгэн дууч шувуу намайг ажиглаад сууж байдаг юм даа. Тэрхэн агшинд бүх зүйл нам гүм болон, эргэн тойрны чимээ чихний минь хажуугаар өнгөрч байв. Шувуу над руу хэсэг харж байгаад, жигүүрээ дэлгэн нисэхдээ яг л “айх хэрэггүй ээ, би энд байна” гэж шивнэх мэт болсон.
Би машиндаа оронгуутаа цурхиртлаа уйлж билээ. Гэхдээ тэр нулимс гунигийнх байгаагүй ч бас баярынх ч байгаагүй. Мэдэхгүй юм даа… Зүгээр л ээж минь хэзээ ч энэ дэлхийгээс бүрмөсөн яваагүй, хаа нэгтээ над руу ширтэн, намайг харж хандсаар байгаа мэт санагдсан болохоор л уйлсан байх.
@rowhesr
Намайг 12 настай байхад ээж хэд хоногоор хөдөө ажлаар явах шаардлагатай болов оо. Тэр үед хажууд хамаатнууд маань амьдардаг байсан болохоор би гэртээ ганцаараа үлдсэн ч надад айх зүйл байгаагүй. Явахаасаа өмнө тэр надад хэзээ эргэж ирэхээ хэлээд явсан юм.
Түүний эргэж ирэх өдөр болоход ээж үүд нүдэн нэрээр минь намайг дуудаж хаалга онгойлгохыг шаардсан. Ээжийн хоолойг сонсоод нохой маань ч гэсэн баярлаж надтай уралдан хаалга руу очсоноо төд удалгүй гаслан хачир царайлчихсан над руу хүрээд ирэв. Би ч гайхан ээжид хаалга онгойлгож өгөх гэж байтал гэрийн утас дугаран автал ээж “Ээж нь дахиад энд хоёр хоног байх болчихлоо” гэж хэлдэг юм даа.
@JadeLegume
Би бага байхдаа аавын талынхаа үеэл охинтой үнэхээр дотно байсан юм. Бараг л төрсөн эгч дүүс шиг харилцаатай байсан. Гэхдээ бид коллежид орох жилдээ өөр өөр сургуульд орсон, бас насанд хүрцгээчихсэн болохоор бүр бага байхдаа байдаг байсан шигээ байнга уулзаж цагийг өнгөрөөдөг байхаа больчихсон байсан. Тэгсэн ч хаяадаа утсаар ярьдаг байлаа.
Нэг шөнө би бие засахаар босон ариун цэврийн өрөө рүү орсон. Нойрмог байсан болохоор юун гэрэл асаах, хурдхан л бие засчхаад буцаж орондоо орохын хүслэн. Бие засаж болчхоод хальт толь руу хартал үеэл минь толин тусгалд харагдаж байсан. Тэгээд надад ямар их хайртайгаа бас үргэлж хайрлахаа хэлээд алга болчихсон. Тэрхэн үед яг юу болоод өнгөрснийг ойлгож чадалгүй хэсэг зогсож байгаад тухайн явдлыг зүгээр л зүүд байсан хэмээн өөртөө итгүүлэн ор луугаа шургаж ороход хачирхалтай нь үеэлийн маань үнэр хамарт сэнгэнээд өнгөрөх шиг бас хэн нэгний танил энерги намайг хүрээлээд ч байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Харин маргааш өглөө нь ээж надад түүнийг нас барсан гэдгийг дуулгаж билээ.
@feeling_psily
Бага байхад ахад маань хөгжим хийдэг компьютерын апп байдаг байсан. Би өөрийгөө том өрөөндөө ном уншаад сууж байснаа тод санаж байна. Гэнэт л миний амьдралдаа сонсож байсан хамгийн гайхалтай хийлийн ая тоглогдож эхэлсэн. Хийлийн аяыг тоглогдож дуустал нь сонсож байгаад ахад түүний энэ удаагийн зохиосон ая ямар гайхалтай болсон тухай хэлэхээр очтол тэр өрөөндөө байхгүй, компьютер нь унтраастай байсан. Тэр үед гэрт надаас өөр хүн байгаагүй гэдгийг ойлгоход надад тийм ч их хугацаа хэрэгтэй байгаагүй л дээ.
Эх сурвалж: Reddit
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!