HBO Max албан ёсны эрхтэйгээр Монголд нэвтэрлээ


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨЧИГДӨР

Warner Bros Discovery компани олон улсын стриминг үйлчилгээгээ өргөжүүлж HBO Max-ыг Ази, Номхон далайн бүсийн 14 оронд 10-р сарын 15-нд нэвтрүүлэхээр болжээ. Түүний дунд Монгол улс багтсанаар нэг хоногийн дараа дэлхий даяар 122.3 сая хэрэглэгчтэй HBO Max Монголд нэвтрэхээр болж байна.

HBO Max-ын шинэ тэлэлт нь  Бангладеш, Бруней, Камбож, Лаос, Макао, Монгол, Пакистан, Шри Ланка зэрэг орнуудад хүрэх бөгөөд энэ нь тус платформын олон улсын зах зээлд хүрээгээ тэлэх бодлогын томоохон хэсэг болох юм.

Warner Bros Discovery компанийн ерөнхий захирал Ж.Б. Перреттэ хэлэхдээ Энэ онд бид HBO Max-аа олон улсад илүү олон үзэгчдэд хамгийн чанартай үзвэрийг хүргэхийг зорьж байгаа. Энэ оны эцэс гэхэд HBO Max 100 гаруй зах зээлд нэвтрэн 2026 онд Герман, Итали, Их Британи зэрэг улсад ч томоохон нээлт хийхээр төлөвлөж байна” гэв.

Монгол улсад ийнхүү нэвтэрснээр “Superman”, “Sinners”, “Final Destination: Bloodlines” зэрэг кинонууд болон HBO-гийн гол цувралууд болох “House of the Dragon”, “The Last of Us”, “The Penguin”, “The Pitt” зэрэг кинонуудыг үзэх боломжтой.

Мөн “The Paper”, “MobLand” зэрэг шинэ бүтээлүүд, “Gold Rush”, “Deadliest Catch”, “90 Day Fiancé” зэрэг реалити шоу, “Euphoria” “Adventure Time”, “We Bare Bears”, “Tom and Jerry”, “Looney Tunes”, “The Wonderfully Weird World of Gumball” гэх мэт бүтээлүүдийг үзэх албан ёсны эрх нээгдэж байна.

Сүүлийн жилүүдэд манай улсын дотоодын стримингийн зах зээл дэх тоглогчид өссөөр, одоогийн байдлаар видео платформ 14-т, хөгжмийн платформ 3-т хүрээд байна. Видео стримингийн платформуудаас томоохон тоглогчид болох LookTV болон Ori-н хувьд Google Play дээрх нийт апп таталтын тоо тус бүр 1 саяыг давжээ.

Эх сурвалж: Variety

#HBO Max