“Юулт вэ” гэж юу гэсэн үг вэ, залуус аа?


Г.Тэгшсүрэн | YOLO.MN
2025-10-06

Аливаа үндэстний оршин тогтнох хамгийн гол хүчин зүйл бол хэл. Тиймээс ч хүн нийгмийн харилцааны ямар ч орчинд эх хэлээрээ зөв ярьдаг, уншдаг, бичдэг байх чадвар чухал. Хэлний дархлааг тогтвортой хадгалдаг чухал хүчин зүйл бол бичгийн болон ярианы хэл юм.

Сүүлийн үед залуусын дунд “Юулт” гэдэг үг дэлгэрэх болов. “Энэ юулт вэ?”, “Энэ киноны найруулга яг юулт вэ”, “Бид хоёр одоо юулт вэ”, “Энэ зураг яг юулт вэ”, “Хөгжмийн дуугаралт нь бүр юулт вэ” гэх мэтчилэн бичиж, ярих тохиолдол түгээмэл болжээ.

Монгол улс кирилл үсгийг 1946 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс одоо хүртэл хэрэглэж буй. Бид кирилл үсгийг үндсэндээ 70 гаруй жил хэрэглэж байна. Академич Ц.Дамдинсүрэн, Б.Осор нар 18,000 толгой үгтэй журамласан толийг 1983 онд нийтийн хүртээл болгосон.

Хэлний бодлогын зөвлөлөөс 2016 онд энэхүү толийг бүх нийтээр мөрдөх тухай тогтоол гаргасан юм. Уг тогтоолын дагуу тус зөвлөлийн Ажлын алба, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн нийт 28 эрдэмтэн, судлаачаас бүрдсэн ажлын хэсэг энэ толь бичгийг шинэчлэн боловсруулсан билээ. Энэ хувилбарыг бид өнөөдөр ашиглаж байна.

Энэхүү монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толиос “Юулт” гэдэг үгийг хайвал “Таны хайсан үг олдсонгүй. Хайх үгээ зөв бичсэн эсэхийг нягтлан дахин оролдоно уу” гэх тайлбарыг харуулж байна. Мөн “Монгол хэлний их тайлбар толь”-ноос ч “юулт” гэдэг үгээр илэрц олдсонгүй. Харин хайгаад олдоогүй үгтэй ойролцоо эдгээр үгийг харуулж байна.

Өөрөөр хэлбэл, өдгөө бидний хүчин төгөлдөр мөрдөн, хэрэглэж буй зөв бичгийн дүрэмд “юулт” гэдэг үг алга. Монгол хэлний үгсийн санд ийм үг байхгүй гэж ойлгож болно. Тэгвэл “юулт” гэдэг үг чухам хаанаас гарч ирж, залуусын үг, ярианаас түгээмэл сонстох болов?

Зохиолч Б.Ариунтуяа 2015 онд “Егөөтэй 99 тайлбар” ном хэвлэжээ. Энэ номоос “Амьсгал боосон “-лт” хэмээх хаалт” нэртэй бичвэрийг иш татан Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөлийн цахим сайтад зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгөөр нийтэлжээ (Эх сурвалж: https://nairuulga.mn/content/8).

Үүнд “Орос хэлний нэршүүлэх арга, ялангуяа англи хэлний “-ing, the” бүрийг ЛТ ээр орлуулснаас болж аясаараа урсах авиаг гацаасан “хүргэлт үнэгүй, сонголт хийх, шахалт үзүүлэх, хананы хагаралт үүсэх, өвдөлт өгөх” гэдэг үгс үүсээд байна” гэж онцолсон байна.

Англи хэлний "-ing" нь үйл үгийн үргэлжлэх хэлбэр (present participle). Жишээ нь, reading, writing, swimming зэрэг үгийг монгол хэлнээ “уншиж байна, бичиж байна, сэлж байна” гэж орчуулна. Заримдаа “-ing” дагавар нь үйл явц (уншиж байгаа), эсвэл үйлдэл нэрлэх (унших үйл) утга илэрхийлэх тул “уншилт, бичилт, сэлэлт” гэх үргэлжилсэн нэр үг болж орчуулсан байх боломжтой.

Англи хэлний энэ хэв маягаар “Юу вэ” гэх утгатай үгийг “Юулт вэ” гэх байдлаар ашигладаг болсон байх магадлалтай юм. Олон шалтгаан байж болно, энэ бол зөвхөн нэг үндэслэл. Ямартай ч “Юулт” гэж ер хаана ч байхгүй үгс түгээмэл ашиглах болсон нь асуудал юм.

МОНГОЛ ХЭЛИЙГ ЭРЛИЙЗЖҮҮЛЖ "ХҮН ЦЭЭЖТЭЙ, МОРЬ ТОЛГОЙ"-ТОЙ БОЛГОЖ БАЙГАА НЬ БУРУУ

ШУА-ийн Хэл, Зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч Н.Мөнхцэцэг “Манай монголчууд гадаад үгийг хэтэрхий замбараагүй хэрэглэж байна. Шалтгаан нь тогтсон стандарт, дүрэм байхгүй. Хоёрдугаарт, монгол хэлээ үнэгүйдүүлэх, дорд үзэх хандлагатай байна.

Ялангуяа залуусын дунд чамирхал их. Гадаадаар хэлчихвэл илүү гоё, орчин үелэг мэт хандлагаас болоод гадаад үгийн хэрэглээ асар их нэмэгдэж байгаа. Орчуулж болох үгийг албаар чамирхаж хэрэглэнэ гэдэг эх хэлний дархлаанд сөргөөр нөлөөлөх талтай.

“Юулт” гэх мэтчилэн монгол хэлийг эрлийзжүүлж, амьтнаар төсөөлбөл хүн цээжтэй, морь толгойтой мэт болгож байгаа нь буруу асуудал. Энэ бүх асуудлыг шийдвэрлэх нь хэлний хэдэн байгууллага, хэл шинжлэлийн мэргэжилтнүүдийн ажил биш. Энэ бол Монголын иргэн бүрийн хүлээх хариуцлага гэж бодож байна. Монгол хэлээ шинжлэх ухааны, төгс хэл байлгахад хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Би хувьдаа залууст хандаж хоосон чамирхал онцгүй, дэмий зүйл. Тиймээс англиар ярьж байгаа бол англи үг, монголоор ярьж байгаа бол монгол үгийг л хэрэглэж байгаарай гэж зөвлөе.

Ер нь нийтлэг хоёр хандлага бий. Нэг нь, гадаад үгийг заавал орчуулах ёстой. Нөгөө нь гадаад үгийг орчуулалгүй хэрэглэх зайлшгүй шаардлага үүсдэг гэдэг. Хамгийн түрүүнд орчуулах боломжийг эрэлхийлэх, монгол хэлнийхээ үгсийн санг уудлах ёстой. Бүр боломжгүй, олон улсын шинжтэй, үндэсний онцлог үг, монгол хэлэнд дүйцэлгүй, олон үгээр буух тохиолдолд кириллээр хөрвүүлж авахаас өөр арга байхгүй” гэв.

“Юулт” гэдэг үгийг ямар тохиолдол түлхүү ашиглаж байна вэ гэхээр эргэлзэж, тээнэгэлзэх, гайхах зэрэг мэдрэмж илэрхийлэхдээ, мөн аливааг шүүмжлэхдээ хэрэглэж байна. Гэвч “Юулт” гэдэг үгийг заавал ашиглахгүй байх боломжтой. Жишээ нь, тээнэгэлзэхдээ “Юу л даа”, эргэлзэхдээ “Юу гэсэн үг вэ?”, гайхахдаа “Юу болоод байна вэ?, шүүмжлэхдээ “Юу ч гэх вэ дээ” гэх зэргээр бичиж, ярьж болно.

Ярихдаа, бичихдээ ч “лт” дагавраас аль болох татгалзахыг хэл шинжээчид зөвлөдөг. Таны алдаатай яриа, бичгийг уншсан, сонссон дөнгөж л зөв бичгийн дүрмээ ойлгож ядаж буй бага ангийн хүүхэд "Ингэж болдог юм байна" гээд сурчихвал энэ жинхэнээсээ эх хэлний дархлаа сулрах үндэс болох вий.

#эх хэл #юулт вэ