Б.Цэцэн: Алдаа бүрээ амжилт мэт хайрлаж яваарай


С.Оюундарь | YOLO.MN
2025-10-10

10-р сарын 4, 5-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотод Азийн өсвөрийн клубийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд БНХАУ, БНСУ, Тайван, Вьетнам, Монгол зэрэг Азийн орнуудын 50 гаруй багийн 1000 орчим тамирчин ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн спортын ертөнцийн онцлох үйл явдлын нэг болов.

Тэгвэл энэхүү тэмцээнд Монголын баг тамирчид гайхалтай амжилт үзүүлэн, алтан медаль хүртэж улсынхаа нэрийг Азийн тавцанд гаргаад иржээ. Тэмцээний дараа бидэнд алтан медалийн эзэд болсон багийн нэгэн гишүүнтэй уулзаж, ялалтын мөч, тэмцээний уур амьсгалын талаар ярилцах боломж олдсон юм.

-Сайн байна уу.  Юуны түрүүнд уншигчдад өөрийгөө болон багаа танилцуулаач.
- Сайн байна уу намайг Б. Цэцэн гэдэг. Би 14 настай. "Modun Wolves" клубийн тамирчин. Багтаа ороод гурав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Манай клубт 8-18 насны хүүхдүүд хичээллэдэг.

Сагсан бөмбөгөөр хичээллээд хэр удаж байгаа вэ? Уг спорттой холбогдсон түүхээсээ хуваалцахгүй юу.
- Тавдугаар ангиасаа эхлээд хичээллэсэн, одоо дөрөв гаруй жил болж байна. Намайг тавдугаар ангид байхад ангийн маань хүүхэд надад сагсанбөмбөг гэх спортыг ямар гайхалтай зүйл болохыг ойлгуулж байсан. Ер нь бол сургуулийнхаа гадаах талбайд бусад хүүхдүүдтэй тоглож явсаар нэг л мэдэхэд энэ спортод эргэлт буцалтгүй орчихсон байсан.

Бас мэдээж хамгийн том нөлөө үзүүлсэн зүйл бол шийд рүү бөмбөг оруулсны дараах тэр мэдрэмж. Энэ мэдрэмжийг бол үгээр тайлбарлаж чадахгүй юм байна (инээв).

-Сая аравдугаар сарын 4,5-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Азийн өсвөрийн клубийн аварга шалгаруулах тэмцээнд маш том амжилтыг үзүүлж алтан медалийг өвөртлөөд ирлээ шүү дээ. Тэмцээний уур амьсгал ямар байв?
- Би өөрөө өрсөлдөөнд дуртай болохоор уур амьсгал маш гоё байсан. Тэмцээний зохион байгуулалт үнэхээр сайн байсан болохоор бид нарт зөвхөн тэмцээндээ анхаарах боломжийг бүрдүүлж өгсөн гэж бодож байна. Мөн  бусад багийн хүүхдүүдтэй ч яриа өрнүүлээд олон шинэ танилуудтай болсон. Ихэнх нь найрсаг, хөгжилтэй хүүхдүүд байсан.

-Чиний бодлоор ямар улсын баг хамгийн хүчирхэг өрсөлдөгч болж чадсан бэ?
- За байз бодъё. Үнэндээ тэр гээд сонгоод хэлэхэд хэцүү л юм. Бүх улсын багт өөрсдийн гэсэн онцлог шинж, давуу тал байсан болохоор. Гэхдээ яг сонгох хэрэгтэй гэвэл Хятадын баг хамгийн хүчтэй сэтгэгдэл үлдээж чадсан. Ихэнхдээ Хятадын багтай тоглосон болохоор ч тэр байж магадгүй. Хятад тамирчдын биеийн хөгжил бусад орнуудын багийн тамирчдаас хамаагүй илүү байсан. Харин ур чадварын хувьд бол манай баг дутаад байх зүйл байгаагүй.

-Тэмцээнээс үлдсэн хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцвал?
- Багийнхантайгаа хамт цагийг үнэхээр хөгжилтэй өрнүүлсэн. Бид нарын буусан буудал өрөө бүрдээ утастай. Тэр утсаар нь шөнөжингөө нэгэн рүүгээ залгаад л бараг унтаагүй. Гэхдээ тэгсэн ч бид нар ердөөсөө ядраагүй харин ч хөгжилтэй хөөртэй явсан болохоор үүнээсээ энерги аваад тоглолтоо амжилттай дуусгасан гэж бодож байгаа.

-Уг тэмцээнд оролцох гэж нэлээд их бэлтгэл хийсэн байх. Нууц биш бол дасгал сургуулилтынхаа талаар хуваалцаач.
- Бид нар долоо хоногт бэлтгэлээ тогтмол гурваас дөрвөн удаа цаг гучин минутын хугацаатайгаар хийж байсан. Яг ямар дасгал сургуулилт хийж байсныг бол хэлж болохгүй байх (инээв). Хүмүүс нэг өдөрт цаг гучин минутын бэлтгэл хийдэг гэхээр их гайхдаг л даа. Ингэж их ялдаг байж яасан бага цагаар хичээллэдэг юм бэ гээд. Гэхдээ хамгийн чухал зүйл нь чанар болохоос биш хэр их цаг хугацаа зарцуулахдаа биш л дээ.

-Хөөх би ч бас гайхчихлаа. Ингэж бодохоор танай багш бас их зөв тактиктай хүн байж таарах нь. Багшийнхаа талаар бидэнд танилцуулаач.
- Манай багшийг Д. Отгонбаатар гэдэг. Багш маань яг ямар үед юу хийх ёстой талаар маш сайн мэддэг. Багшдаа би үнэхээр талархаж явдаг. Хэн ч биш байсан намайг хэн нэгэн болгосон ачтай хүн. Ер нь миний олж авсан бүхий л шагналуудын ард багшийн маань гавьяа байгаа. Шавь нартайгаа харьцаж байгаа хандлага зэргээс нь л багшийг ямар хүн бэ гэдгийг харж болно. Түүнийг хүндлэхгүй байхын арга үгүй ээ.

-Анхны тэмцээнээрээ шууд Азийн хүрээний тэмцээнд ялалт байгуулна гэдэг боломжгүй шүү дээ. Өмнө нь оролцож байсан тэмцээнүүдээ товч дурдвал.
- Өө оролцож байсан бүх тэмцээнүүдээ тоочоод байвал дуусахгүй байх. Харин сэтгэлд хамгийн тод үлдэж, туршлага их хуримтлуулсан тэмцээн гэвэл Австрийн хүүхдийн олимпын “United World Games” мөн Монгол улсынхаа “Улсын аварга шалгаруулах” тэмцээний 12,13,14 насны ангилалд оролцож байсныг хэлэх юм байна. Манай баг улсын аварга шалгаруулахаас гурав дараалж алтан цомын эзэн болж байсан.

-Хөөх ямар мундаг юм бэ? Энэ их амжилтынх нь ард мэдээж гэр бүлийн нөлөө ч байдаг байх. Гэр бүл нь чамайг хэр дэмждэг вэ?
- Манай гэр бүл намайг маш их дэмждэг. Гэр бүл маань намайг дэмждэггүй байсан бол надад маш хэцүү байх байсан байх. Тэдэнтэйгээ би цаашдаа юу хийхээ ярилцаж хамт төлөвлөгөөгөө боловсруулдаг гэх үү дээ. Ямар ч тэмцээнд оролцсон ээж аав хоёр маань аль болох биеэрээ ирж дэмжихийг хичээдэг. Хэрвээ үнэхээр ажил гарсан бол тэмцээний шууд дамжуулалтыг үзээд орой нь надад урмын үг хэлж бас юун дээр илүү анхаарч юуг засаж сайжруулж болох тухай зөвлөгөө өгдөг.

-Мөрөөдөл чинь юу вэ?
- Дэлхийд байдаг бүх л улсад тоглож үзэх. Ялангуяа АНУ, Герман гэх мэт улсууд руу очиж тогломоор байна. Миний хамгийн анх гадаадад тоглож байсан тоглолт маань Австрид болж өрнөсөн. Тэр үед олон улсын багуудтай тоглоход дэлхийг ямар том юм бэ гэдгийг ухаарсан л даа. Улс болгон бүрийн хүүхдүүдийн биеийн онцлог, тоглодог техник зэрэг нь өөр байсан нь надад маш их таалагдсан. Учир нь үүнээс би юутай ч солимгүй тийм үнэтэй туршлага хуримтлуулж болно шүү дээ. Ялангуяа надаас илүү сайн, өндөр хүүхдүүдтэй тоглож өөрийнхөө чадварыг ахиулахыг их хүсдэг.

Ярилцлагын төгсгөлд нэмж хэлэх зүйл байна уу?
- Сая миний болон багийнхны маань гаргасан амжилтуудыг ярьсан. Гэхдээ нийт уншиж буй сагс сонирхдог, сагсан бөмбөгийн спортод хайртай ч тоглож эхлэхээсээ эмээж байгаа ч юм уу өөртөө итгэлгүй байгаа хүүхдүүдэд хандаж хэлэхэд битгий бууж өгөөрэй, өөрийнхөө мөрөөдөлд үнэнч байгаарай гэж хэлмээр байна. Би анх тоглож эхлээд л шууд ялаад медалийн эзэн болсон зүйл байхгүй. Дунд нь маш их алдсан, шантарсан. Унах бүртээ би өвдгөө гөвөн босоод цааш дахиж хичээдэг байсан. Одоо ч гэсэн хичээсээр л байгаа. Алдаа бүрээ амжилт мэт хайрлаж яваарай л гэж хэлье даа.

Instagram: @tsetsen2011

#Сагсанбөмбөг