Ли Чэ Мин "Bon Appétit, Your Majesty" киноны талаар ярив


Т.Онон | YOLO.MN
2025-10-10

Ли Чэ Мин 2025 оны хамгийн их анхаарал татсан шинээр гарч ирж буй жүжигчдийн нэг болоод байна.

“Lovely Runner”-ийн гол дүрээр алдаршсан Бён Ү-сок К-драмын ертөнцөд А-жагсаалтын жүжигчдээр дүүрсэн энэ үед цахилгаан мэт хурдтай нэрд гарсан нэгэн болсон. Өмнө нь В-жагсаалтын жүжигчинд тооцогддог байсан тэрээр одоо бараг нэг шөнийн дотор дотоодын амжилтаас дэлхийн түвшинд хүргэж чаддаг “гайхамшигт үзэгдэл”-ийн бэлгэ тэмдэг болжээ.

Энэхүү түүхэнд одоо “Bon Appétit, Your Majesty” буюу 2025 оны tvN-ийн хамгийн өндөр үнэлгээтэй хит драмаар Ли Чэ Мин орж ирэв. Тэрээр төгс төгөлдөрийг хүсдэг, үзэсгэлэнтэй боловч хатуу ширүүн хаан Ли Хоны дүрийг бүтээснээр үзэгчид түүнийг “дараагийн Бён Ү-сок” гэж нэрлэх болсон юм.

Драмд дээд зэрэглэлийн тогооч Жи Ён (Им Юна) өнгөрсөн үед очиж, Жусон үеийн төгс амт мэдрэмжтэй хаан Ли Хоны амтыг тааруулах ёстой болдог. Энэхүү зохиомж нь хамгийн их үзэгчтэй кино болж, Netflix-ийн биш Солонгос драма дэлхийн №1-д хүрсэн бүтээл болсон гэж FlixPatrol мэдээлжээ.

Харин энэ дүр Лид тун онцгой нөхцөлд иржээ.

“The Glory”, “Squid Game”-ийн жүжигчин Пак Сон Хун анх гол дүрд тоглох ёстой байсан ч, өнгөрсөн жил түүний сошиал хуудсанд насанд хүрэгчдэд зориулсан “Squid Game” пароди видео гарч шуугиан дэгдээсэн тул тэрээр хасагдсан. Ингээд зураг авалтаас10 хоногийн өмнө Ли Чэ Мин уг дүрд орж иржээ.

Тэрээр ярилцлагадаа:

“Бэлтгэх цаг бараг байгаагүй нь үнэн. Гэхдээ ийм чадварлаг найруулагч, ахмад уран бүтээлчидтэй ажиллах боломж ирсэн болохоор тэдэнд төвөг учруулах вий гэж их санаа зовсон. ‘Яагаад ийм боломж надад гэнэт ирэв?’ гэж хүртэл бодож байсан. Гэхдээ тэд намайг эерэгээр харсан болохоор би энэ төслийн төлөө бүхнээ зориулахаар шийдсэн,” хэмээжээ.

2021 онд уран бүтээлчийн гараагаа эхэлсэн тэрээр өөрөөсөө 10 насаар эгч K-pop од Им Юнагийн хамт ажиллахад эхэндээ нэлээн түгшүүртэй байсан гэв.

“Эхэндээ маш их айж, итгэлгүй байсан. Тэр үед Юна надад урам өгсөн. Тэр ‘Чи маш сайн байна, яг Ли Хон шиг’ гэж хэлсэн нь надад маш их хүч өгсөн. Түүнтэй ажиллахад үнэхээр сайхан байсан,” гэж тэр дурсан хэлжээ.

“Бидний насны зөрүүг би хэзээ ч бодоогүй. Дүрдээ бүрэн орсон байсан. Юна надад маш их зүйл заасан” гэжээ.

“Дараагийн Бён Ү-сок” гэж нэрлэгдэх нь түүний хувьд нэг талаар нэр төрийн хэрэг ч нөгөө талаар дарамт аж.

“Энэ бол нэр төрийн хэрэг, гэхдээ их дарамт мэдрэгдэж байна. Дараагийн уран бүтээлдээ илүү сайн жүжиглэлт үзүүлэх ёстой гэж бодож байна,” гэж Ли хэлжээ.

Тэрээр нэр алдрын хурдацтай өсөлтийн дунд өөрийн “би”-гээ алдахыг хүсэхгүй байна гэжээ.

“Өөрийгөө алдахыг хүсэхгүй байна. Амьдралд олон зүйл тохиолддог, хүн өөрчлөгддөг ч би доторх жинхэнэ ‘би’-гээ хадгалахыг хүсдэг. Ирээдүйд олон зүйл болох байх, яг одоо л өөрийгөө хамгаалах хэрэгтэй гэж бодож байна,” хэмээн тэр ярьжээ.

#Ли Чэ Мин #Bon Appétit, Your Majesty